Àíäàà äóðñàõóé

Нэгэнт өнгөрсөн андаа дурсахад
Хүрэл зүрх ч хайлна... хэмээсэн эртний монголын гайхамшигт нэгэн шүлгийн мөр байдаг даа. Үнэхээр одогсдыг дурсахад амьд ахуй цагийн нь гэгээн дурсамжууд тодорч, элэг зүрх эмтэрэх бөлгөө.
Түүнийг Бадамцэрэнгийн Эрдэнэбулган гэдэг байлаа. Оюутан ахуй насандаа нөхөрлөж асан уяхан сэтгэл, цайлган зангаараа өөрийгөө чимсэн уран бүтээлч найз нарын минь нэг. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Бэрх тосгонд төрж өссөн сэтгүүлч- яруу найрагч залуу байв. Сэтгүүлчийн гараагаа тэрбээр "Ил товчоо" сониноос эхэлж, "Улаанбаатар", "Өнөөдөр", "Ган зам" сонинд ажиллаж, туурвиж явсан юм. Энэ л үедээ уран бүтээлч олон нөхрийнхөө анхны шүлгийг дээрх сонинуудын хуудаснаа эх барин авч, эздийг нь баярлуулсан даа. Утга зохиолын төлөө зүрх сэтгэлээ зориулсан, уншиж туурвихын амтанд шимтсэн ийм л сайхан анд минь байсан юмсан.
1990-ээд оны сүүлээр яруу найрагч В.Нэргүй бид гурав Хайлаастын нэгэн цагаан байшинд он дамжин амьдарч, жаргал зовлонгоо хуваалцаж, шүлэг зохиолоо бие биедээ уншин, санаа оноогоо ярилцаж явав. Хайлаастын тэр цагаан байшин зөвхөн бид гурвын төдийгүй зохиолч Н.Бадамжав, яруу найрагч Б.Занданхүү, Г.Сонинбаяр гэх мэт бидний олон нөхрийн утга зохиолоор "өвчилдөг" өргөө байжээ.
Одоо харин Б.Эрдэнэбулган маань биднийхээ дунд байхгүй. Яг л агуу их М.Лермонтов, П.Шандор, И.Такубоку шиг 27-хон настай мөнхийн залуугаараа сэтгэл зүрхэнд л үлджээ. Тэрбээр олон сайхан уянгын шүлэг, үргэлжилсэн үгийн "Дээвэр уул" зохиолоо бидэнд үлдээгээд одсон юм. Мөн андын маань дотоод сэтгэлийн гуниг, гэгээн хайрын түүх гээд нууцлаг, нандин бүхэн нь бидний зүрх сэтгэлд үлджээ.
Түүний шүлгүүдийг аав, ээж, ах, эгч, дүү, найз нөхөд нь 2007 онд эмхэтгэн "Оршихуй" нэртэй ном болгон гаргасан юм. Энэхүү номын шүлгүүдээс толилуулж байна.
***
Цаад уулын модонд чоно улих сонсогдоно
Цахилж яваа гөрөөс аян саатаагүй байгаа
Цагийн зэрэглээн дундаас ижий минь даллаж үзэгдэнэ
Цацлын хувинтай сүүнд нь од харвачихаагүй байгаа
Жаран жарныг уусгах цаг хугацааны мананг зүсэн
Жагарын орны гөрөөс цахилж явдаг юм гэнэ лээ
Өглөө эртийн нарнаар цацлаа өргөх ижийг минь
Өндөр өвсөн цаанаас сэмээрхэн хардаг юм гэнэ лээ
Өр нимгэн ижийг минь үхлээс хаацайлах гэхдээ л
Өтгөн мананд нуугдан мөнхийн харуулд зогсдог юм гэнэ лээ
Өглөө өглөөний нарнаас урьтаж ирэх гэхдээ л
Өнө холын аяндаа зүдэрч явдаг юм гэнэ лээ
Мөнгөн сарны доорхи зуун зууныг өртөөлсөн
Мөнхийн тэр аян нэг л удаа саатдаг юм гэнэ лээ
Жагарын орны гөрөөс аян хэрвээ саатвал
Жаахан буурал ижий нар тэнгэрийн жимээр алсардаг юм гэнэ лээ
Зулын гэрэл сүүмэлзсэн зууны нугалаасанд бүдрэхдээ
Зулай нимгэн орчлонгийн мананд төөрсөн гөрөөс
Дүрлэгэр алаг нүдэндээ дэлхий дайвалзсан нулимстай
Дөрвөн цагийн мөнхөд уйлж л явдаг юм гэнэ лээ
Цаад уулын модонд чоно улих сонсогдоно
Цахилж яваа гөрөөс аян саатаагүй байгаа…
***
Энэ төөрдөг байшингийн гарах хаалга нь хаана байдгийг
Эгэлхэн, гунигийн дуу шиг навчис минь хэлээд өгөөч
Удахгүй та нар ч гэсэн өнгөө хувилаад ертөнцийг огоорно
Уйт намрын бороо зүрхэнд минь шивэрнэ
Хосгүй энэ төөрдөг байшингийн орох хаалгыг би
Хорин жилийн өмнө анх татсан юм
Зовлонгоор нэрсэн дарснаас хүртэж, зовлонгоо нимгэлсээр
Зоргоор тэнэлээ, төөрлөө, харин яг одоо л гармаар байна
Ай навчис минь хийсэж унахаасаа өмнө
Асуултын минь хариуг наддаа шивнээч
Эгэлхэн гунигийн дуу шиг заяа нэгт андууд минь
Энэ төөрдөг байшингаас гарахад минь газарчин болооч…
***
ЧАМДАА БИ ХАЙРТАЙ
Голт зүрхний минь гүнд бүх ертөнцийн гунигийг
Гоёлын зүүлт шиг шигтгэсэн хосгүй хайрын шаналан
Борог шөнийн зүүдийг гэгээн төрхөөрөө аргамжсан
Борооны дараахь солонго-Чамдаа би хайртай
Зэллэх шувуудын нулимсыг дэлбээ юундаа тольдсон
Зэрлэг сарнай цэцэг-Чамдаа би хайртай
Мөнх бусын орчлонд зөвхөн миний төлөө
Мөчрөөсөө унах навч-Чамдаа би хайртай
Улирах цагийн тоосыг үрийнхээ өмнөөс хүртэх
Утаат галын бурхан-Чамдаа би хайртай
Амьдралын зөрөг гэрэлтүүлж асаад өнгөрөх тавилан
Аргалын цэнхэр утаа-Чамдаа би хайртай
Дундуур заяа дүүргэж орчлонгийн өрхийг татах
Дурлалын охин тэнгэр-Чамдаа би хайртай
Өнчин саранд ханьсан мянган жил дуурьсах
Үүрдийн цолмон бадаг-Чамдаа би хайртай
Есөн сарын өвс нулимст уйгаар бөхөлзөх шиг
Ертөнцийн бүх гуниг сэтгэл дундуур лугшнам
Нуурын цахлай адил өнчин зүрхэнд эргэсэн
Уулын охин чамдаа гуниг шигээ хайртай
***
Би нүглийн золиос
Би нүүдлийн шувуу
/Өврийн дэвтрээс/
Амьдрал шиг нулимс уу? Нулимс шиг амьдрал уу?
Аль нь ч байсан ялгаагүй, гашуухан цаг хугацаа улирсаар л байна
Намар шиг дурлал уу? Дурлал шиг намар уу?
Надад юуны хамаатай, гэвч навчис унахад зүрх ёолно
Шаргалхан навчис-ертөнцийн зүрх шиг гүний алс
Шаналсан сэтгэл юуны учир хэнийг үгүйлнэ
Ганцхан хундага, алив дахиад нэгийг, гунигаа сөгнөе
Гансарсан найрагч оддыг л таалнам биш үү
Орчих цагийн зүү ертөнцийн шуурганд төөрчээ
Арчих хэрэг байна уу?
Ер бусын ад бишийн хүсэл гал шиг төөнөнө
Ширэнгэ ойн гүнд буга үхсэн байхыг хэн ч мэдэхгүй, мэдэхийг хүсэхгүй
Шингэх нарны туяа шиг цус нь өрөөл бусдад /цэцгэнд ч адил/ амьдрал тэтгэнэ
Санамсаргүй, янзага шиг охидын аньсага чийглэчихээд
Анзааралгүй өнгөрсөн бол нүглийн золиосыг бүү уйчил
Нулимс шиг амьдрал уу? амьдрал шиг нулимс уу?
Нүүдлийн шувуу буцахад аль нь ч ялгаагүй гашуухан…
***
Уулын охин
Хас цагаан туяа сарны чулуун дээр асгарах шиг
Хачин намуухан үдшээр мөнхийн болзоонд ирдэг
Эрвээхэйн даль шиг аньсаганд алгадуулж
Эрх чөлөөгөө би хулгайд алдчихсан
Эрх чөлөө сэтгэл зүрхийг минь
Эгнэгт хамтад нь хулгайлчихсан
Тэнгэрийн одонд ойрхон төрсөн
Тэр охин уулын аманд суудаг
Үдэш болохыг би тэсч ядан хүлээдэг
Үлгэрийн гоо охин зүүдэнд минь ирдэг
Сэрүүн өглөөний мананд чив чимээгүй уусаад
Сэмхэн явчихаар нь ертөнц уйтгарладаг
Зуун жилийн чинад хамтдаа орших
Зургийн тавилан байдаг сан билүү?
Мөн ч алсын гуниг сэтгэлд хургаад байна
Мөнхийн залуу нас гэж байдаг сан билүү?
Тасарч унах навчсын зовлонг ойлгодог
Талын уулс шиг уужим сэтгэлтэй
Тэнгэрийн одонд ойрхон төрсөн
Тэр охин уулын аманд суудаг
***
Уруулын чинь өнгийг навчис хулгайлж
Уулын аманд намар иржээ, хонгор минь
Дурсгалын алтан бөгжин дээр орчлонгийн дуу царгиж
Дурлалын мөнгөн зөрөг дээр тэнгэрийн сүү цайрчээ
Хаанаас ч юм бэ нисч ирсэн гунигийн шувуухай
Хатан сэтгэлийн чинь гүнд үүрээ засчихжээ
Бугын жим дээр навчис дэвссэн энэ л үдшээр
Буцах шувуудын нулимс сарны мэлмийд цантжээ
Үйлийн үргүй хүслийн жаахан алдрай минь
Уй гунигаа чи, дэлхийн бороогоор угаачих
Үүлсийн хормой дэрвүүлэн алсрах намрын шувууд
Уулсын орой өндөлзүүлсээр эсэргэн хавар ирнээ
Уулын аманд намар цаг айлсаж
Уруулийн чинь өнгийг навчис хулгайлжээ
Өө, тэглээ гээд, битгий гунигла даа хонгор минь
Өнө холын ирээдүй биднийг дуудаж байна
***
Богдын хүрээ бороотойхон байна
Болороогийн нүд нулимстайхан байна
Болжморын далавч норсон байна
Бодол минь хүртэл нойтон байна
Нэг л мэдэхэд хяруу дэрлээд
Мөчрөөсөө навч унасан байна
Нэрээр чинь бичдэг шүлгэнд хүртэл
Мөнхийн гуниг хургасан байна
Дэргэж хатирсан он жилүүд
Эргэж ирэхгүй хулжсан байна
Дэндүү цэлмэг сэтгэл нөмөрлөн
Эрин цагийн үүлс нүүж байна
Энэхэн орчлонд сэтгэлд мэлмэрч
Эрххэн зүрх чийгтсэн байна
Энхэрхэн бүсгүйн мэлмий шиг
Эрхиний бөөр хөлөрсөн байна
Богдын хүрээ бороотойхон байна
Болороогийн нүд нулимстайхан
Болжморийн далавч норсон байна
Бодол минь хүртэл нойтон байна

/"МОНЦАМЭ мэдээ" сонины 2009.09.11-ны дугаарт нийтлэгдэв/


Сэтгэгдэлүүд:
манай дээд үеийнхнээс л хэн нэгэн нь тэнд сийлсэн бх. биднийг ирэхэд л бсн даа. гунигтай, уянгатай сайхан шүлэг
Zandanhuu gej egch umnutguliig ni bichsen bailuu daa.
Эгэлхэн, гунигийн дуу шиг навчис минь хэлээд өгөөч
Удахгүй та нар ч гэсэн өнгөө хувилаад ертөнцийг огоорно
Уйт намрын бороо зүрхэнд минь шивэрнэ
Хосгүй энэ төөрдөг байшингийн орох хаалгыг би
Хорин жилийн өмнө анх татсан юм
Зовлонгоор нэрсэн дарснаас хүртэж, зовлонгоо нимгэлсээр
Зоргоор тэнэлээ, төөрлөө, харин яг одоо л гармаар байна
Ай навчис минь хийсэж унахаасаа өмнө
Асуултын минь хариуг наддаа шивнээч
Эгэлхэн гунигийн дуу шиг заяа нэгт андууд минь
Энэ төөрдөг байшингаас гарахад минь газарчин болооч…
энэ шvлгийг шvтчихье!!!!!
Аль нь ч байсан ялгаагүй, гашуухан цаг нугацаа улирсаар л байна
Намар шиг дурлал уу? Дурлал шиг намар уу?
Надад юуны хамаатай, гэвч навчис унахад зүрх ёолно
Шаргалхан навчис-ертөнцийн зүрх шиг хүний алс
Шаналсан сэтгэл юуны учир хэнийг үгүйлнэ
Ганцхан хундага, алив дахиад нэгийг, гунигаа сөгнөе
Гансарсан найрагч оддыг л таалгам биш үү
бас энэ мөрvvдийг шvтчихье!!!!
unshimaar l bna...
neeree Sum Uul-aa ihenh bichlegiin font n tanigdahgui bna.yanzlaach hu.
Энэ төөрдөг байшингаас гарах хаалга нь хаана байдгийг
Эгэлхэн, гунигийн дуу шиг навчис минь хэлээд өгөөч
Удахгvй та нар ч гэсэн өнгөө хувилаад ертөнцийг огоорно
Уйт намрын бороо зvрхэнд минь шивэрнэ
Хосгvй энэ төөрдөг байшингийн орох хаалгыг би
Хорин жилийн өмнө анх татсан юм
Зовлонгоор нэрсэн дарснаас хvртэж, зовлонгоо нимгэлсээр
Зоргоор тэнэлээ, төөрлөө, харин яг одоо л гармаар байна
Ай навчис минь хийсэж унахаасаа өмнө
Асуултын минь хариуг наддаа шивнээч
Эгэлхэн гунигийн дуу шиг заяа нэгт андууд минь
Энэ төөрдөг байшингаас гарахад минь газарчин болооч ...
Амар амгалангийн улирал цэлмэх болно... /Боогий найзаасаа ном аваарай. Нэлээд хэд үлдсэн шүү/
Сэтгэгдэл үлдээх: