Мягмарсүрэнгийн Хангал
1987 онд Орхон аймгийн Жаргалант суманд Хангалын голын хөвөөнөө төрсөн. Бага наснаас шүлэг бичсэн бөгөөд яруу найрагч Д.Мандахсангийн удирддаг "Уран-Өд" дугуйлангийн гишүүн. МЗЭ-ийн 80 жилийн ойн хүрээнд зарласан анхны номын уралдаанд “Бороо орохын өмнөх өдөр” шүлгийн түүвэр нь шалгаран хэвлэгдсэн юм. Өдгөө өдөр тутмын "Үнэн" сонинд ажиллаж байна.
Он удсаны дараа өнөөдрийг дурсахаар…
Уснаа мартагдсан эзэнгүй хялгас
Он удсаны дараа хялгасан хорхой болно
Урагдаж гээгдсэн өнө эртний үнэрээс чинь
Уйлах мэдрэмжийг өмчлөхөөс эмээнэ
Ув улаан зүрхтэйгээ ирсээн, би
Уурших үедээ эргээр чинь алхмаар санагдана.
Уснаа үлдээх уйтгарт санаашрал
Он удсаны дараа үлгэр болох ерөөлтэй
Нуурын гүнд бясалгасаар… өнөө чимээгүй,
Бодлын аниргүйд салхи унтчихвий дээ…
Бороо далимдуулж битгий уйл бүсгүй
Сар чамд уусан шингэнэ, нар харцнаас чинь ойно
Халуун зүрх, хүйтэн инээд нэгэн биед цогцолсонд
Оршихуй тэрсэлдэх тусмаа батжихыг ойлгоно.
Бүхэллэг, дусаллаг усны мөн чанарт
Бүлээн биеэ хувилгахыг гэрээслэж,
Орхигдсон санаашрал дунд чинь өөрийн зайг тэмдэглээд
Он удсаны дараа өнөөдрийг дурсахаар ирэхсэн.
***
Яван явсаар улаан
Гаран гарсаар улаан
Уйтгартай уур хүргэм улаан.
Амьдарсаар улаан
Амьдралаас явсаар улаан
Дурсамж улаан
Дулаан амьдардаг аа, би
***
Хайртай
Хавраас хаварт
Харцнаас үзэн ядалтад
Хамгийн сүүлчийн зүүдээ хүртэл
Хайртай
...
***
Эрх чөлөөг үзэн ядахуй
Алгаа хацартаа наагаад цурхиртал уйлмаар
Адгасан мэдрэмж дахиад л төрлөө
Хараад л баймаар, харагдаад л суумаар
Хайрлаад л дуусмаар…
Бусдын мөрөөдлийг гудамжнаас олбол
Чиний амьдралаас асуух юм даанч их байна
Нүдээ аниад л хүүхэд насаа мэдрэхсэн…
Уртаар амьсгалмаар, шар үсээ салхинд хийсгэмээр санагдана
Газар доороос ч дуулдах ганцаардлын дуугаа аяласаар
Гавъяа шагналаар зүрхээ будагсадтай цуг
Гал голомтод чинь багтах хүсэлгүй би
Нүдэнд үзэгдэхгүй ногоон ургамалтай өрөөндөө
Нүдээ анилгүй зүүдэлж сурахыг л хичээнэ
Анхных шигээ инээмсэглэлээрээ догдлуулбал чинь
Алхан одно оо, өөрөөсөө…
Алгаа хацартаа наагаад л амьдралаас
“Хүн” байхаа болих эрх чөлөөг олно оо.
***
Буй биеэрээ…
Буй биеэрээ шорон болжээ…
Харцнаас цөллөг үзэгдэж
Арьснаас цөхрөл хан хийнэ.
Хуруунаас минь хувь тавилан алдуурахад
Хавирганыхаа завсраар амиа тэмтрэхэд хүрнэ.
Хүүхэд насаа нуугдаж харахаас аргагүй
Хуурамч болсоон би…
Үл ялиг улаан туяатай зүрхнийхээ
Өчүүхэн буланд мөрөөдлөө нуусан сан.
Буй биеийн минь эхний өрөөнд харааны шилтэй бүсгүй
Хамгаас тааламжтай санаа алддаг
Удаахь өрөөнд цээл хоолойтой эмэгтэй
Уйлаад л суудаг…
Нөгөө өрөөнд өөртөө итгэлтэй хоёр дагина
Надад хүлээн зөвшөөрүүлэх үлгэрүүдээ хэлдэг
Зүүдэнд ч сонсдох тэдний тачаалаас
Бурхан болох замыг олно.
Буй биеийнхээ гинжийг тайлбал харин
Буцаж ирэх замгүй болохоо мэднэ.
***
Минийх
Нэг л өглөө нар өөрөөр мандаж
Миний сэтгэлийг сэрээнэ
Нэг л үдэш сарнаас өөр нөхөргүй болж
Миний тархины ургамлууд ширэлдэнэ
Нэг л удаа санаа алдаад би
Ганцаардлын сахилаа үүрд гээнэ
Нэг л юм дутуу санагдвал би
Тэнгэрт далавчны ором үлдээгээд нисэн одно оо
Нэг л мэдэхэд гэсгээлийн өрөөний үүдийг нээж
Хөвөлзсөн хавар ирнэ
Нэг л мэдэхэд шоргоолж гүйж, цонхны чинь өмнө цэцэг дэлгэрнэ
Нүдний манан арилгаж улаан даашинзтай бүжих мэт
Дулаан бороо зүсэрнэ
Нууцат мэнгийг үнссэн анхилам шөнүүд анхных шиг үргэлжилнэ
Тархин дотор минь өвс ургаж, шувууд өндөглөлөө ч
Тамхины утаа мэт өөрийн сүүдэр замхарлаа ч
Ертөнцийн хязгаараас хашхирах сүүлчийн нэр л
Мөрөөдөл, дурсамж, минийх…
***
Бурхан
Мөнхийн асуултыг чинь олохоор
Мөрөөдлөө хүүдийлж одлоо
Ертөнцийн аглагт хана ширтсээр зүрхээ зогсоох цагт
Ерөөс харцанд минь инээмсэглэл тодорч
Цас будрана.
Санаа алдахаар дурсамжаа уудлах аяст
Сарны гэрэлд тохиосон бүхэн хийсэн оджээ
Зүүднээсээ хагацаж ядахдаа л жамыг дагаж
Ижийдээ захиа бичнэ
Ирэх хавар цэцэг дэлгэрэх тухай хүүрнэнэ
Тариа тарьж, талх иднэ
Тахиа тэжээж, өндөг шарна
Амьдралын өнгө шаргалтахыг ч анзааралгүй намаржина
Гол усны чимээнд зөөлрөн сууна
Шувуу өт зуун нисэхийг үзнэ
Өвс найгахад уярна
Өрөөндөө мөнхрөхөөр явлаа би
Өлмийд минь цэнхэр чулуу торсоныг
Хүүдээ өгөхөөр хадгална
Мөнхийн асуултын нэгэн хэсэг гэж тайлбарлана...
***
Гадаа ямар байгааг мэдэж байна уу
Бороо ороод л...
Яаж ийм дулаахан, зөөлөн, дотнохон шивэрдэг юм бол оо
Танай цонхыг бас л бүлээхэн алгаараа арчиж байгаа даа
Яг одоо л уулзвал...
Яг одоо л чамайг анхных шигээ үнсвэл...
Үсний чинь үзүүрээс хуучин бороо дусвал...
***
Санаад л байна.
Өглөөгүүр халуун байхад
Өдөр гурван цагт бороо ороход
Үдэш шар айраг шимэхдээ
Үнэндээ бүх мөчид санаад л байна.
Үүрээр
Үд дундад
Үдшийн бүрийд
Үнсэлцсэн шөнүүдэд
Одоо ч бас...
***
“Хуучин болзоо”
Үнэрлээд л
Үнсэлцээд л
Хүрэлцээд л
Хөтлөлцөөд л
Инээмсэглээд л
Тэврэлдээд л
Ширтэлцээд л
Шивнэлдээд л
Туниад л
Салаагүй байж уулзахын тухай ярилцаад л
***
Тогтоол уснаа бидрэх хэлбэр...
Гөлрөн суух агшнаа
Чулуу шидэж тоглодог байснаа гайхан бодно.
Өөрчлөлт бүхэн нээлт болдоггүй байжээ.
Тогтоол усны нам гүм
Бидрэх хэлбэрийн үзэсгэлэн
Байгаль зүүрмэглэхийг бахдах
Түрүүхэн ирэхдээ ийм бодолтой байсансан бол...
Мөчир найгахыг энхрийлэгч
Салхины мөрөнд зүүрмэглэгч
Санаа алдахдаа орчлонд ирэгч...
Адган хүссээр дотоодоо чагная гэж
Амьдралыг томъёолохоор
Өвсний гарыг үнсэхдээ
Гурван шоргоолж гишгэсэн байна.
***
Тэнгэрээс унасан нар
Тэндээ хононо гэнэ ээ
Тийм болоод л…
***
Хөхөө минь би хэд дурлах вэ?
Гүүг, гүүг
Нэг, хоёр
Гүүг, гүүг
16,17
Гүүг, гүүг
...
Хөхөө минь би хэзээ үхэх вэ?
...
***
Оддыг тоолох хүсэл төрөөд өө
Оройжин тэнгэр ширтэж хэвтэв
Эхний од гарахад баярлаж
Удаахийг нь тэвчээртэй тэмдэглэв
...
Оддыг тоолох хүсэл төрөөд өө
Бүдэг нь тодорч, тод нь замхрах
Хуучин нь мартагдаж, дахин шимтэх
Хэрвээ үүнийг дөнгөчихвөл өвс тоолж болох юм байна.
...
Оддыг тоолох хүсэл төрөөд өө
Олон ааштай чиний ертөнцөд яагаад
Одод ийм хурц гэрэлтэнэ?
Үс, намайг татагч увидаст үнэр
Хүйтэн шөнөд уусан замхрах чинь
Хүслийн минь зоргоор...
Тэнгэрийн эрхэс та хоёр тийм болоод л…
Оддыг тоолох хүсэл төрөөд өө…
***
Хааяагүй хуцах нохойн дуутай
Харанхуй шөнө...
Хааяахан дуслах бороонд
Шалба норохыг хүсэн алхахдаа л
Хатаж үхэх тавилантайгаа ойлголоо
***
Хацар дээр
Уруул дээр
Нүд, мөр
Хацар, нүд, үс, хуруу, мөрөн дээр
Хаврын бороо...
Хатаж, аглагшжээ
***
Өвс найгахыг ажин өдөржин алхлаа
Үснийхээ хийсэхийг харсангүй... би
Шувуудын жиргээг шөнөжин сонслоо
Наргүй тэнгэрт хэрээний мөр л үлджээ...
Гүүрэн дээгүүр хүмүүс
Гүүрэн доогуур гол мөрөн...
Гүндээ хүсэл мөрөөдлийг живүүлнэ
Гүехэн байгаа даа, ганцаардал минь
Чулуу шидэн тоглодог бол одоо түүнийг ширтэн сууна
Он оны өмнөх улаан цэцэгс одоо ч шаргалаарааг мэдэрнэ
Он оны дараах дулаан амьдрал одоо ч хуучнаарааг ухаарна
Оршихоон байгаад уджээ... би
Өглөөхөн өвсний толгойд шүүдэр буусан гэхээр л
Өөртөө дуу аялах минь гэнэн санагдана
Худгаас ус авахдаа хуруугаа жиндүүлээд ирэхэд
Хацартаа наахад чинь уйлахгүй байж чадсангүй, ээж ээ
Хүүхэд байхад минь тарьсан цэцгээ надад
Үлгэр хэлэхдээ л хатаачихсан юм уу...
/"МОНЦАМЭ мэдээ" сонин. 2009.09.25-ны дугаараас/


Сэтгэгдэлүүд:
хАнгал
хаНгал
ханГал
хангАл
хангаЛ
ХАНГАЛ
Хаврын бороо...
Хатаж, аглагшжээ
Энэ мөртүүдийг нь үглэнхэн алхсан үдэш бийсэн...
Сэтгэгдэл үлдээх: