Ганболдын Сонинбаяр
-Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн.
-Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн.
-Утга зохиолын дээд сургуулийг дүүргэсэн.
-Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжилтэй.
-2003 онд “Сар харанхуй” ном нь МЗЭ-ээс зарласан анхны номын уралдаанд шалгарч хэвлэгдсэн. 2007 онд яруу найргийн хоёр дахь номоо “Бодлын сар” нэртэйгээр хэвлүүлжээ.
“ЦЭЦГИЙН СҮҮДЭР” ХЭМЭЭХ ШҮЛГИЙН ДЭВТЭР
Цэцгийн сүүдэр
Сарнаа тусахуй
Туулай хэмээн эндүүрвэй!
***
Сэтгэл эзгүйрэхэд
Навчис надад
Хань болном
***
Шүүдрийн дусалд
Хумхын тоос үгүй…
Шүүрс алдмаар өглөө
***
Хайртай гэж хашгиртал
Хадны цуурай давтав
Харамсмаар…
***
Нутгийн бараа
Харагдахтай үгүйтэй
Хаврын цэнхэр униар
***
ДӨРВӨН УЛИРЛЫН ГУРВАН МӨРТ
Өвөл
Цонхон дээрх цэцэг
Хаврыг
Цөхөртлөө харуулдана
Хавар
Анхны бороо
Цонх нүдэхэд
Хаалгаа онгойлгов
Зун
Цонхон дээр суусан ялаа
Тэнгэрийг ийм
Хатуу гэж бодно
Намар
Талд унасан хяруу
Толинд тусав уу гэтэл
Өрөөний минь цонх аж
БОДЛЫН САР
I.
Тэнгэрт мандсан сар
Тэнгэрт гандсан сар
Тэнгэрт мацсан сар
Тэнд гацсан сар
II.
Сар, үүл тэнгэрт биш
Зотон дээр л байнам
Сар, үүл тэртээд биш
Голын усан дээр байнам
III.
Бодлын сар минь тэнгэрт мандвал
Зүг бүхэн дорно болно
Зүүрмэглэгч охин минь дагина болно
Зүүдний байшин минь харш болно
Зөвхөн би тэнд амьдарна
Найман зовхист хавар цаг
Намайг тойрсон дорно зүг
IV.
Сарны хүйтэн биеийг тэврэх хүсэл төрнө
V.
Өвс бүхэнд сар
Өөр өөр сар
Одноос олон сар
Ондоо ондоо сар
VI.
Уулын хэц дээр
Ульж байгаа чонын нүдэнд сар
Улаан өнгөтэй үзэгдэнэ
VII.
Хуучин цөөрмийн тогтонги уснаа
Нов ногоон саран хөвж
Навчис унахын тоолон
Хулсны үе мэт үрчлээ нэмэгдэнэ
***
Алтлаг намар
Амтлаг намар
Анирхан намар
Анхилуун намар
Аглагхан намар
Ай…
Сэрэхүй бүхэн намар аа!


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: