ОМСКИЙН ДЭЛТ ЧОНО
-Хөрөг-

Далаад оны сурагч биднийг Мандалговь хотын 10 жилийн сургуулийн дотуур байранд байхад нэг аймшигт амьтан гэнэт гараад ирлээ. Гашуун нясуун юм сэнгэнүүлээд энэ тэрийг сэжигтэй ажсан эвгүй харцтай, шилээ дарсан урт үстэй, орос хороом гутлын түрүйг гармуушиглан дарсан, улаан эрээн ороолт хайш яйш унжуулсан олигор хар нөхөр хаанаас гараад ирснийг мэдэхгүй, тэрийг ч дэлсэж гэнэ, үүнийг ч ичээж айлгаж гэнэ, тэрний хоолойд хутга тулгаж гэнэ гэсэн дэл сул яриа хаа сайгүй дуулдах болов. Нэр ч байхгүй. ”Омскийн дэлт чоно ” л гэнэ. Үнэхээр аюумшигт ”дэлт чоно” гэвэл тэр мөнөөсөө мөн байлаа. Царай зүс арай гайгүй охидыг эргүүлнэ, тоохгүй бол яаж ч магадгүй ийм хачин дээрэнгүй хүн гараад иржээ.
Манай ангийн охид, ялангуяа дотуур байрны охид өглөө хичээл эхлэхийн өмнө аальгүйтэж, элдвийн юм цуурна. Урьд шөнө цонхоор тэр орж ирээд, гэрэл асааж шившгийг дэлгээд, хогийн шүүрээр цохиж хөөгөөд, дотуур байрны цэргээс ирсэн багш тэгэж мангартаад гэхчилэн ярихдаа нөгөө ”Омскийн дэлтийн” талаар ярина, шоолж инээлдэнэ.
Аравдугаар ангийнхан бол бас яадгаа алдсан амьтад биш. Эр бие өсч, эсгий бие сунасан болохоор хэнтэй ч үзэлцэхээс сийхгүй, дор дороо атмаан санаатай . Хүчтэй, тамиртай, тэгээд бас гар зөрүүлэхдээ шаггүй бол түүгээрээ бахдана. Нэр нөлөөгөө ч өсгөнө. Жараад олны сүүлчээр аймгийн хамаг хогийн хулигаан, танхай балмад нь усжуулах, барилгынханаар дүүрэн байдагсан. ”Хутга” Жамъян, ”хутга” Долцон гэдэг ч зүрхэнд шар ус хуруулсан амьтад дуулдана. Тэд хурдан гэж жигтэйхэн. Элдэж байгаад араас нь шаана. Үдэш орой, үдэшлэг цэнгээний дараа охид хүүхнүүдээ булаацалдаад зодоон цохионгүй сална гэж байхгүй. Тэр цагийн өвчин байж дээ. Муу муу л гэнэ, одоо харин ч соёлтой болчихсон юмсанжуу. Хэн нь хэнээсээ дутах вэ дээ зодуулж, зодож л явж.
”Омскийн дэлт” ба түүний нөхөд байрны цонх яйруулаад л үсрээд ороод ирнэ. Түүний дотор өнөө цагийн агуу их ламтан, их бичгийн сартваахи гавж Сонинбаяр таваргаж явсан гэхэд ”арай ч үгүй байлгүй” гэж хэн хүний нүд орой дээрээ гарч итгэхгүй байх даа. Лам хүнийг ингэж хэллээ гээд нүгэл болдоггүй байх даа, яахав дээ хүүхэд цагийн явдал шүү дээ. Тэрхүү ”Омскийн дэлтийн баруун гарын биш юмаа гэхэд ойрхоны хиа нь мань эр. За ингээд л орхичихъё. Хэд хэдэн удаа нударган зодоон хийсний дараа эвийн гэрээ байгуулцлаа. Харин ч биднийг ашиглаж, манай ангийн зүстэй царайтай нэгэнтэй ойртохыг бодсон нь тэр байж. Тэгсэнээ найз нөхөд болцгоож далай тэнгисийн эрэг захад, их ой модон дунд Омск гэдэг мундаг гоё хот байдаг тухай ярина. Офицерийн хувцас, алтан мөрдөс гэдэг чинь та нарын муусайн даалимбан тэрлэг биш. Бид цул алтан амьтад явцгаадаг. Бидний араас орос охид дагаад салахгүй.
Харин манай аймгийн хөсрий охид, хүүхнүүд чинь яасан мангар, наадах цаадах юм мэддэггүй хачин амьтад вэ. Наанаа ичсэн болоод цаана ямар байдгийг ямар мэдэхгүй биш. Танай арван жилийн сургуулиас хамгийн гоёыг нь авч явна даа. Мөн ч азтай охин намайг дагаж алтан Москва үзнэ шүү дээ. Би онгоцонд суулгаад, орос руу авч явна, оросын эрээн даашинзтай охидод гайхуулна. Энэ муу тоос шороотой аймгийг байтугай Омскийг бүхлээр нь айлгадаг юм чинь гэж сагсуурах. Мань хашир ч хүч хэрэглэж нэг үзэж, хүзүү сунган гуйж нэг үзэж, булааж нэг үзэж, бултуулж нэг үзэж эр хүний арван гурван мэхийг угсруулан хийсэн ч энэ тэрд олигтой тоогдсонгүй. Говь-Угтаал руугаа алга болсон уу, нөгөө алдарт Омск руугаа явсан уу, тэгсхийгээд ”дэлт чонын” чимээ алдрав.
Гэтэл тэрхүү ”Омскийн дэлт” буюу бидний зүрхэнд шар ус хуруулсан аймшигт амьтан маань хожмоо Барнангийн Доржпалам хэмээх гайхамшигтай авъяаслаг яруу найрагч болсон юмсанж. Тэр үед шүлэг шүүлэг , шүтээн бурхан хоёроо ялгахгүй хийсэж явсан бизээ. Оросын Омск хотод цэргийн дунд сургуульд сурч байгаад чөлөө авсан юмуу, эсвэл хаячихсан юмуу, үгүй бол хөөгдсөн юмуу мэдэхгүй, ингэж л нэг ирсэн юм.
Бүр хожуу наяад оны эхээр шүлэг бичиж, шаггүй нэр олчихоод байхад нь хотын гудамжинд тааралдахад багын хөгтэй янз бүрийн юм яриад салсангүй. Нөгөөх алдарт хулигаан чинь танигдахын аргагүй болжээ. Хилийн цэргийн ногоон дүрэмт хувцас өмсөөд, зэгсэн гүзээ суугаад махалж мяраалчихсан, хөдөлгөөн нь удааширч, маг маг инээсэн, марзан юм ярьсан, ноосыг зулгааж байхад хивж л хэвтдэг тэмээ шиг номхон, ноорхой амьтан болчихсон байх юм. ”Хоюулаа манайд очъё. Хонож өнж. Би чамд юу хийж байгаагаа харуулья” гэлээ. Хөдөөнөөс ирсэн би яахав, зөвшөөрч л орхино биз.
Гэр нь хуучин пионерийн ордны харалдаа боломжийн байшинд байх юмаа. ”Авгай эзгүй. Гэсэн ч бүү санаа зов. За би чамд гарынхаа хоолыг хийж өгнөө. Энэ ширмэн тогоо тахианы махыг зумартал нь чанадаг хойноос хорхойсож авсан ганц нүдтэй эд. Манайд идэш ирсэн. Угтаалын үхрийн тарган хавиргыг төмстэй, сармистай чанана. Нэрэлхэх юмгүй, цохиж өгнө шүү хөө” гээд гашуун юмнаасаа аяганд цүл цүлхийтэл хийв.
Аргагүй л нутаг амьтай нэгэн байсан даа. Угтаалын уул, Ерлөг, Их газрын чулуу, боржигон найр наадам гэхлээр ер бусын амьтан амилаад ирнэ. Түүний бичсэнээр,
” Өдрийн од харах хүслээр жигүүрлэсэн би
Өндөр хайрханыхаа оройд нэг л мэдэхэд сууж байнам
Алс тэртээх Дэрэн, Гурвансайхан сумын нутаг дахь
Айлын бараа л өдрийн одоо, гэвч өдрийн од биш дээ” гэж бичсэн шиг тэдний Говь-Угтаал миний Гурвансайхан сумын хаяа зэргэлдээ нутаг. Барнангийн Доржпалам, Цэндийн Чимэддорж бид гурав бол яах аргагүй Их газрын чулуу, Ерлөг уулыг зүүн баруун талаас нь хашиж, биширч, сөхөрч, шүтэж, мөргөж өсөцгөөсөн яалт ч үгүй нэгэн үеийн нойтон үстэй унаганууд юм даа.
Хөдөөний хэлхэгэр өвгөчүүл сумын нүдэнд торсон гайгүй хүүхэн, хурдан морь, бөх ярина. Үнэхээр ч Говь- Угтаал сум аймагтаа нэртэй бол нэртэй, зүстэй бол зүстэй жинхэнэ боржигоны бор буттай аараг толгодтой тал. Сар сааттал, нар ургатал найрладаг хур буян хишиг шингэсэн өлгий . Морь нь хөнгөн, бөх нь шөрмөстэй, хүүхнүүд нь царайлаг, шуранхай нь цээл, айраг нь аагтай, бүхнээр бүрэлдэж найрсан газар. Шүлэг болгондоо Угтаалын их уул гэж бичнэ. Угтаалгүй, говийн толгодгүй, чулуу морьгүй, хөдөө талгүй , найр наадамгүй шүлэг ховор. Аргагүй л ийм талын шүлэгч билэг танхай байхаас өөр аргагүй.
Хоюулхнаа найрлаж гарав. ”Балбарынх энүүхэн тавдугаар сургуулийн дэргэд шүү дээ. Би дуудъя” гэлээ. ”Битгий дэмийр. Чиний тэр Балбартай, Балбаргүй болно. Хоёр арслан нэг торонд багтдаггүйг чи мэддэггүй юмуу? Тэр ямар ууж чадах биш, тэр ямар тавьтиртай байж чадах биш, сайхан уулзалтыг яйран болгоно. Хэл яриа ч нийлэхгүй. Хоюулхнаа байхад болохгүй байна уу? Чи надаас уйдаагүй биз” гэлээ.
Шүлгээ уншина, ингэж л бичиж байна шүү дээ найз нь, хэнийх нь шүлгэнд ийм үг байгаа юм бэ? гэх. Тэгснээ ер нь хөдөө тэнүүчлээд алга болъё гэж тунирхах. Дэндэвийн Пүрэвдорж гуай намайг их тоодог, Дооровыг ахыгаа гэдэг, Бавуугийн хүүг найзаа гэдэг гэнэ. Заставын офицер байснаа ярина. Хилийн муусайн хусарсан цэргүүд үгүй мөн хэцүү шүү, золтой л авгайгаа булаалгачихалгүй хилээс ирээд хотод төвхнөлөө. Харж байхад л хормойдчих гээд болдоггүй юм гэж ирээд гэмгүй цайлганаар инээнэ.
Шүлгийн хийц хэлбэр нь үнэхээр өөр байлаа. Тийм том шүлэгч болсон гэдгийг даанч ойлгоогүй байж. Үүнд гомдоно. Хамгийн хэрэггүй улс бол та нар, шүүмжлэгч нар гэнэ. Зохиолч бид байхгүй бол шүүмжлэгчид хоолгүй болох улс л гэнэ. Түүнд дууриамал худал байдал, илүү дутуу дэл сул мөр, бадаг нэг ч байгаагүйсэн. Хүн ингэж төрөл арилжих гэж... Шоронгийн хадаас ч болж магадгүй золиг байсан шүү дээ, гэтэл гурван хадааст шинелийн дотроос хэн гэдгээ харуулж, шинэ содон, хачин өвөрмөц юм хийж байх гэж багын нөхөртөө баярлаж суулаа .
Миний бусдад агсам тавьж, тас шавхуурдсан шүлгийг чи сонс. Хайрын муусайн шүлгүүдийг яйр хийсэн шүлэг. Мөн ч олон нь атаархаж, мөн ч олон нь цуурч магтана даа. Мөн ч олон нь намайг хуулж дуурайна даа. Хэвлүүлэхээсээ ч хайрлаад байгаа юм гээд салсхийтэл босов. Дүйнгэтэх мэт манарсан нүдэнд нь гал оч харваж, гар нь салгалж, хэсэг чимээгүй байснаа ”Би ирж яваа юм” шүлгээ эв муутайхан хоолойгоор дуудлаа.
Дуниартсан намрын хонгор өдрийг нар сартай нь
Дурсгал болгон бие биедээ солилцож бид саллаа
Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар
Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо.
Холдож явсан энэ мөчөөсөө эхлэн
Хонгор минь би чамдаа очиж яваа юм, би ирж яваа юм, чам руу...
Энэ бурхан минь...Ийм санаа, ийм философи, ийм урлал, ийм сэтгэлгээ гэж байхуу даа. Ийм болхи толхи эрээс тийм нарийн чигжүү сийлмэл ухаан сэтгэмж гарна гэж үү? Анир чагнах шиг шүлгээ таслан гөлрөв. Нулимс чив чимээгүй урсахад, би яахаа мэдэхгүй балмагдав. Шинэ шинэ үг хэллэг, шинэ шинэ ухаан, магадгүй буддийн гүн ухаанд л амь сүнс болж оршдог байх гэмээр цаг хугацааны тайлал, сэтгэлийн хөөрөл, нууцын нууц тайлал нь намайг ёстой л шавхуурдаж зодсоор байлаа.
Яруу найрагт агсам тавуилаад зогсож байна гэдэг хачин. Тэгсэнээ хэн нэгнийг эрж хайх хойш урагш холхисноо тэвчихийн аргагүй багтран,
Хойтон болтол бидэн хоёрын хооронд сунайх замаас
Хорж байгаа юм энэ чинь би ирж яваа юм чам руу
Өдий ч байна даа гэж чиний минь тоолсон хэдэн зуун хоногоос
Өнөөдрийг би хасаж яваа юм, би ирж яваа юм чам руу
Өгсөж давах тусам өөдөөс ургаж босоод байдаг
Өчнөөн уулсын нэгийг давж яваа юм, би ирж яваа юм чам руу гэснээ ”Алив Жаваа, дүүргээд аль. Би энэ шүлгэндээ шатаж үхэх нь. Ямар байна гэдгийг чамаас ч асуух үгүй. Хэнээс ч асуухгүй. Ингээд л болоо.Одоо юу ч уншихгүй ” гэлээ.
Би дотроо бодов. Юмсыг ингэж зөрчилдүүлэх гэж. Тэгээд бас ингэж наалдуулах гэж. Эсрэгцэлийн , үгүйсгэлийн торгон ирэн дээр мөргөлдүүлээд цоо шинэ бодомж ургуулж, ховорхон сэтгэжээ. Ойртохлоор холддог, холдохлоор ойртдог ямар донжтой монди вэ? Тархи гавлын дундуур, сэтгэлийн дотуур юу ороод ирчихээв гэхээр гайхлыг төрүүлж билээ. Ийм шүлгэнд илүү үгний хэрэггүй. Жирийн нэг цэргийн хуарангийн хусран банди биш, яруу найргаар үеийнхнийгээ тасархай хаячихаад арилж өгөх юм байна. Томчуудын нэрийг бариад надад гайхуулаад байсан нь худал биш юм гэж дотроо эргэцүүлж байсансан.
Гэнэтхэн ”Хоюулаа цонхоор юм харъя. Өвлийн ид тачигнасан жавраар цас будраад, мөн ч гоёхон байна даа гээд чамд нэг хачин юм харуулна гэлээ. Чи тэр байшингийн буланг харж байнаа уу? Энэ лавсан бударсан цасан дунд нэг цагаанаас цагаан, өндрөөс өндөр хүүхэн зогсож байгаа биз. Болоо ч үгүй, хошууч...Хэн түүнийг энэ хөхөө өвлийн хүйтэнд ингэж зогсоолгож чадаж байнаа, яруу найрагч шүү дээ. Чи ч гэсэн ийм байх ёстой. Есинин ч ийм байсан гэж гайхуулав. Их юмаар хөөрч сагаж байгаа царай нь тэр. Орхиё.
Сэтгэл нь хайлж нялхраад ирэв. Түрүүчийн дахиад шүлэг уншихгүй гэсэн нөхөр маань жигтэйхэн нялхамсаад ирэв.
Үржихийн хүрдэн туурай нь
Үүлүү даалуу мөртэй
Үүнээс илүү бахадмаараа
Үеийн жаахан Бадмаа яа
Үнэтэй алчуур авмаар аа
Үзүүлж чадалгүй явмаар аа
Үзэсгэлэн гоо чамдаа
Үгээ хэлчихээд зугтаамаараа гэж ирээд чи миний энэ Бадмааг таних уу? гэхэд ”Танихаар барах уу? Намайг сургуулийн захирал байхад миний хичээлийн эрхлэгч байсан юм. Чиний нүдэнд ингэж харагдах гэж... шүлгээс чинь бол өөр л хүүхэн харагдаад байна. Ингэж бадруулж өгөх гэж гэхэд цаанаа дургүйхэн янзтай, чиний нүд надад ямар хамаатай юм бэ гэж адарч билээ.
Энэ мэт утга уянгын эгдүүтэй, сэтгэл зүрхийг гижигдсэн баясаж хөгжихөөс өөр аргагүй шүлэг олныг бичжээ. ”Хоролтогоо” гэдэг гэнэн тэнэг залуу насны хор шаргүйхэн үеийн часхийсэн шүлэг бий.
Айлын ах хот явъя гэсэн юм биш байгаа
Алс хол руу зааж яриад байх юм
Арай л Хоролтогоо ”за” гэсэн юм биш байгаа
Ахин ахин зөвшөөрөөд толгой дохиод байх юм
Ган зуузайн гагнаас ангайтал амаа булаасан үрээ
Газарт намайг хийн дээр минь тонгорлоо
Ай тэгтэл Хоролтогоо харчихдаг нь ч юу вэ?
Амаа бариад тэр над руу гүйж явна
Одоо бодоход Хоролтогоо харж л байсан байна
Ойчдоггүй л байж хотын ах ч харж л байсан байна гэх. Хөөрхөн зураглал, хөөрхөн агшин, хөөрхөн сагсуурал... хөөрхөн хөөрөл ...
”Олдоогүй эгч” гэдэг шүлэг нь энэ байна. Бас зугаатай.
Сар гийсэн үдэш
Танайхыг эрээд олоогүй
Сагсай самбай цохионд төөрч
Хээр хоноод олоогүй
Сархад дийлсэн найран дээр босож
Ёс алдаад олоогүй
Сайхан эгч та
Ес харагдаад олдоогүй гэж аяглана. Шүлэг мөн байгаа биз. Нэг л гоё бодол төрнө. Хүний сэтгэлийг өдөж, хатгаж, маажилж малталж, ер бусаар хөглөж, тагнайшуулан амтлуулж, ая эгшиглэн, хүсэл бодрол, сэрэл мэдрэмж зурсхийн хайрлаж гэмээн эзэн нь эзгүй, бүтээл нь мөнхөрнө.
”Үнэн” сонины сурвалжлагчаар Өмнөговьт ажиллаж байхад яруу найрагч ”буурал” хэмээх Дашзэгвийн Банзрагчтай хамт сүнгэнээд ирэв. Цугаараа өмнөд хилийн заставуудаар явах юм болж, аян замд ч бэлтгэлээ. Тэр аймгийн худалдааны салбарт ажиллаж, Чойнямтай ч дотно үерхэж явсан шүлгээ гал цогтой уншдаг шүлэгч Ж.Батбаяр хамт явахаар болов. Ингэж ”орос 69-ийн” бэржээнхэн бүрхэвчийг цууртал наргиантай юм ярьцгааж, заставт очоод шүлэг найргаа уншиж, говийн байгалийн сайхныг биширч явснаа мартахын аргагүй.
Ингэж явахдаа хилийн торгон хил дээр шахуу Чингисийн хар балгас гээчийг үзэж баахан хөөрч би эндээс маш гоё юм оллоо гэж дахин дахин хэлж байсан. Би олж үзээгүй ээ. Тэр туурийн тухайд шүлэг гараагүй шиг санагдана. Түүнийг төрсөн Б.Чимэдгүнсэн шаггүй шүлэг бичнэ. Тэднийхээр ч цугтаа орцгоолоо. Аяны дөрөө нийлсэн нь ганц тэр юм даа. Дүү нар нь зөвшөөрсөн ч эс зөвшөөрсөн ч ах нь бүх юманд ах шиг явдаг хойно доо. Барнангийн хүүхдүүдээс нэг нь л яруу найрагч байвал болоо юм биш үү. Та нарт цаана нь ажил бий биз дээ гэж билээ.
1995 онд ”Болор цом” аваад үнэхээр ч хөөрч сагаж баярласан даа. Сэтгэлийнх нь хүслэн, шаналан ингэж нэг удаа барагдсан байх. ”Болор цомын” уралдаанд бараг арваад шөвгөрсөн дөө. Ур ухаанаар гарамгай бичдэг ч гэлээ, уншихдаа гаргууд бишээ, зайлуул. Үүнийг л авчих юмсан гэж хэн хүнгүй чардайдаг шүү дээ. Шүлэг болгон нь улмаа иртэй, сэтгэлгээ нь улам гүнзгийрч байв. ”Энэ муугаа харах юм. Энэ жил горьдож л сууна. Горьдлоготой гэхэд л гол горойлгодог хүн дээ” гэж Дооров гуай хүг хүг инээж трубатай тамхиа тавлагхан сорж суусансан. Бавуугийн Лхагвасүрэн нэг удаа ийм үг алджээ. ”Миний шилэн хүзүү рүү амьсгал нь хүртэл ойртон мэдрэгдэж байсан ганцхан яруу найрагч байсан нь Барнангийн Доржпалам юм шүү дээ” гэж...лут үг, авъяас билгийг хүлээн зөвшөөрсөн лут сайхан хүлцэл байгаа биз.
Тэрбээр бөө шиг онгод орж, өөрийнхөө цээжийг дэлбэлэх шахаж байгаад бичсэн хэдэн шигшээ сайхан шүлгийг Монголын уран зохиолд үлдээжээ. ”Уул элэгдэвч, ус ширгэвч, үг цөөдөвч, үзэл өөрчлөгдөвч” Барнангийн хүүгийн үлдээсэн ааг омог, бардамнал, бахархал дүүрэн шингэсэн хурц дайчин, гэвч хатууг зөөлөн догшин аялгуут шүлгүүд үлдэхдээ л нэг үлдэнээ. Б.Доржпалам юмс үзэгдлийг өөр талаас нь хардаг байжээ. Тэрбээр монгол шүлгийн хэвшмэл сэтгэлгээг эвдэж, ур хийцийг инжаанжуулж дэгжин гоёмсог болгож, гүн ухааны задлаг нийлэг хосолмол аргын учрыг олж, нэгжээс ерөнхийд хурааж, ерөнхийгөөс нэгж рүү задалж, яруу найргийн дотоод цохилгын сэрэхүй мэдэрхүйд өөрчлөлт гаргаж чадсанаараа үе цагийг эзлэн оршиноо. Хүний тусгаагүй зүйлийг, хэлж амжаагүй юмыг, хараагүй үзэгдлийг хэлж орхино. Ялангуяа ”Хөөрлийн шүлэг” ” Тарааж цуглуулсан эх орон танаа” шүлэг бол оюун санааны эрдэнийн талст гялалзсан хоёр сайхан уул юм даа. Уулаа босгож орхиод өөрөө алга болжээ.
Тэр үнээн би хөөрүү хүн
Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө
Харсаар байтал худлаа хэлж
Халуурч шүлэглэсэн хүн
Тэргэл цагаан сарыг чамайгаа гэж
Бүлээрч шүлэглэсэн хүн
Тэр ч бүү хэл
Будант тэнгэрийн танихгүй одыг минийх гэж
Булааж шүлэглэсэн хүн....гээд цааш нь
Ардын дууныхаа
Хө хө нугалааг
Хөх алчуур шиг хийсгэж
Айраг дэмбээ намрынхаа
Алтан дэлбээ найран дээр
Агсан морьтой ханхалзаж
Аяа би дахиад л
Шүлэглэх нь гэж ёстой ус цалгиж, хад нурах шиг, мөс хагарч, одод тонгортол бичсэн байгаа биз. Үүнийгээ
Тэр ч бүү хэл огт танихгүй бүсгүйг минийх гэж
Гүтгэж шүлэглэсэн хүн
Тэр бүхнээс хүлцэл эс өчмүү гэж төгсгөжээ.
Ийм номхон хүлцэнгүй мөртлөө шүлгээ дотоод хөдөлгөөнтэй, доргиотой, цалгиатай гүйцээж, санаа болоод ур дархыг нум сумын хөвч шиг эвшээлгэж тэнийлгэж байж хийнэ.
Эх оронч бардамналаар цээжээ дэлдэж бичсэн ” Тарааж цуглуулсан эх орон танаа” шүлгээрээ ”Болор цомын” эзэн болжээ.
Таныг би тараасан
Ташууртай борооны өөдөөс
Тав толгойлж ургасан
Таана хүмүүлийг чинь
Тараасан
Тан дээр нүүсэн үүл тараасан
Тал дээр бэлчсэн зээр тараасан
Таныг би их тараасан
Сахилгагүй хүү чинь сэлэм эргүүлж
Салхи тараадаг байсан
Зээрэн хүрнийхээ хөлөөр
Зэрэглээ тарааж өссөн
Тэнгэрийн дуутай хамт
Мөндөр тарааж гүйхдээ
Тэртээ холын бороонд
Өөрөө тарж байсан гэж шүлэглээд ”нэгэнт эх орноо тараасан хүн чинь яаж эргээд цуглуулдаг юм бол?” гэхлээр ингэж цуглуулжээ.
Тараахын хэрээр
Таныг би цуглуулж хайрласан
Хичнээн уулын дээр овоо босгож
Хилийн чулуу цуглуулав.
Эх орон минь өндөр болж баярлав
Өчнөөн нуурандаа хаврын шувуу цуглуулж
Өвгөн шувуу хоёрыг уулзуулав
Эх орон минь амгалан болж баярласан гэж бичжээ. Яруу найрагч романтик байна гэдэг тэнгэрлиг оршихуйн үзэгдэл.
Одооны дууны шүлэг, яруу найрагт ”хичээл заачихмаар” хэдэн сайхан дуу хийсээн Өнгө, цохилго, аялга айзам, мэдрэмж, санаа, түрлэг, үгийн найрсал өөр л дөө, дүү нар минь. Дууны үг, шүлэг мөнч ч хамаа намгаа алдаж байна даа. Дууны үг бохиртохын хажуугаар сэтгэл бохиртож байна даа. Дууны яруу найргийг ингэж хийдэг юм гэж үлгэр жишээ үзүүлсэн шүлэгч олон сайхан найрагчдын нэг болж Барнангийн Доржпалам гэж хэний ч өмнө хэлнээ.
...Цагаан өнгийн торгондоо
Цасыг будруулж нэхлээ дээ
Чамайг намайг танилцуулсан
Чандаган гурван сартай
Өвлийг бодож нэхлээ дээ
Цэнхэр өнгийн торгондоо
Цэцэг ургуулж нэхлээ дээ хө хө
Чамайг намайг эрхлүүлсэн
Чацуу гурван сартай
Хаврыг бодож нэхлээ дээ хө хө / ”Ханан сүлжээ нэхээс”/ гэх юмуу
” Нараа дагасан сүргийн бэлчээрт
Намайгаа гээд давхиад ирэхэд чинь
Налаад суудаг толин чулуунд чинь
Найз минь чи харагдаад байдаг юм.
Цохилох халуун зүрхэнд гийсэн
Цолмон хар нүдэнд чинь би хайртай
Шингэхэн дуутай хүүхэд зангаараа
Шинэхэн цэрэг чамдаа би хайртай” / Цэрэг чамдаа хайртай/
гэсэн олон сайхан дууны шүлгийг бүтээсэн нь одоо хэн зохиосон нь мэдэгдэхгүй мартагдагдах тийшээ болжээ.
Б.Доржпалам нэг удаа над руу ”Амьдрал хэцүүдэх нь. Тогтмол цалинтай тогтмол ажилтай болъё. Чи тусал. Танай сонинд оръё” гэж утасдлаа. Би ”За, яваад ир” гэсэн юмаа. Таг чиг. Хуурч тохуу хийсэн мэт алга болов. Ийм л хэнэггүй хачин нөхөр дөө. Гэр толгойлсон эр хүн юм болохоор ерээд оны эхээр хүмүүстэй нэгэн адилаар зах зээлд орж, бас наймаа арилжаа эргүүлэх аяджээ. Тэр маань энэ цагийн яах аргагүй ”Толь Гэндэн ” л дээ. Хэнтэй нийлсэн гээч. Тэр ”буурал” Банзрагчтай. Хоюулаа ашиг наймаанд дөргүй. Гэвч багагүй зөрж, хэлэлцэж байгаад Зохиолчдын хороонд дэлгүүр нээсэн гэж байгаа юм.
Тэр тухай зохиолчид ийм онигоо гаргаж шүлэглэсэн нь одоо ч хааяа хааяа наргиа үгэнд явдаг.
Банзрагч тэргүүнтэний ГУМ
Барнангийн хүүгийн ЦУМ
Салам заргалдаж нээв
Сар бололгүй хаагдав гэсэн егөө гарсан байдаг. Дэлгүүрийн лангуу давс, гоймонгоос өөр юмгүй хариг бэрх цаг үед мань хоёр хашир байтугай монгол улс маань ч сөхөрчих шахаж байсан юм шүү дээ. Ийм л гэнэн бөгөөд гэгээ татуулсан, цаашаагаа улам ховордох агуу их бие хүмүүс байцгааж дээ.
Дүүрэн дүүрэн тахилтай алтан ширээт хоймор минь
Духан дээрээ өршөөсөн ариун мутарт бурхад минь гэж нэгэн бүтээлдээ бичсэн. Дүүрэн ч байгаагүй дээ Палам минь, өршөөгөөгүй ч юмуу даа бурхад минь. Гэвч тэр үнэхээр дүүрэн хүн байсан. Гэнэн цайлган цагаахан сэтгэл, хэнэггүй төрх, ухаарал, гэгээ татсан шүлгүүдээрээ гүйцэхийн аргагүй дүүрэн байсаан Палам...
Зохиолч, сэтгүүлч Долгорын ЦЭНДЖАВ


Сэтгэгдэлүүд:
... сугын голын надтай суухгүй гэсэн Бадамаад
суурин хотын гангачуул зориг дутсан наадам гэхээр л нээх сайхан санагдаад нээрээ л даамай гурван өдөр болдог сумын наадам санаанд ордогсон
... нэмэх зааныг өмсөхдөө таныг олж хараагүй
нэг давсан бөх туг тойрохдоо хараагүй гэхээр... нээрээ бөх наадам ярьсан хүн байждэээ
Мөн ч олон нь намайг хуулж дуурайна даа... гэнээ хэхэ надад нэг санаа төрөөд байдийн хэрэвээ энэ яруу найрагч байгаагүй бол Арлааны хүүгийн нэлээн хэдэн шүлэг байхгүй байх байсийм шиг байдийн
говь-угтаалын наадам гэдэг шүлэгээс л лав эрдэнэ очир санаа авсандаа улаанбадрахын наадам билүү нэг шүлэг байдаг бас тэр Тарааж цуглуулсан эх орон танаа гэдэг шүлэг байна яг тэрний ур хийц бүтэц санаагаар нь миний цуглуулсан хорвоо гэдэг шүлэг бичсэн юм шиг санагдаад байдийн утга зохиолын хүн биш болохоор мэдэхгүймдааа мэддэг хүмүүс нь ууг нь нэг харьцуулж хараад над мэтийн юманд учирыг нь ойлгуулуул зүгээр л санагдана
Морин өртөө гээд бас нэг сайхан шүлэг байдаг
Сэтгэгдэл үлдээх: