Т.Отгонтуяа /Дундговь/
НАЙРАГЧИЙН ТУХАЙ БЯЦХАН ХӨӨРӨЛДӨӨН
…Тэр үнээн би хөөрүү хүн
Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө
Харсаар байтлаа худлаа хэлж
Халуурч шүлэглэсэн хүн… гэж найрагчийн сэтгэлээр догдолж бас бардамнаж бичсэн шүлгийн эзнийг ард түмэн мэднэ. Энэ найрагч Дундговийн Говь-Угтаалынх. Өдгөө тэрбээр бидний дунд байхгүй ч боржгон Угтаалаараа овоглон, Болор цомын тайзыг эзлэн ханхайдаг байсан төрх нь мартагддаггүй юм. Барнангийн Доржпалам найрагч эгч дүү дөрвүүлээ. Түүний эгч Барнангийн Аюургүнсэн өдгөө Мандалговь хотод амьдардаг юм. Найрагчийн тухай бяцхан дурсамж сөхөж, Б.Аюургүнсэн гуайтай цөөн хоромд хуучиллаа.
- Та найрагчийн хамгийн том эгч нь үү?
- Тийм. Би айлын ганц охин.Дороо гурван эрэгтэй дүүтэй. Биднийг багад ээж маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн болохоор би чинь хэдэн дүү нартаа ээжийн оронд ээж болж өсгөсөн дөө.Говь-Угтаалын хойд тал, жинхэнэ боржигон зүгийн улс даа, бид.
- Авъяас удам дагадаг гэдэг оргүй үг биш. Танайханд билэг авъяастан байсан л биз.
- Шүлэг найраг бичдэг биш ч гэсэн бидний өвөг эцэг ерөөл магтаалыг их сайхан хэлдэг хүн байсан гэдэг. Ээжийн маань өвөө батуул Жамба гэдэг хүн байсан. Батуул гэдэг нь эмийн ургамлын нэр л дээ. Дандаа тэр ургамлыг түүж явдаг хүн байж л дээ. Тэгээд нутгийнхандаа тэгж нэршсэн гэдэг.Харин аав маань их сайхан дуулдаг хүн байлаа. Мал маллана. Бас ан хийнэ. Марзан зантай, олонтой нийтэч хүн байсан даа. Тэмээн тэрэгтэй ус зөөнө. Усаа аваарай гээд л дуугаа дуулаад явдаг хүн байлаа.
- Доржпалам найрагчийн шүлэг бичиж, онгод хөглөдөг болсон үе нь хэзээ юм бол?
- Энэ тухайд эгч нь хэлж сайн мэдэхгүй юм. Би 4-р анги төгсөөд мал малласан л даа. Надад нэг саарал хавтастай дэвтэр байдаг.Түүнийгээ өөрөөсөө салгана гэж үгүй. Хонио хариулаад явж байхдаа л мөр холбож бичдэг байлаа. Тэр нь шүлэг гэхэд хэцүү л дээ. Тэгээд аймгийн төв рүү сургуульд явахдаа нөгөө дэвтрээ хөдөө мартчихаж. Хожим Палам маань эгчийн саарал дэвтрээс л гоё гоё санаа төрсөн шүү гэж ярьдаг байж билээ.
- Дүүг тань нэртэй найрагч болоход саарал дэвтэр тань туслажээ дээ?
- /инээв/ Дүү маань биеэ даасан хүүхэд байсан. Аймгийн төвд аравдугаар ангиа төгсөөд Алтанбулагийн техникумын хуваарь авсан гэж захиа бичиж байсан. Төдөлгүй сургуулиа сольж Оросын Омск хотод цэргийн сургуульд явахаар болсноо хэлсэн. Хүүхэд хэрнээ дүүгийн маань даралт ихэсдэг байсан. Түүнд нь л их санаа зовдог байлаа. Ямар сургуульд сурахаа өөрөө л шийдэж, өөрөө л биеэ дааж явсан. Бидний туслалцаа ч нэг их байсангүй.
- Анхны шүлэг нь ямар нэртэй байсан юм бол?
- Яг тийм шүлэг байдаг гэж хэлж мэдэхгүй л байна. Би нэг захиаг нь уншсан юм аа. Сургуульд явахаасаа өмнө нутгийнхаа охинд бичсэн захиа байсан. Дандаа шүлэг. “Амаржаргалд бичсэн захиаг чинь уншчихсан шүү. Бараг ном болохоор захиа байсан” гэж цаашлуулахаар л “Эгч яагаад хүний захиаг хамаагүй уншаад байгаа юм” гээд пар пар инээж билээ. Тэр шүлгэн захидал анхны шүлгүүдийнх нь нэг байсан байх аа. Үерхдэг байсан охин нь одоо Улаанбаатарт амьдардаг. Тавь гарсан хүн л бий дээ.
- Сургуулиа төгсөөд хаанаас ажил амьдралын гараагаа эхэлсэн бэ?
- Өмнөговь аймгийн Жаал шандын заставт цэргийн улс төрийн орлогчоор хуваарилагдан очсон. Тэндээ нэлээд удаан ажилласан даа.
- Найрагчийн танд зориулж бичсэн ямар шүлэг байдаг вэ?
- Эгч нь сайн мэдэхгүй л байна. Дүүгийн маань найзууд танд зориулсан тийм тийм шүлэг байдаг гэж хэлж л байдаг. Х.Зандраабайдий, До.Цэнджав Д.Төрбат гээд олон зохиолч манайхаар орж гардаг байлаа. Огт танихгүй хүн дүүг маань дурсаж ярихыг сонсоод найз нөхөд л явж дээ л гэж боддог доо.
Барнангийн Доржпаламын шүлгээс...
Би ирж яваа юм
Дуниартсан намрын хонгор өдрийг нартай нь сартай нь
Дурсгал болгон бие биедээ солилцож бид саллаа, би явлаа
Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар
Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо, би явлаа.
Холдож явсан энэ л мөчөөсөө эхлэн
Хонгор минь би чамдаа очиж яваа юм, би ирж яваа юм, чам руу.
Хойтон болтол бидэн хоёрын хооронд сунайх замаас
Хорж байгаа юм энэ чинь, би ирж яваа юм, чам руу.
Өдий ч байна даа гэж чиний минь тоолсон хоногоос
Өнөөдрийг би хасч яваа юм, би ирж яваа юм, чам руу.
Өгсөж давах тусам өөдөөс ургаж босоод байдаг
Өчнөөн уулсын нэгийг давж яваа юм, би ирж яваа юм, чам руу.
Хөөрлийн шүлэг
Тэр vнээн! би хөөрvv хvн
Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө
Харсаар байтал худлаа хэлж
Халуурч шvлэглэсэн хvн
Тэргэл цагаан сарыг нь чамайгаа гэж
Бvлээрч шvлэглэсэн хvн
Тэр ч бvv хэл
Будант тэнгэрийн танихгvй оддыг минийх гэж
Булааж шvлэглэсэн хvн, хvлцэл өчмvv!
Өчсөн, өчөөгvй би дахиад л
Онгирох нь
Өндөр тэнгэрийн vvлс ахиад л
Зангирах нь
Хvлэглэж давхисан морины ам ч
Халах нь
Хvрдэн их дэлхийг мөндөр цохьж алах нь
Минийх гэж хэлэх нь
Онгирох юм надад их бий
Хялмаалсан олон одод миний
Алаг нvднээс аргамжаатай
Хязгааргvй их тоо бvхэн миний
Арван хуруунаас торгомжоотой
Миний
Онгирох
Орон зай ийм!
Өөрчилж зогссон газар бvхэнд
Өөрөөс минь vvсдэг
Дөрвөн зvг vзvvргvй
Өндрөөс минь дээшээ
Өсөж vргэлжилсэн
Босоо шулуун хязгааргvй
Миний
Хөөрөх
Хөх тэнгэр энэ!
Би онгирохдоо
Цэнхэр хорвоогийн уудамд
Шахцалдахгvй тонгочих гэсэн юм
Цэнгэг усныхаа мандлаас
Шартахгvй залгилах гэсэн юм
Онгирох юм надад их байна
Yгvйрлийн зуднаас
Тvрvvлж нvvгээд
Багширсан сvрэг байна
Yvлэн сvvдэрээс хоцорч нvvгээд
Бараадсан бууц байна
Галтай чулуу, устай чулуу, задын чулуу
Газар далай, тэнгэрийн гурван чулуу
Гурвуулаа надад байна
Аяа!Би наанадаж онгирьюу
Талын шуурганаас өрсөж босож
Буур хилэгнvvлэх нь
Таанын толгойноос шvvдэр тvvж
Шивээ уурлуулах нь
Аяа!Би цаанадаж онгирьюу
Лусын охинтой
Даалуудаж
Луутай тэнгэрт
Yvлvvдэх нь
Ардын дууныхаа
Хө хө нугалааг
Хөх алчуур шиг хийсгэж
Айраг дэмбээ намрынхаа
Алтан дэлбээ найран дээр
Агсан морьтой ханхалзаж
Аяа! Би дахиад л
Шvлэглэх нь
Анхилхан мод ахиад л
Гөлөглөх нь
Орчлон хорвоо бас л
Дунших нь
Онгодоор бичсэн шvлгээ би
Унших нь
Уншихгvй гэсэн чинь
Уурласан өвгөд
Удмаа залгуулахгvй гэж
Айлгасан юм
Уншихгvй гэсэн чинь
Уйлсан бvсгvй
Уруулаа өгөхгvй гэж
Туньсан юм
Онгирохгvй байя гэсэн чинь
Одтой тэнгэр хилэгнэж
Онгодоо өгөхгvй гэсэн юм
Онгирохгvй байя гэсэн чинь
Онгон лус дургvйцэж
Охиноо өгөхгvй гэсэн юм
Тэр vнээн,би хөөрvv хvн
Тэнгэр дээр төрсөн гэж харсаар байтал худлаа хэлж
Зvтгэж шvлэглэсэн хvн
Тэр ч бvv хэл огт танихгvй бvсгvйг миний гэж
Зvтгэж шvлэглэсэн хvн
Тэд бvхнээс хvлцэл эс өчмvv.
/"МОНЦАМЭ мэдээ" сонин. 2009.08.07-ны дугаараас/


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: