ВАСИЛИЙ ШУКШИН
Василий Шукшин 45-хан насалсан ч авьяаслаг зохиолч, кино найруулагч, жүжигчний хувьд ЗХУ даяар алдаршсан юм. Гэхдээ тосгоны жирийн залуу тийнхүү алдаршихаас өмнө ачигч, далайчин, галч, багш, районы зааварлагч, сургуулийн захирлаар ажиллав. Василий Шукшин энэ оны долдугаар сарын 25-нд 80 нас хүрэх байв.
Василий Шукшин 1929 оны долдугаар сарын 25-нд Алтайд, Бийскийн районы Сростки тосгонд тариачин айлд тө¬ржээ. 1930 онд хамтралжуулалт эхлэхэд аав нь хамтралд арга буюу элсч, цайлгуур машины механикжуулагчаар ажиллах болов. Гэвч 1933 онд Василий Шукшиныг дөрвөн ойтой байхад аавыг нь баривчилжээ. Ээж нь хэлмэгдүүлэхээс айж, хүүгийнхээ овгийг өөрийн охин цагийн овгоор Попов гэж бичүүлсэн байна. Тэрбээр хожим паспорт авахдаа эцгээрээ овоглосон байна.
Ээж нь хожим нэг тосгоныхоо хүнтэй гэрлэжээ. Хойд эцэг нь ер бусын сайхан сэтгэлтэй хүн байсан гэж Василий Шукшин ямагт ярьдаг байв. Тэрбээр дайн эхэлснээс хойш нэг жилийн дараа фронтод амь үрэгджээ. 13 настай хөвгүүн ¬өрх толгойлж, өөрийг нь бүтэн нэрээр Василий гэж дуудахыг үе чачуутнуудаасаа шаарддаг байжээ.
"ДУУГҮЙ ХҮН" ХОЧТОЙ БОЛСНЫ УЧИР
Василий Шукшин долдугаар анги төгсч, Бийскийн автомашины техникумд орж, хоёр жил суралцсанаа гэр бүлээ тэжээхээр сургуулиасаа гарчээ. Калуга, Владимир хотод слесарьч, ачигчаар ажиллаж, Москва-Курскийн төмөр замын Щербинка өртөөний цахилгаан станц, дараа нь Голицыно өртөөний төмөр замын гүүр барилцсан байна.
Тэнд байхад нь цэргийн албанд татах хуудас ирсэн байна. Шукшин радио холбоочны мэргэжил эзэмшсэний дараа 1950 онд Севастопольд байрладаг Хар далайн флотын нэг ангид алба хаажээ. Тэнд байхдаа “дэмий чалчихыг” тэвчдэггүй учир “Дуугүй хүн” хочтой байсан гэдэг.
Шукшин 1953 онд ходооны шарх нь илэрсний улмаас цэргээс халагдав. Тэрбээр төрөлх тосгондоо эргэж очиж, 10 дугаар ангийн шалгалтыг яаралтай ¬өгөөд тосгоны сургуульд ажиллах болов. Захирлаар ажиллахын сацуу орос хэл, уран зохиолын хичээл зааж байлаа.
НАЙРУУЛАГЧ МИХАИЛ РОММТОЙ МАРГАСАН НЬ
Василий Шукшин 1954 онд Бүх холбоотын киноны дээд сургуульд /ВГИК/ сурахаар Москва руу явав. Тэрбээр нийтийн байранд орж чадалгүй, Котельническая набережная гудамжинд хоног төөрүүлэх болсон тухай байв. Тэрбээр зүүрмэглэж амжаа ч үгүй байтал нэг туранхай өндөр хүн таарч, гэртээ очиж хоно гэжээ. Тэд шөнөжингөө цай ууж, яриа дэлгэсэн гэдэг. Хожим нь Шукшин их сургуульд элссэн хойноо өөрийг нь “аврагчийг” киноны дээд сургуулийн коридорт явж байхыг нь харжээ.
Энэ нь алдарт кино найруулагч Иван Пырьев байв. Шукшин олон жилийн дараа түүнээс “Иван Александрович аа, би нэг удаа танайд хоносныг санаж байна уу?” гэж асуухад “Санахгүй байна. Манайд хоносон хүн алийг тэр гэхэв” гэж Пырьев хариулжээ.
Шукшин элсэлтийн комисст очихдоо өгүүллэг бичсэн дэвтрээ авч очжээ. Гэвч өвөрмөц залууг жүжигчний анги руу явуулав. Жүжигчний ангиас тэрбээр найруулагчийн ангид очиж, киноны гол хүн найруулагч болохыг мэджээ.
Шукшин шалгалт өгсөн тухай ярихдаа “Миний бэлтгэл сайнгүй байв. Би мэдлэгээр гайхуулаагүй. Харин байгаа байдлаараа элсэлтийн комиссынхны гайхшралыг төрүүлсэн… “ВГИК-т энэ өдрүүдэд юу хийж байна вэ?” сэдвээр миний бичсэн ажил намайг аварсан” гэж дурсчээ.
Энэ ажлынх нь булан дээр “Сэдвээрээ бичээгүй ажил байна. Тавьсан болзол биелүүлсэнгүй. Гэхдээ зохиогчоос найруулагчийн авьяас харагдсан тул онцсайн үнэгээ өгөв” гэж цохжээ.
Шалгалт авч байхад Шукшин ¬¬өө𠬬рүү нь хашгичсан ч найруулагч Михаил Ромм түүнийг ангидаа авчээ.
Бородины дэргэд байхдаа Пьер Безухов хэрхэн санаа зовж байсан тухай ярихг Ромм хүсэхэд “Би дайн энхийг уншаагүй. Дэндүү зузаан ном. Залхуу хүрээд байдаг юм” гэж Шукшин хариулжээ. “Та ерөөс зузаан ном уншаагүй хэрэг үү?” гэж Ромм гайхахад “Нэг ном уншсан. Мартен Иденийг уншсан. Сайхан ном” гэж Шукшин хэлжээ.
Ромм эгдүүцэн “Та чинь яаж сургуулийн захирлаар ажилласан юм? Та соёлгүй хүн байна! Бас найруулагч болох санаатай!” гэв. Тэгтэл Шукшин дүрсхийн, “Сургуулийн захирал гэж хэн болохыг мэдэх үү? Өвлийн цагт хүүхдүүдийг хөлдөөчихгүйн тулд түлээ олж, хөрөөдөж, хагалж, хураадаг юм. Сурах бичиг, керосин, хичээл заах багш олох хэрэгтэй. Тосгон тэрэгний ганц морьтой. Бүхнийг биеэрээ туулдаг… Юун зузаан ном уншихтай мантай…” гэжээ.
Зөвхөн авьяас билэгтэй хүн л тийм хэвшмэл биш үзэл бодолтой байж болох юм гэж Ромм шийдээд, түүнийг сургуульдаа элсүүлсэн бана.
Шукшин 1955 оны наймдугаар сард төрөлх тосгондоо очиж, нэг тосгоныхоо эмэгтэй, дунд сургуулийн багш Мария Шумскаятай хуримлав. Түүнтэй 15 жил “үерхэж”, энэ бүх хугацаанд Мария түүнийг хүлээсээр байв. Хуримаа хийнгүүт Василий Шукшин Москва руу, харин түүний залуу эхнэр Новосибирскийн багшийн дээд сургуульд орохоор явжээ.
Тэр дараачийн удаад 1964 онд л уулзжээ. Бүр 1957 онд Шукшин Москвагаас түүнд захиа бичиж, өөр эмэгтэйд хайртай болсон тул салъя гэжээ.
АНХНЫ АМЖИЛТ
Тэр үед Шукшин кинонд тоглож эхэлсэн байна. Тэрбээр 1957 онд “Дөлгөөн Дон” кинонд жижиг дүрд тогложээ. Харин 1958 онд Марлин Хуциевын “Хоёр Федор” киноны гол дүрд тоглох урилга авчээ.
Дараа нь олон урилга дараалан ирэв. Шукшин богино хугацаанд хэд хэдэн кинонд тоглосоны дотор “Алтан цуваа” /1959/, “Жирийн түүх” /1960/, “Модод том байсан” , “Аленка” /1962/, “Мишка, Серега бид гурав” /1962/, “Бид хоёулаа эр хүн” /1963/ зэрэг кино байна.
Шукшин кинонд амжилт олохын сацуу уран зохиол ч амжилттай туурвиж байв. Тэрбээр гуравдугаар курст суралцаж байхаасаа зохиолыг нь аль нэг редакци анхаарна байх гэж найдан, нийслэлийн сонин сэтгүүлийн газруудад өгүүллэгээ илгээж байв. 1958 онд “Смена” сэтгүүлд түүний “Тэрэгтэй хоёр” өгүүллэг нь хэвлэгджээ. 60-аад оны эхээр Шукшины зохиолыг тогтмол хэвлэх болов.
“Молодая гварди” хэвлэлийн газар 1963 онд Шукшины зохиолын анхны түүвэр “Тосгоныхон” түүврийг хэвлэжээ. Мөн тэр жилээс тэрбээр Горькийн нэрэмжит кино студид найруулагчаар ажиллаж эхэлж, 1964 онд “Ангийн удирдагч”, “Гринька Малюгин” өгүүллэгтээ түшиглэн “Ийм нэгэн залуу” бүрэн хэмжээний анхны киногоо бүтээжээ.
Гол дүрд нь Леонид Куравлев тоглосон кино үзэгчдийн талархал хүлээж, харин 33 настай Шукшин сэтгэл тийм ч ханамжтай биш байв. Киног инээдмийн кинонд тооцож, тэр жил Венецэд болсон олон улсын кино наадамд илгээж, хүүхэд, залуучуудын киноны уралдаанд оруулжээ /Кино наадмын тэргүүн шагнал хүртсэн/.
Тэрбээр “Искусство кино” сэтгүүлд “Би хошин киног мэднэ. Энэ киноны мастерууд шагнал их аваасай. Гэхдээ миний ойлгож байгаагаар, хошин кинонд хэн нэгэн инээдмийн байх ёстой. Юуны өмнө баатар нь тийм байх ёстой. Харин манай киноны баатар инээдтэй биш” гэж ярьжээ.
1966 онд Шукшины “Тэртээ алсад…” өгүүллэгийн түүвэр, “Таны хүү, дүү” шинэ кино гарав. Харин 1966 оны гуравдугаар сараас “Разины төгсгөл” кино зохиолыг нь баталж, Шукшин хамаг анхаарлаа энэ төсөлд төвлөрүүлж, кинонд тоглож, кино зураг авахаа болив. Уг төслийн зургийг 1967 оны зун авахаар товлосон ч бүтсэнгүй. Разин тухай кино зохиол нь хаагдсаны дараа Шукшин “Буцлах цэг” гэсэн хошин үлгэрийн кино бүтээхийг хүссэн ч бас бүтсэнгүй.
Энэ үед Шукшины хувийн амьдрал ч бүтэлтэй биш байв. В.Шукшин яруу найрагч Белла Ахмадулинад сэтгэлтэй болж, тэр ч байтугай түүнийг “Ийм нэгэн залуу” анхны кинондоо сэтгүүлч бүсгүйн дүрд тоглуулсаны дараа “Москва” сэтгүүлд редактороор ажиллаж байсан 33 настай Виктория Софроноватай учир ургуулав. Тэр хоёр зохиолчдын төв ордонд Шукшины шинэ туужийг хэлэлцэх үед тааралдаж, дараа нь найз нартайгаа зуушны газар руу явжээ.
“Хоол захиалаад байж байтал Шукшин Белла Ахмадулинатай гэнэт орж ирэв. Тэр үөд тэдний хайр дурлалын явдал дуусгавар болж, салалтын уулзалтаа хийв. Тэдний хамт бас Андрей Тарковский эхнэртэйгээ цуг байсан. Тохиолдлоор эсэхийг мэдэхгүй, Шукшин бид хоёр нэг ширээнд өөд өөдөөсөө харж сууж таарсан. Оройн турш бие биеийнхээ нүд рүү ширтээр байв. Гэхдээ миний хувьд тийм зоримог зан угаас байгаагүй юм” гэж В.Софронова “rusactors.ru” сайтад бичжээ.
БАГЛАА ЦЭЦЭГ, ЛОНХ ДАРС
Дараа нь тэдний харьцаа хөрөв. Тэд салж, Шукшин “Тэр ямар тэнгис вэ?” киноны зураг авахаар Судак хот руу явж, тэнд 26 настай Лидия Федосееватай учирчээ. Шукшин их “зугаалдаг” гэсэн яриаг дуулсан Лидия кино зураг авахад Шукшин түнш нь болно гэдгийг мэдээд их гутарсан гэдэг. Тэд Судак руу галт тэргээр явах замд уулзжээ. Жүжигчин эмэгтэй нэг купенд охин Настя, кино операторуудтай цуг явжээ.
«Би Шукшиныг сэм ажиглалаа. Тэр хөгжилтэй, сэргэлэн, дүрсгүй гэмээр ногоон нүдтэй юм. Тун аятайхан хүмүүс цугларч, би дуу дуулсан. «Улаан бөрөлгөнө»-ийг дуулсан. Тэр над руу гэнэт жигтэй хараад, дагаж дуулсан... Харин бүгд унтсан хойно манай купенд нэг хүн орж ирэв. Харсан чинь Вася байлаа. Тэр миний орон дээр суугаад, «Алив, өөрийнхөө тухай яриарай» гэлээ. Бид шөнөжингөө ярилцсан» гэж Федосеева дурсчээ.
Харин дараа нь сууж явсан автобус ойн цоорхойд түр зогссоноо хөдлөхөд автобусанд түрүүлж орсон жүжигчин бүсгүй Шукшин пиджакныхаа цаана ямар нэг юм нуугаад зогсож байхыг харжээ.
«Амьтан бариа юу?» гэж асууваас тэрбээр надад баглаа цэцэг барив.Тэрбээр эмэгтэй хүнд анх цэцэг бэлэглэсэн нь тэр байсныг би хожим мэдсэн юм. Би тэр цэцгийг удаан хадгалсан» гэж Федосеева ярьж байна.
Кино бүтээж байх хооронд Виктория Софронова Шукшины охиныг төрүүлэв. Шукшин энэ тухай дуулаад, төрөх газарт очиж, залуу ээжид лонх дарс барьжээ. Тэрбээр хэсэг хугацаанд «хоёр галын хооронд» байгаа юм шиг байж, тэр хоёр бүсгүйн аль алинтай нь цуг амьдарч байв.Гэвч сүүлдээ Федосееватай гэрлэсэн юм.
Тэдний холбоо, түүний дотор уран бүтээлийн холбоо нэг их удаагүй ч амжилттай байв. Юуны өмнө «Ам амандаа орчих шахах», «Улаан бөрөлзгөнө» киног дурдаж болно. Василий Шукшин энэ кинонуудад киноны зохиол бичигч, найруулагч, жүжигчнээр ажиллажээ.
Лидия Федосеева угаасаа хотын хүн /Ленинградад төрсөн/. Харин эдгээр кинонд нөхөртөө чин үнэнч, тэдний сайн сайхны төлөө ямар ч хохирол үзэхээс буцахгүй тосгоны жирийн эмэгтэйн дүрийг гайхамшигтай бүтээсэн байна.
«Ам амандаа орчих шахах» киноны гол дүрд эхлээд Леонид Куравлев тоглох ёстой байжээ. Гэвч жүжигчин бодлоо өөрчилсөн ч Шукшинд энэ тухай шулуухан хэлж чадалгүй, түүнээс удтал нуугдсан байна. Эцсийн бүлэгт тэд уулзалдсан байна.
«Чи энэ кинонд өөрөө тоглосон дээр. Чамаас өөр хэн ч сайн тоглож чадахгүй. Чи өөрөө зохиосон, бичсэн, чи тоглох хэрэгтэй» гэж Куравлев Василий Шукшинд ярьснаар тэр өөрөө «Ам амандаа орчих шахах» кинонд тогложээ.
Шукшин кино зохиолыг нь ердөө хоёр долоо хоногт бичсэн «Улаан бөрөлзгөнө» кинонд хууль ёсны эхнэр нөхөр хоёр болох Лидия Федосеева, Василий Шукшин нар энэ дууг дуулж танилцснаас хойш арван жилийн дараа тоглосон байна.
ҮХЛЭЭ ЁРЛОСОН НЬ
«Улаан бөрөлзгөнө» кино Шукшины сүүлчийн гүйцээсэн бүтээл байжээ. Энэ киноны зургийг угсарч байхад Шукшины ходооны өвчин сэдэрч, тэр эмнэлэгт хэвтжээ. Тэр өвчтэй байсан ч өдөр бүр «Мосфильм» студэд ирж ажилладаг байв.
Киног үзэгчид ч, кино шүүмжлэгчид ч бахдан хүлээж авав. Киног бараг 100 сая хүн үзсэн мэдээ байдаг. «Улаан бөрөлзгөнө» киног Антонина, Феллина нар биширч, 1974 оны дөрөвдүгээр сард Баку хотод болсон Бүх холбоотын VII кино наадмын тэргүүн шагнал хүртжээ.
Харин хоёр жилийн дараа 1974 оны аравдугаар сарын 2-нд Шукшин нас нөгчсөн юм. Шукшин нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө Сергей Бондарчукийн «Эх орны төлөө тулалдагсад» киноны зураг авч байх үед Бурков гэдэг найзтайгаа нүүр будах өрөөнд сууж байхдаа Шукшин янжуурын хоосон хайрцаган дээр нэг юм зурж байжээ.
«Чи тэнд юу зурж байгаа юм бэ?» гэж Бурков түүнээс асуухад «Зүгээр л... бороо, уул, үүл зурж байна. Ерөнхийдөө оршуулгын зураг» гэж Шукшин хариулжээ. Тэгэхэд Бурков найзаа загнаж, аймаар юм зурсан янжуурын хайрцгийг нь хурааж авсан байна.
ЗСБНХОУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн гэсэн ганц цолтой байсан Шукшиныг Введенийн оршуулгын газарт нутаглуулах ёстой байв. Гэвч Сергей Бондарчук түүнийг Новодевичьед оршуулах зөвшөөрөл авч чаджээ. Оршуулгын газрын дэргэд хаанаас ч юм олж авсан бөрөлзгөний шилбэ барьсан хүмүүс гашуудлын цувааг угтаж байв.
П.Шагдар


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: