Өгүүллэг

Бадам анд www.amuli.blog.mn блогтой болсон. Та бүхэн орж түүний ертөнцөд аялаарай.

 

НАЦАГДОРЖИЙН БАДАМЖАВ

АМУЛЬ


 
 …Түүнээс одсон хийгээд алсран одож буй бүхэнд мөнх бус хамаатай. Тэр бидний одоо ба ирээдүй. Басхүү өнгөрсөн цаг үе минь билээ…
Бүх зүйл Жүмисийг хөл хүнд болсноор эхэлсэн юм. Хэрвээ тийм явдал болоогүй бол бүх юмс дэндүү амар хялбар, ойлгомжтой байх байсан биз ээ. Харамсалтай нь хувь тавилангийн тоглоом шоглоомд энэ бүлийнхэн дэндүү хатуухан өртөх ёстой байжээ. Гэвч бүхнийг хэн нэгэн мэдэж байдаг хойно доо. Түүнээс гарах гарц, зугтах боломж бий гэж үү.
Халширмаар хахир хатуу, урт удаан үргэлжилсэн өвлийн дараа тэнгисийн мөс бүхэлдээ хайлж, ой тайга номин ногоон өмсгөлөө өмсч, цэцэг навч хоромхон зуурт л дэлбээлж цэцэглэлээ. Хойд нутгийн хавар ийм л хурдан ирдэг бөлгөө. Ан амьтад ичээнээсээ гарч, нүүдлийн шувууд эргэн ирж гүйцээд байсан хаврын сүүл сарын хуучдаар Мура авгай шинэхэн бэр Жүмисийгээ дагуулан тайгын гүн дэх Сэнгэлэг горхины орчмоос дүрва өвс түүж, харих замдаа намгаас хүлрийн өрөм шүүрдэн авчрахаар явсан юмсанж. Мура урин дулааны цагт сар бүрийн хуучдаар ийнхүү дурва өвс, хүлрийн өрөмд байнга явна. Чухам үүний хүчинд л ганц хүү Бодончыгоо өдийг хүртэл амьд мэнд авч яваа билээ. Бодонч төрөлхийн бие султай, байнгын асаргаа шаардаж байдаг хөөрхийлөлтэй нэгэн. Арван нас өнгөртлөө явж ч чаддаггүй, үг хэл хэлж ч чаддаггүй хүүхэд байжээ.
Энэ нутагт өдрийн од шиг ховорхон ирдэг эрхүүд*-үүдийн нэгнээс ийм өвчтэй хүнд дурва ханд уулгаж, хөл гарыг нь бүлээсгэсэн хүлрийн өрмөөр хучиж байх нь хамгийн сайн эмчилгээ болно гэдгийг сонссоноос хойш тэрбээр ийнхүү дурва өвс, хүлрийн өрмөөр хүүгээ эмчлэх болсон юм. Санаа дагаад ч тэр үү, аль эсвэл эмчилгээ үнэхээр сайн нөлөөлснийх ч юм уу ямартай ч Бодонч хүү илтэд дээрдэн хөл дээрээ муухан ч гэсэн явдаг болж, үг хэл нь ойлгогдохгүй ч ойр зуурхан ярихчаан болдог болжээ. Хүүгийн үе чацуутангууд ойн нарс шиг хүдэр чийрэг болон өсч, ан гөрөөнд ид хаваа гайхуулан байхад Бодонч гэрийн мухар сахиж, ихэнхдээ өвчиндөө шаналж хэвтэрт л хамаг цагийг бардаг байлаа.
Бодончийг төрөхөд Караха нөхөр нь эх барьж авсан гэдэг. Дөнгөж амь голтой төдийхөн, уйлах ч тэнхэлгүй хүүгээ хараад эхнэр нөхөр хоёр өөрсдийн азгүй хувь тавиландаа харуусан гашууджээ. Тэдний хүү бие султайн дээр хүн цочирдмоор эрэмдэг зэрэмдэг нэгэн байлаа. Түүнийг ямар ч байсан хүн болгоно хэмээн хатуу шийдсэн эх нь эр нөхөөр зүйл бүрээр ятган байж төрөлх отог омгоосоо дайжин тэнгисийн хамгийн гүн зэлүүд булан дахь тайгын балар ширэнгийн нэвтэршгүй аглаг руу нүүсэн юм. Ингэж нүүхдээ Мура цор ганц ойрын хамаатан болох нагац эгчдээ,
-Нэг бол Караха бид хоёр. Үгүй бол бид хэзээ ч эргэж ирэхгүй гэж хэлсэн гэдэг. Он цаг харавсан сум шиг өнгөрч Бодонч хүү ч эсэн мэнд эрийн цээнд хүрсэн ч энэ гэр бүл төрөлх отог омогтоо эргэн ирсэнгүй. Яваа яваандаа отог омгийнхон нь ч тэр гурвыг бараг мартаад байлаа. Хоёр жилийн өмнөх жигүүр тайлах ёслол* хүртэл шүү дээ…
Тайгын долоон отог омгийнхны насанд хүрсэн охид, хөвгүүд цөм ирцгээсэн энэ ёслол нижгэр сайхан болж байлаа. Дуу хуур, инээд наргиан бүтэн өдөр үргэлжилж үдшийн бүрий болоход том түүдгийн дэргэд хөвгүүд өөрсдийн сонгосон охидынхоо гараас хөтлөн Үсэхү удганаас хамт амьдран суух зөвшөөрөл хүсэн сөгдөцгөөлөө. Өөрсдийн хүсэлтээр долоон хос, үлдсэн дөрвөн хос Үсэхү удганы оноолтоор хувь заяагаа холбов. Хэн нэгэн нь татгалзах эрхээ эдлээгүйд отог омгоороо ихэд бэлгэшээн их найр цэнгүүн үүсгэн хөгжилдөцгөөлөө. Ийнхүү арван нэгэн хос залуу галын эзэнд мөргөн тайлга үйлдэж, тэнгэр эцэг, этүгэн эхийн өмнө бүхий л амьдралаа хамтдаа өнгөрүүлэхээ андгайлснаар жигүүр тайлах ёслолын хамгийн чухал хэсэг өндөрлөлсөн юм. Дараа нь Үсэхү удган эр нөхөр нь нас барсан Сайкулийг заншил ёсоор нөхрийнх нь дүү Салжукийн гэргий болгон өгсөнөө зарлав.
Яг энэ үед Мура, Караха хоёр Бодонч хүүгээ дагуулан арван зарь хөтөлсөөр тайгын гүнээс гэнэтхэн гарч ирэх нь тэр. Тэднийг байдаг эсэхийг бараг мартаад байсан хүмүүс гайхан алмайрч, бөөн шуугиан болцгоолоо. Тэд отог омгийнхонтойгоо бүгдтэй нь найрсгаар мэндчилээд, жигүүр тайлах ёслолд хожимдож ирсэндээ хүлцэл өчив. Хүмүүс тэдний ирсэнд ихэд баярлацгаажээ. Олонхийн бодож байсанчлан Карахагийн гэр бүл гүн аглагаасаа нэгмөсөн бууж ирэх огтын санаагүй байжээ. Гагцхүү ёслолд оролцон хүү Бодончдоо гэргий сонгож өгөх л зорилготой бууж иржээ.
Дунд зэргийн давжаахан нуруутай, эцэнхий цонхигор Бодончод гоо үзэсгэлэнтэй, жавхаалаг гэргий олдоно гэдэг бараг бүтэшгүй зүйл гэдгийг эх эцэг нь сайн мэдэж байлаа. Тиймдээ ч тэд албаар ёслол өндөрлөхийг модон дотроос ажиглаж байгаад гэнэтхэн гарч ирсэн хэрэг.
Караха хөтөлж ирсэн арван зариа* дөчин булганы арьс, баавгайн дахны хамтаар Үсэхү удганд өргөн барьж Жүмис охиныг хөвгүүндээ гэргий болгон өгөхийг гуйжээ. Хачирхалтай энэ явдалд хүмүүс гайхаж хоцров. Очиж очиж Жүмис шүү. Карахагийн толгой нь бүр эргэж гүйцжээ. Ухаан нь санаа нь эрүүл л байгаа даа гэх зэргээр хүмүүс өвөр зуураа шивэр авир ярилцана.
Жүмис бол тийм ч царайлаг бус, байнга хөмсөгөө атируулан газар шагайж явдаг жавхаа, хийморьгүй нэгэн. Бас дээр нь өрөөсөн хөлөө байнга чирч явдаг хэлгүй охин. Гурван ч удаагийн жигүүр тайлах ёслолоос нэг ч залуу түүний гараас хөтөлж, гэргийгээ болгон авахыг удганаас гуйгаагүй юм. Насаар нь хөөвөл Бодончоос даруй зургаа долоон насаар эгчмэд.
Жүмисийг бага байхад улангассан баавгай нүдэн дээр нь эгч, аав, ээжийг нь тасчин алсныг харснаас хойш үүрд хэлгүй болсон гэдэг. Баавгай түүний зүүн хөлний булчинг ясанд нь тултал химлэж бүдүүн хушны дор хаясныг маргааш өглөө нь хүмүүс олжээ. Дөнгөж амьсгалж байсан түүнийг Үсэхү удган асарч эмнэсний хүчинд хазгар дүлий ч гэсэн өдий зэрэгтэй яваад байдаг болгож чаджээ. Тунгалаг сайхан нүд, дэрэвгэр урт сормуустай Жүмисийг тэр аймшигт явдлаас хойш Үсэхү удган дэргэдээсээ холдуулалгүй өсгөсөн билээ.
            Карахагийн эл гуйлтад Үсэхү цааргалсангүй. Тэр ч байтугай болох ёстой зүйл жам ёсоороо болж байгаа мэт ихэд тайван амгалан оон хандаж байгаад хүмүүс багагүй хачирхжээ. Үсэхү удган Карахагийн бэлгийг гардан авч Жүмис Бодонч хоёрыг ёсолж зогсохдоо сая л сэтгэл санаа нь зовиургүй хачин баяртай байгааг отог омгийнхон анзаарч ихэд хөхин баясав.
-Тэнгэр эцэг, этүгэн эхийн хайр хишгийг насан туршдаа хүртэж, сайн сайхан амьдраарай. Караха, Мура…та хоёр зөв шийджээ гэж удган эх бахдалтайгаар ёслоод баяр цэнгүүнээ үргэлжлүүлэхийг хүсэв.
Жигүүр тайлах ёслол үүр цайтал үргэлжиллээ.
Найр наадам хавтгайрч хүмүүс наргиж цэнгэн баярлацгаав. Маргааш нь наран дөнгөж мандахтай зэрэгцээд нар, сарыг тайлах ёслолыг шинэхэн хосууд үйлдэцгээн тус тусын отог омог руу бэрүүдээ дагуулан одоцгоолоо. Караха, Мура хоёр шинэхэн бэртэй болсондоо хөл нь газар хүрэхгүй шахам баярлацгаажээ.
Караха хүүгээ ханьтай болохыг эхэндээ эрс эсэргүүцэж байсан билээ. Гэвч Мурагийн өмнө аргагүй хүчин мөхөсдсөн юм. Хорин жил ханилсны эцэст арайхийж хүүтэй болсон ч тэр нь байнгын асаргаа сувилгаатай хагас хэвтрийн хүн болж хувирсанд Караха өөртөө ихэд гуньж гутардаг билээ. Тийм хүн өрх толгойлж зах хязгааргүй их ой хөвч тайгын хатуу ширүүнд амьдарна гэдэг бараг боломжгүй зүйл. Насны өндөрлөг рүү мацаж яваа тэр хоёрын сэтгэлийг хүүгийнх нь ирээдүй хойч хамгийн их түгшээнэ. Тиймдээ ч Караха Мурагийн хүүдээ эхнэр авч өгөх саналыг зөвшөөрхөөс өөр аргагүйд хүрсэн юм. Эсэргүүцэж байсан нь Жүмисийг голж, шилсэндээ ч бус. Харин ч Жүмисээс өөр хэн нэгэн бүсгүйн нэрийг эхнэр нь хэлсэн бол тэр хэзээ ч зөвшөөрөхгүйд хүрэх байлаа. Энэ гэр бүлийн азгүй гутамшигт нууцыг ганцхан Жүмис л цааш нь хэнд ч задрааж, тайгын шившиг болгож чадахгүйд л Карахагийн сэтгэл бага зэрэг уужирсан хэрэг. Гэтэл өнөөдөр энэ бүхэн орвонгоороо эргэжээ.
-Жүмис. Охин минь хүлрийн өрмийг сайн цуглуулахын тулд бага зэргийн салхи гарахыг хүлээх хэрэгтэй. Их салхинд шүүж болдоггүй юм шүү. Өрмийг нь хүлэртэй холиод бүр зуурмаг бантан болгоод хаячихдаг юм гэж Мура намгийн дов сондуулуудын хоорондох хүлэрт усны мандлыг алгаараа зөөлөн илбэн, загссан өрмийг хичээнгүйлэн наалдуулж шүүрдэх зуураа өгүүлнэ. Жүмис ч дэргэд нь суугаад хадам эхийнхээ хэрхэн яаж хийж байгааг анхааралтай ажиглан толгой дохиж суулаа. Эх охин хоёр өдөржин намаг шүүрдэж хоёр ч жижиг бортого дүүрэн хүлрийн өрөм цуглуулжээ. Наран гудайх үед тэд хэсэг зуур амсхийгээд гэдрэг буцахаар болов.
-Одоохондоо ингээд л болоо доо. Ойрын нэг, хоёр сардаа хүүд минь энэ хангалттай хүрэлцэнэ ээ. Хамгийн чухал нь охин минь энэ эмчилгээг байнга, өдөр болгон хийх учиртай юм шүү дээ. Чухам энүүний чинь хүчинд Бодонч маань өдий зэрэгтэй яваа юм шүү дээ хэмээн Мура өгүүлээд хоолой нь зангиран,
-Тэр чинь Караха бид хоёрын нар юм шүү дээ. Ердөө цорын ганц… Жүмис чи минь ухаантай бүсгүй. Түүнийг минь сайн асарч, сувилж яваарай. Хөгшин бид хоёр хэр удахав дээ гэж санаа алдан өгүүлэв. Төдөлгүй хоёул замынхаа хүнсийг задлан тухалцгаав. Өлсч цангасандаа Жүмис хатсан загас, гахайн давсалсан махнаас том томоор зулгаан үмхэлж, хүүхэд шиг гэнэн цайлганаар инээмсэглэн ховдоглон залгилна.

 -Аяар аяар, охин минь. Наад хоол чинь хөл ургаад гүйчихгүй. Бүсгүй хүн чинь ингэж хамаагүй юу олдсоноо ам, хамраа олохгүй чихээд байж болдоггүй юм. Бага багаар тайван идэхгүй юу гэж Мура инээмсэглэн өгүүлэхэд амаараа дүүрэн мах чихсэн Жүмис ичэнгүйрэн толгойгоо гудайлган дохьлоо. Тэгснээ гэнэт царай нь зэвхийрэн Мура руу айсан харцаар хэсэг харснаа ухасхийн босч гүйгээд зэргэлдээх бутны хажууд унаж тусан хүрч хүчтэй огиулан бөөлжиж эхлэв. Мура ч сандран ухасхийж,
- Яав охин минь. Юу болох нь энэ вэ? хэмээн үглэн нуруун дээр нь зөөлхөн дарж, -Юу идэж уучихсан хүүхэд вэ? Алив дотроо онгойтол бөөлж. Дараа нь булгийн уснаас залгилаарай. Тэгээд болохгүй бол дахиад бөөлж. Ээ чааваас гэж. Яачих нь энэ вэ гэж үглэнэ. Жүмис удтал хүчтэй огиулан хий бөөлжисний эцэст нулимсандаа халтартсан нүүрээ арчин инээмсэглэж, толгой сэгсрэв. Мура буруу шаан зэмлэж,
-Мэдэхгүй гэнэ шүү. Чамд ер нь мэддэг юм гэж байна уу. Мэдэхгүй, мэдэхгүй гэнэ шүү. Явъя энүүхэн булаг руу хүрье. Сайхан хүйтэн ус залгилчих. Дотор чинь онгойно гэлээ.
Булгийн хүйтэн уснаас ханатал залгисан Жүмис гэртээ харьтал дахин дотор нь муухайрсангүй. Мура түүнийг урц гэрт нь оруулж, дулаан хучиж хэвтүүллээ. Ямар нэгэн зүйлээс хордож эвгүйрхсэн байна гэж Мура таамаглаад шөнөжин элдвийн өвс, ургамлаа буцалган уулгаж, хурууных нь өндгийг хатган муу цусыг нь гадагшлуулж асарч бөөцийлөв.
Тэр дорхноо л Жүмисийн хацар ягааран, бие нь тавигдахтай зэрэг Мура тэссэнгүй баярлан хөөрч,
-За тэр би хэлээгүй юу. Чи хордлого авч дотор чинь эвгүйрхсэн байна. Дандаа л элдвийн өвс ногоо залгилж явах юм чинь аргагүй шүү дээ. Өлсөж үхэх гэж байгаа юм шиг. Наад гэдэс дотрыг чинь нээвэл эсэн бусын юм гарна даа. Ийм байхад дотор чинь яаж зүгээр байх болж байна аа. Энэ ой тайгад чинь хортой хоргүй өч төчнөөн өвс ургамал байна. Тэрнийг ялгахгүй хэрнээ хэдийнэ амандаа зуучихсан явах. Яаж болох юм. Одоохондоо хөгширсөн л харагдаж байгаа байх. Гэхдээ Мура чавганц чинь хөгшин, та гуравыгаа тийм ч амархан явуулчихгүй байх шүү. Надаас хойш л яадаг юм гэхээс. Би чинь муу ч үгүй удам судартай домч чавганцын зээ охин нь юм шүү гэж нэг үе бэрээ зэмлэж, басхүү өөрийгөө магтан бувтнана.
Маргааш нь жин үдийн алдад Мура тогоо дүүрэн бугын мах чанаж байх үед Жүмис гаднаас орж ирүүтэй л дотор нь муухайрч урц гэрийн хаяанд эвхрэн хүчтэй огиулав. Мура ч сандран дахиад бөөн өвс, ургамалын ханд бэлтгэн уулгалаа. Гэвч төдийлөн нэмэр болсонгүй. Үдэш орой түлээ оруулахаар гарахад Жүмис газар дөрвөн хөллөөд байдгаараа хий огиулан бөөлжиж байх нь тэр.
Мурагийн бие арзасхийх шиг болж сэтгэлд нь муу зүгийн совин хоосортол татав. Жүмисийг гэртээ даруй оруулж хэвтүүлээд хар зөнгөөрөө шинжиж эхэллээ. Сэжигтэй гэхээр шиж тэмдэг илэрсэнгүй. Харин хамрынх нь хянга дагуу үл мэдэг сэвхтэснийг ажиглав. Гэхдээ энэ сэвх Жүмист урьд өмнө нь байсан эсэхийг тэр сайн санахгүй байлаа. Гэлээ ч хаширлан тэр даруйдаа чихэр өвсний мөчир шатаан үнэртүүлтэл Жүмис ахиад л огиулав.

 -Тэнгэр минь. Үгүй байлгүй дээ. Арай чи чинь … жирэмсэн гэж уулга алдан хэлээ хазан охиныг гайхан ширтлээ. Тэгснээ Жүмисийн толгойг болгоомжтой илбэн,
-Охин минь. Чамд нөгөө юу…Сарын шинж мэдэгдэж байна уу гэж итгэл муутайхан асуув. Охин өмнөөс нь юу ч ойлгоогүй байртай харна.
-Чи хэл дээ. Сарын шинж чамд ойрдоо ирсэн үү. Битгий санаа зов. Ээждээ хэлчих… гэж амьсгаа давхцуулан асуув. Жүмис хариуд нь толгой сэгсрэв.
-Хэр удаж байгаа юм бэ? Нэг үү, хоёр сар уу гэж хашгирах шахам асуухад Жүмис айсан байртаа гурван хуруугаа гозойлголоо. Мурагийн ухаан санаа балартах шиг болов. Түүний таамаг зөв байжээ. Гэнэтийн энэ явдал түүнийг аймшигтай цочирдуулав.
-Муу өгрийн нохой. Яаж чадаж байна аа. Даан ч яав даа гэж Мура арайхийн өгүүлэхэд хоёр нүднээс нь сувдан нулимс өөрийн эрхгүй асгарч, хацрыг нь даган урсав.
Сарын турш ан авд явсан Караха багагүй олз омогтой гэртээ эргэн ирлээ. Мура хүний урманд мэндийн үг ч сольсонгүй. Хүрлээр цутгачихсан юм шиг нэг ч үггүй, хүрлэгэр догшин царайлна. Уурлаж бухимдахаараа ингэж дуугаа хураадгийг нь Караха андахгүй мэдэх болохоор элдвийг асууж шалгаан уур цухлыг нь улам шатаахыг бодсонгүй. Тэгээд ч Бодонч хүүгийнх нь бие тэнхээ муудаж, ухаантай, ухаангүйн хоёрын хооронд байсан болохоор муудалцах нь дэмий хэрэг. Мура, Жүмис хоёр тэртээ тэргүй асар ч сувилаад хормын төдийд ч зав зайгүй. Караха дэмий л агнасан хэрэмнүүдээ өвчин, хандгайн мах эвдэж жижиглэсээр өдрийг барлаа.
            Үдэш орой болсон хойно Бодонч хүүгийнхээ бага урцнаас Мура ирлээ. Хүүгийн бие бага боловч дээрджээ. Эхнэр нөхөр хоёр оройн хоолны үеэр ч нэг үг сольсонгүй. Улам хүрлэгэр догшин болж, үзэн ядаж өширхсөн харцаар нэвт, шувт ширтэх эхнэрээ хараад Караха тэсгэлгүй,
-Чи чинь өдрөөс хойш яачихаад байгаа юм бэ? Загас шиг л дуугүй. Бүлх залгичихаа юу. Хахав даа гэж тавлаж үзэв. Бас л дуугарсангуй.
-Тэнэг эм шүү. Эр нөхрөө ингэж угтдаг балай эм энэ тайгад л лав чамаас өөр байхгүй. Сургаж өгөх цаг нь болж дээ. Золбин гичий шиг юундаа гайхуулаад байгаа юм гэж албаар ууртай дүр эсгэн дуугаа өндөрсгөхөд Мура хүний урманд царайгаа ч хувиргалгүй өмнөөс нь дуугүй ширтэн сууснаа,
-Чи ер нь бага эхнэр авъя гэж бодож байсан уу гэж эрсхэн асуув. Караха хэсэгхэн зуур гайхан эргэлзснээ,
-Үгүй чи чинь юугаа солиорч байгаа юм бэ? Бага эхнэр гэнэ шүү. Энэ аглагт ямар чөтгөр нь ингэж чамд шивнэдэг байна аа гэж унтууцав.
-Би чамаас асууж байна. Чи ер нь энэ тухай бодож байсан уу. Үгүй юу хэмээн Мура лавшруулахад Караха хэсэг зуур бодолхийлснээ бага зэрэг зөөлөрч,
- Чи хүүдээ л санаа зовоод байна аа даа. Удам угсаа тасрах энэ тэр гээд л. Би ойлгож байна аа. Гэхдээ энэ тухай би бодож байгаагүй ээ. Мэдээж эр хүн. Тэр тусмаа өрх толгойлсон тэргүүн насны эцэст үр хүүхдээ тойруулчихаад ач зээгээ бужигнуулаад сууж байвал сайхан л байхсан. Чи энэнд л бухимдаа юу. Зүгээр дээ Мура минь. Зүгээр. Надад та гурав маань л байхад боллоо. Өөр юу хүсэхэв дээ… гэхэд түрүүнээс хойш байж ядталаа цухалдан суусан Мура,
-Бодоогүй бодоогүй гэнэ ээ. Савдагууд наад хэлийг чинь сугалчихалтай билээ. Чиний юу хийж явдгыг би мэдээгүй, мэдэх ч үгүй гэж бодож байвал эндүүрэл шүү. Эрээ цээрээгээ алдсан муу хөгшин ухна гэж хашгичав. Караха тэсэлгүй инээд алдан хөхөрч,
-Ээ чааваас. Залуудаа үзэж байгаагүй юмаа одоо үзэх нь шив дээ. Хардах нь ээ. Ха ха. Өнөөх чинь хардаж байна гээч.
-Хардах ий.
-Тийм ээ, чи хардаад л байна ш дээ.
-Чиний хэнтэй яаж завхайрч явсныг би яаж мэдэх юм. Нүднээс далд, чихнээс хол чамайг яаж шүлэнгэтэж явсныг чинь би мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй. Ганц энд… хэмээн Мура орилон хуруугаараа чичлэж хашгичиж, -Миний гэрт л ингэхийг чинь амьддаа би хүлээн зөвшөөрөхгүй. Хэзээ ч үгүй шүү гэлээ. Караха бүр гайхаж хоцров.
-Чи чинь юугаа солиороод байна аа…
-Чи л болоод мэдэхгүй байна уу. Хийсэн хэрэг чинь нүдэн балай, чихэн дүлий өнгөрнө гэж бодоо юу. Тэр чинь жирэмсэн болсон байна гэх эхнэрийнхээ хашгиралтад Караха сүхээр цохиулсан юм шиг болов.
-Хэн…хэн гэж дэмий л бувтанахад,
-Жүмис…ойлгож байна уу. Жүмис гэж Мура нулимс цийлэгнүүлэн хэллээ. Гайхаж алмайрсандаа Караха эхнэрээ тас гөлрөн ширтэж,
-Тэнгэр минь…тийм зүйл гэж байх ёсгүй. Үгүй яалаа гэж… Би л…Үгүй ээ үгүй. Тийм зүйл болоогүй…гэж арайхийн үгээ зөөж ядан бувтнана. Мураг энэ үг улам бүр галзуурууллаа.
-Тэнгэрийн нэрийг дуудаад хэрэггүй. Тэнгэрийн нүдэн дээр төрсөн хүүгийнхээ эхнэрийг… Эрээгээ алдсан муу ухна. Одоо бас тэнгэрийг дуудна гэнэ ээ. Тийм зүйл болсон. Болсон… Мэдэв үү хэмээн яах ийхийн зууртгүй Карахаг тас хийтэл алгадаад,
-Ямар ч тайлбар, уран гоё үг одоо хэрэггүй. Чамаас өөр хэн байх юм. Бид хүний бараа хараагүй, тэднээс зугтаж хорин жил боллоо. Жүмис манайд ирээд яг хоёр жил болж байна. Тэгээд хэнээс гэж. Эр хүний эрхтэнгүй хүүгээс чинь үү гэж уйлагнан, -Хараал идэг чамайг. Өөр хэнээс тэр жирэмсэн болох юм бэ? Хэнээс… Чи хэлээд өг дөө. Цэцэгнээс үү, навчнаас уу. Аан. Хэлээд аль л даа чи… гэж эхэр татан уйллаа.
Караха юу ч дуугарч чадсангүй. Тийм зүйл огт болоогүй гэдгийг Мурад яаж тайлбарлах болж байна аа. Тэнэг эм чинь аягүйдвэл андуурснаас зайлахгүй… Андуурах ий. Тэр чинь домч шүү дээ. Мура андуурна гэж байхгүй. Тэнгэр минь юу л болоод байна даа… гэж тэр өөрөө өөртэйгөө цөхрөн ярьж суулаа. Мура дэргэд нь мэгшин уйлсаар…
Бүхэл шөнийн турш Мура, Караха хоёр цурам хийсэнгүй. Аймшигт хэрүүл маргаанаас хойш нэг ч үг дуугарсангүй. Үүр цайхын үед Караха ан авынхаа хэрэгслээ ачаалан, хүнс ногоогоо базааж эхлэв. Мура хаашаа яах гэж явах гэж байгааг нь мэдэхийг туйлаас их хүсч байсан ч асууж зүрхэлсэнгүй. Караха хөдлөхийнхөө өмнө түүнд,

 -Би хойд их тэнгис явлаа. Ангид намайг тайгын үзүүр дээр арав хоногийн дараа тосч уулзана гэсэн. Хав загас агнана аа. Хамаг цана, чарганы ул элэгдэж гүйцлээ. Нөхөх арьс хэрэгтэй байна. Та нар минь сайн сууж байгаарай хэмээгээд сурсан зангаараа түүний духан дээр үнэрлэн, санчигных нь үсийг илбэн салах ёс үйлдэв. Тэгээд цаагаа хөтлөн хэд гурав алхаснаа эргэн харж,
-Тийм юм болоогүй шүү. Тэнгэр эцэг, этүгэн эхийн нэрээр андгайлъя. Бодсончлон зүйл болоогүй шүү. Би бүр учраа олохоо болиод байна. За за сайн сууж байгаарай даа гэж өгүүлээд цааш алхав. Карахагийн бараа далд орон ортол Мура нулимсаа барьж зогссоноо өөрийн мэдэлгүй тэнхэл нь тасарч өвдгөөрөө нахисхийн борхирон цурхиртал уйлан хоцров.
… Өдөр ирэх тусам Жүмисийн гэдэс томорч, нүүр царай нь сэвхтэж борлоод алхаа гишгээ нь туйлын зүдэргээтэй болж сав л хийвэл хаана ч хамаагүй нойрмоглон зүүрмэглэдэг боллоо. Энэ бүх доромжлолыг тэсч давах Мурагийн сэтгэлийн тэнхээ нь үе үе алдарч бэрийгээ элдвээр хараан зүхэж, муухай аашлан заримдаа цохиод авах нь ч энүүхэнд болов. Хоёр ч удаа хэвлий дэх үрийг нь зулбуулах эм тан уулган, өглөөний шүүдэр хяруун дээгүүүр хөл нүцгэн шүүдэр хаттал туучуулах боловч ямар ч нэмэр болсонгүй. Хамгийн цээртэй үйл бүхнийг үйлдэж байгаагаа тэр муухан ойлгож байсан ч бүрэн гүйцэт ухаарах билгийн мэлмийг нь Карахад гомдож өширхсөн хорсол, зэвүүцэл халхалсан байлаа.
Эцсийн эцэст Мурад эвлэрэхээс өөр арга даанч байсангүй. Үр удам нь тасарч, мөхөл сүйрэл нөмрөөд байсан энэ гэр бүлийш аврах цорын ганц найдвар нь Жүмисийн хүүхэд гэдгийг ойлгох хүртлээ тэр Жүмисийн хувьд жинхэнэ амилсан чөтгөр мэт авирлаж байв. Гэв гэнэтхэн ааш зан нь хувирч хэрцгий догшин болсон хадам эхийгээ тэрбээр сайн ойлгохгүй байсан ч энэ бүхэн гэдсэн дотор нь байгаа үл мэдэгдэх нэгэн амьтнаас болж байгаа гэдгийг хар зөнгөөрөө ухаарч байсан юм.
-Яахаараа гэдсэн дотор маань ийм ер бусын хачин жигтэй амьтан үүрлээд байна аа. Горхины ус ууж байхдаа жаламгай* залгичив уу, аль эсвэл өвсний толгойд ассан бор ширх санамсаргүй идчихсэн юм болов уу. Тэгээд л тэр нь гэдсэн дотор өсч томорч аймшигтай амьтан болж хувираад байгаа юм байна. Тэрнээс зайлахгүй гэж тэр бодно.
-Караха надад хэлж болно оо доо. Тийм юм болоогүй гэж зүтгээд байгаа юм даа. Надад хэлбэл би ойлгоно шүү дээ. Яахав тэнэг эм эхэндээ жаахан уурлаж зэмлэнэ л биз. Бага эхнэр авч болох л байсан. Хүүгийнхээ эхнэр биш л бол хэн ч байсан болно шүү дээ. Гэтэл ингэж хөөрхий муу Жүмисийг зайдалж л байдаг. Караха чи ч муу хүн юм даа. Ойн шүтээн биднийг гэсгээхдээ л гэсгээнэ. Нэгэнтээ л болоод өнгөрсөн явдал. Бодонч маань үртэй болж, удам угсаа маань цаашид үргэлжлэнэ. Болсон явдлыг Жүмис, Караха бид гурваас өөр хэн ч мэдэхгүй. Ямар гээчийн нүглэв дээ. Ийм л хувь тавилантай цас юм байлгүй дээ гэж Мура арга тасран бодно. Эвлэрхээр шийдснээсээ хойш Мура бэрээ ёстой алган дээрээ бөмбөрүүлэн асарч тойлов. Өдөр хоногууд урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд өвөл болжээ.
Хав загасны ангийн улирал хэдийн дуусч, анчид хэрэм булга үргэлжлүүлэн агнасаар нэг мэдэхэд гэрээс гарснаас хойш хагас жилийн нүүрийг үзжээ. Анчид гэдрэг буцахаар шийдэцгээв. Харин Карахад гэртээ харих ямар ч хүсэл сонирхол байсангүй. Жүмисийн жирэмсэн болсон нь хамгийн утгагүй, ойлгомжгүй ухаан санаанд багтамгүй явдал байлаа. Хэнээс яаж жирэмслэв. Эр бэлэггүй хүүгээс нь үү. Бодонч маань эр бэлгийнхээ оронд цоо хатгачихсан юм шиг нүхэн гуурстай. Хүүхэдтэй болохын чинээ санах ч хэрэггүй. Ганцхан гарц нь буруугүй мөртлөө буруутан болох би л шүү дээ. Өөр хэн ч биш. Мурагийн тэгж таамаглан бухимдах нь түмэн зөв гэж Караха чухам л тархиа ширгэтэл бодож явлаа.
Бүтэн зургаан сар илүү ангуучлахдаа энэ тухай эргэцүүлэн бодоогүй ганц мөч ч түүнд байсангүй. үргэлжийн л инээд наргиантай, дуу шуутай байдаг түүнийг дуугаа хурааж, байнга дүнсийн бодлогширчихсон явж байгаад анчид багагүй гайхжээ. Асууж шалгаагаад салахгүй болохоор нь Караха, би таауухан байна гэж худал хэлж амыг нь таглаж дөнгөнө. Анчид гэртээ буцахыг ятгаж, бид чамд нэг нэг хав загасны мах, сайхан элдэж утсан арьс явууламз гэхэд нь Караха шуудхан дургүйцжээ. Гэртээ л харихгүй бол Караха ертөнцийн хамгийн бөглүү алс буйд газарт ч очиход бэлэн байлаа.
Анчид тун барагтайхан олз омогтой хойд тэнгисээс гэдрэг буцацгаав. Хүн бүр л энэ авд сэтгэл дундуурхан байсан юм. Өмнөх жилүүдийнхээс бараг хоёр дахин бага хав загас, цөөн хэдэн хэрэм булга л агнажээ.
-Хойд нутагт эрхүүдүүд олширч суурин байгуулах болсноос ан амьтан үргэчихэж, тэнгэр эцэг, этүгэн эх тэднийг таалахгүй байна. тэдний нүгэлд бид ч бас гэсгээгдэж байгаа байх гэж анчид зам зуур гомдоллоно.
            Шинэхэн цасанд нэвсийтлээ дарагдсан сүрлэг хөглөгөр их тайгын дөнгөж зах руу ороход хоёр зарь чарганд хөлөлсөн зүүн цармын отгийн Борохул хөвгүүн их л яаруу сандруу тэднийг угтан айсуй.
Усан хулгана шиг болтлоо хөлөрч цан хүүрэг савсуулан уухилах цаагаа баруун солгойгүй хайрлалгүй шавхуурдснаас болж хондлойандгайн гуянаас нь цус шүүрсэн харагдана. Борохул ирмэгцээ чарганаасаа давхийн үсэрч буугаад хальт мөт мэнд мэдэхчээн болж, амьсгаагаа даран байж,
-Караха гуай. Болохоо байсан шүү. Танай… танай бэр Жүмис хэцүүдэж байна гэнэ. Хэзээ мөдгүй амаржих болчихоод… Амаржиж ч чадахгүй ухаан санаа нь балартаад тун хэцүүдэж байна гэнэ. Хоёр хоногийн өмнө Мура гуай танаа танай тэрүүгээр загасчилж явсан тэнгис отгийн загасчдад хэл хүргүүлж… Ирэхдээ удган ижийг заавал аваад ирээрэй гэсэн байна лээ. Тун хэцүү байгаа гэсэн шүү гэж хэлэв. Анчид тэр дорхноо л сандарч үймэлдэн Карахад хамгийн сайн гэсэн дөрвөн зариа чарганд хөллөн давхиуллаа. Карахад элдэвийг бодож эргэцүүлэх ухаан сөхөө ч байсангүй. Шууд л Үсэхү удганы отог руу зариудын тэнхээ мэдэн жирийлгэв.
-Юутай ч бид хүүхэдтэй болох нь. Юутай ч хүүхэд… Мура үнэн хэлж. Хүүхэдтэй болох нь байна шүү дээ хэмээн байдаг чангаараа хашгирч явлаа. Хөл хөнгөн зариуд төд удалгүй удганы отогт ирэв. Үсэхү удган бүхий л зүйлээ бэлтгэж базаагаад өөрийг нь хүлээж байжээ.
-Караха минь шалавлахгүй бол горьгүй нь. Оройтож мэднэ шүү. Түргэлж үз гэж Үсэхү удган яаруулна. Караха ч байдгаараа яаран хөллөгөөний этрүүдээ хайр найргүй шавхуурдан зүтгүүлнэ. Цас тэгтлээ их ороогүй болохоор зам цагаан, тарган зариуд салхи шиг довтлон жирийлгэнэ.
      Бүтэн өдөржин давхиулсны эцэст Үсэхү удган хөвчийн аглаг дахь Карахагийн хоёр урц гэрийн барааг шөнө хугаслан харлаа. Жаахан л оройтсон бол хоцорч мэдэхээр байлаа шүү гэж Үсэхү удган олзуурхангүй өгүүлнэ. Тэднийг Бодончийн урц гэрт ороход Жүмис ухаан балартаад удсан бололтой хамаг бие нь хөшиж, хүйт даачихсан угтав. Үсэхү Мурад, -Даруй ус бүлээтгэ гээд Карахаг, -Урц гэрийн хаяа хатавчийг даруй битүүлж мана. Түргэн гэж тушаав. Караха, Мура хоёр тэр даруй удганы хэлсэн зүйлийг ёсчлон гүйцэтгэв.
-Та хоёр одоо энд байх хэрэггүй. Би охиныг төрүүт та хоёр дээр өөрөө очино. Тэнгэр эцэг, этүгэн эхдээ сайн залбир. Гадаа түүдэг асааж галын бурханыг тахь. Түргэн гарцгаа гэлээ. Тэр даруйхан Караха, Мура хоёр урц гэрийн ойролцоо түүдэг асаан ан ав, олз омгийнхоо дээжээс галдаа өргөл өргөн тахиж, тэнгэр эцэг этүгэн эхдээ наминчлан залбирал үйлдэв.
            Шөнийн тэнгэр дэх үй түмэн одод зах хаянаасаа аажмаар шингэрч, хавирган сар улам тод гэрэлтэнэ. Үсэхү удган хэц хэнгэргээ дэлдэн онгон сахиусаа дуудан бөөлж эхэллээ. Урц гэр дотроосоо ер бусын цагаан шаргал гэрлээр нэвт гэрэлтэж, ууль шувуу хагшин, залуу чононы нурууны үс босом аймшигт улиан цангинав.
-Тэнгэр минь. Юу л болоод байна даа гэж Мураг дөнгөж хэлэхтэй зэрэг Жүмисийн аврал эрж ёолох зүрх зүсэм дуун хадлаа. Урц гэрийн оройгоос гүн хар огторгуйн дайд тийш нумарсан цагаан гэрэл агшин зуур цацран гийж, хавирган сар цусан улаан туяагаар будагдав. Төдөлгүй хүүхдийн часхийсэн дуу цангинан ододын гэрэл бөхөн тас харанхуй нүүрлэв. Харсаар байтал түүдгийн дөл бүүдийн, үнс чандруу нь эргэн биежин тэр дайруйхнаа том том гишүүний хагадас болон хувирч үл мэдэгдэх ёлтойсноо дахин дүрэлзэн асав. Мура айж балмагдсандаа Карахагийн энгэрээс зууран,
-Тэнгэр бурхан минь. Энэ чинь шулмын хүү байна. Шулмын хүү… хэмээн бархирав. Караха алмайрч хөшсөндөө нэг ч үг хэлж чадсангүй. Хүүхдийн өрөвдөлтэй гомдонгуй өнгөөр уйлан бархирах дуу урц гэрийн дотроос цуурайллаа.
            Төдий л удалгүй урц гэрийн үүд сөхөгдөн хөл дээрээ тогтож ядан гуйвах Үсэхү удган шинэхэн төрсөн хүүхдийг элгэндээ тэвэрсээр гарч ирлээ. Удган эх салганаж чичирхийлэх гар дээрээ хүүхдийг өөд нь өргөн,
-Мөнх хөх Тэнгэр эцэг минь, Эгүүрд тэжээн энэрэгч Этүгэн эх минь. Таны охиныг бид эсэн мэнд, энх тунх хүлээн авав. Газар тэнгэрийн олон сахиус савдгууд минь охины өмнө сөгдөгтүн. Тэр одоо хийгээд ирээдүйг захирах болно гэж хашгирав. Агшин зуурт их салхи дэгдэж үүлс хуйлралдан нүүн, түнэр харанхуй үүрийн цагаан гэгээнээр солигдон сар тунгалагшив. Мура, Караха нүүрээ газарт наан мөргөн сүсэглэнэ. Үсэхү удган Карахад хандан,
-Өөрийгөө буруутгах хэрэггүй. Жүмис цэвэр ариун. Тиймээс ч тэнгэр эцэг, этүгэн эх түүнийг сонгосон байх. Хэзээ ч үрийн зулай үнэрлэж үл чадах эрийн ариун эхнэрийг сонгосон нь тэдний санаа. Энэ бол тэдний хүүхэд. Таван нас хүрэх тэр цаг мөчид надад авчрагтун. Тэр намайг залгаж, надаас хүчтэй болно. Чи түүнийг тэнгис гатлан надад авчрагтун. Тэр төгсгөлгүй амьдрах болно. Бас газар сайгүй оршин байх болно. Надад авчиртал түүнийг хүссэнээрээ нэрлэ. Харин түүнээс хойш түүнийг Амуль гэх болно гэж хэлэв.
Хачин тунгалаг том цэнхэр нүдтэй өхөөрдөм хөөрхөн бяцхан охины аюулхайн тус газраас ер бусын зөөлөн             цэнхэр туяа цацарсаар аажмаар бүдгэрэв. Үсэхү удган охиныг тэврэн урцанд орохыг завдаснаа эргэн тэдэн лүү дөхөн ирж Мурагийн чихэнд ямар нэгэн зүйл шивнэв. Мурагийн царай хонхийж цайгаад, чичрэг туссан юм шиг уруул ам нь өмөлзөн бүх биеэрээ салганан чичрэв. Удган охин хоёрыг урц гэрт ормогц тэр ухаан балартан хөсөр унав.
…Энэ ер бусын үйл явдлаас хойш сар гаруйн турш Мура орноосоо ч өндийсөнгүй. Хэдийгээр бие тэнхээ нь эрүүл сайн байсан ч зүүдэндээ үргэлж хар даран хашгирч, өчүүхэн төдий зүйлээс ухаан мэдрэлээ алдтал айж цочих болов. Нэгэн шөнө тэрбээр ухаангүй хэвтээ Бодонч хүүгээ очиж харъя хэмээн Карахагаас гуйжээ. Караха түүнийг тэврэн бага урц гэр рүү дөхөж явтал гэнэт түлээний нойтон хөлдүү холдос дээр хөл нь халтирч тас гэдэргээ саван унах нь тэр. Бүх зүйл нүд ирмэхийн зуурт болж Мура урц гэрийн тулгуур модны шаантаг гадсан дээр яг ар нуруугаараа унаж нэвт шорлуулсан байлаа. Караха ухасхийн түүнийг тэврэхэд амнаас нь цус садран жавьжийг нь даган горхилон урсах боловч Мура үл мэдэг инээмсэглэн,
-Тэр үнэн хэлсэн байна. Гэсгээлээ эдлэх минь… хэмээн шивнэж амжаад амьсгаа нь тасалдав.

Сэтгэгдэлүүд:

1. Сэгсгэр (зочин) | 2009-09-01 08:32:10
Хайлаастын эдлэнгээс шөнөөр аянд гарсан бид... Гар гараасаа хөтлөлцөөд гадаах ертөнц рүү тэмүүлсэн минь саяхан мэт...
2. Sum_Uul (зочин) | 2009-09-02 06:33:58
he he Hailaast ch ogoojtei gazar shu uran buteeld eeltei de
3. oldoshaksli | 2009-09-08 18:02:53
tanai durvun davhart dadlagajina gej surtei yum bolj baina aa. huu
4. bonne fee (зочин) | 2009-10-26 22:38:49
ene oguulleg ingeed duuschikhdg um uu tee...zondoo olon gzr dandaa ene hureel duuschikhiin...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.