Өгүүллэг

Б.Баярсайхан

Өлөгчин

Өлөгчин хүнээс илүү юм ч үгүй, гажуу юм ч үгүй. Туранхай мөртэй, эцэнхий жаахан билээ. Харин нүд нь гэрэл цацруулсан ногоон юм. Ногоон гэхдээ оюу шиг цийлэн ногоон бас биш. Номин шиг цэв цэнхэр ч бас биш юм. Номин оюу хоёрын ууссан завсрын цэнхэр туяатай гэрэлт ногоон нүд билээ. Энэ нүднээс л хамаг хэрэг үүдсэн юм. Омгийн бүх эрчүүд түүнд тачаадаж билээ. Нууцын орноо хагас дутуу хаасан бүдүүн хадуун зэрлэг эрс эцэнхий жаахан өлөгчингийн юунд тэгтлээ унаж тусдаг байна вэ?
Өөрсдийн нь эхнэрүүд гэж чийрэг бадриун, идэр есийн хүйтэнд дагжиж үзээгүй өөх харвин зузаан, мунаар цохивч нэг удаа тэсэхээр муухан эрсээс ч хавьгүй илүү эмс билээ. Тэгэвч хөгшин залуу гэлтгүй бүгд өлөгчинд татагдаж түүнийг тойрсон нэгэн хүрээ үүсгэдэг байв. Юунаас болж тэр вэ гэж эр эмгүй толгой гашилган боддог байлаа.
Харин эхнэрүүд өлөгчинг өрөөсөн нүдээрээ ч үзэхгүй.
-Шулам царайлсан олиггүй өлөгчин гэлцэнэ.
-Галд шатаж усанд үйж далдраасай гэж зүхнэ.
-Нүдийг нь ээ. Яг шуламаа... шулам гэж арга нь барагдан шогширно.
Олноос зүсэлж өмчилсөн өнөө "хар юм" нь сав хийвэл өлөгчинд сэртэндэж, маасганаж саасганаад байхаар чинь ямар ч эм амьтан сэтгэл амар байж дөнгөх үү дээ. Үгүй, яавч зүгээр сууж чадахгүй. Өмчирхөх зөн гэдэг зүрх сэтгэл бий болохоос ч өмнөх эд юм.
Тараг исэхээр савнаасаа хальж сагадаг. Хэнд ч, юунд ч үл захирагдан асгаран урссаар байдаг. Яг энүүнтэй адил эхнэрүүдийн хар хор исэн иссээр байв. Тэвчээрийн түгжээ пүрш шиг мултрав. Бортогоны тагийг хол чулуудан тараг сагах нь тэр. Ариун цагаан сүүний тараг биш эхнэрүүдийн дотроо исгэсэн өшөө хорслын, байж ядсан тэчьяадал, уур хилэнгийн тараг юм. Эр нь энхрийлэн сорж, үр зулзага нь зүүгдэн үлгэж тэжээгддэг зангирсан хоёр хөхнөөс нь цагаан сүү ивлэдэг билээ, уг нь. Тэгэвч яахаараа арзыг нэрж хорз, хорзыг нэрж хор болгосон шиг тараг исдэг хэрэг вэ. Мод шатааж, төмөр хайлуулах хүчил шүлт шиг уур хилэн хөөрхий өлөгчингөөс яс үс ч үлдээхгүй үгүй хийхээр хөөсрөн пор пор буцалж байв.
Эрс эрхбиш ходоодноос гадна зүрх гээч юмтай тул өлөгчинг хаацайлан эхнэрүүдтэй уралцах шахжээ. Багаахан шиг гардан тулалдаан болох дөхсөн юм байх. Эхнэрүүдийн буруу ч юу байх билээ гэмээр юм. Яагаад ер нь өөрийн өмчийг өөрөө эдэлж хэрэглэж болохгүй байх билээ дээ.Тэдний дунд өлөгчинг эзэмдсэн нь ч байв, эзэмдээгүй боловч эзэмдэх сэн гэж цаг үргэлж шүлэнгэтэж явдаг нь ч байв. Юу ч болов өмгөөлөх нь өмгөөлжээ.
Тэгэвч эхнэрүүд гэдэг эхнэрүүд юм. Тэдний хуурч овлох, харгислан тамлахын дэргэд хамгийн сайн яргачин ч балчирдана. Яргачин бол эзний зарлигаар цаад нүгэлт болон нүгэлгүй амьтныхаа судсыг нь сугалж, арьсыг нь өвчиж, халуун гадсан дээр суулгаж тамлах нь бий. Тэгэвч хэзээ ч тэрний тархинд ийм аймшигт санаа орж ирэхгүй. Магадгүй энэ санаа анх эхнэрүүдийн тархинд боловсорч харин хийхийг нь яргачин хийдэг байж болох юм.
Зэрлэг эрс ходоодны дуудлагаар ан ав эргүүлэн хэдэн уул давж, хэдэн гол гатлан одов. Эхнэрүүд арай л баярын марш тоглуулж үдсэнгүй.
-Ятууны шөл уумаар байна шүү гэж нэг нь тунирхав.
-Гахайн өөхтэй хавирга шарж идэх сэн...
-Бугын чөмөг ташаад сорж суух ч ай даа бас л сайхан юмны нэг дээ гэлцэн тал талаас нь шаагилдаж гэнэ.
Эрс "хайртай" эмсийн даалгаврыг тархиндаа бичээд аян зам шуударчээ. Их олон хоног ч өнгөрч, захисан болгоныг олж авлахын тул эцэж цуцалтгүй цааш явсаар л байв.
Харин энэ хооронд эхнэрүүд өлөгчинг шүүжээ. Хийх ажилгүй тэдэнд энэ зугаатай, бас бахтай сайхан юм байв. Өшөө хорслоо өөрийн гараар тайлна гэдэг бодвол сайхан л байдаг байлгүй дээ.
Эхнэрүүд гэвэл үзэшгүй муухай эмс байв. Үс гэзэг нь сэгсийсэн, хав хар дэлэнгээ унжуулсан, бөгс нь шавар торх шиг ландгар, тахир гишүү шиг хөлтэй, арьс нь матрынх шиг арзгар ажээ.
Даанч тэр үед гоо сайхны тухай ямар нэгэн ойлголт байсангүй.
-Эхнэрүүд минь! Энэ өлөгчинг яаж шийтгэх вэ? Энүүнээс болж амар заяа үзэхээ болилоо. Өнөөх хар юм маань энүүний төлөөнөө...
-Харин тийм гэм. Энүүний төлөө...
-Шулам царайлсан энэ өлөгчингийн төлөө
-Тэгээд яагаа вэ? Энүүний төлөө юм, тэд бүгдээрээ... Өнөөхөөр нь улайтгасан гадсан дээр суулгах уу энүүнийг?
-Тэр чинь юу юм бэ? Нялх хүүхдийн тоглоом сэдэх юм даа чи.
-Муу ёрын хоёр гарыг нь хуга цохилтой биш дээ. Өнөө муу "хар юм"-ыг минь тэвэрч байдаг гар шүү дээ.
-Ингэхэд ер нь энүүний юунд болж тэд шүлэнгэтэж байдаг вэ? Та нар бодож үзсэн үү гэж торх шиг ландгар бүдүүн бөгстэй цоохор эхнэр хэлэв.
-Нээрээ тийм. Юунд болдог байсан юм бол тэд...?
-Энүүнд минийх шиг дэлэн лав байхгүй
-Тийм ээ, чинийх шиг байтугай минийх шиг дэлэн байхгүй. Минийх шиг хөл байхгүй, тийм биз дээ !
-Үнээн. Чинийх шиг байтугай минийх шиг хөл байхгүй. Бас минийх шиг арьс байхгүй...
-Яг чухам. Чинийх шиг байтугай минийх шиг арьс байхгүй...
Эхнэрүүд бодолд оров. Яахаараа тэгээд эрс зөвхөн энүүнийг гэж шүлэнгэтэн, ягаан шүүс савирах шарсан махнаас илүү үздэг билээ. Бодсоор л байв. Энэ муу эсвэл дур тавихдаа зэрлэг хашгирдаг байж таарна.
-Алив чи, өлөгчин минь дур тавихдаа яг яаж хашгирдаг вэ тэгж хашгираадах !
-Зүйтэй. Хашгираадах, хашгираадах гэлцэн тал талаас нь шахамдуулав.
Хөөрхий өлөгчин юугаа мэдэх билээ. Эрс түүнийг дуртай цагтаа дарж аван дагиж дагиж яваад өгдөг юм чинь, өлөгчин сайхан муухайн тухай юугаа мэдэх вэ.
Тэгтэл өнөөх ландгар бөгст эхнэр гэнэт уулга алдан
-Тэгнээ тэр, мэдээд авлаа шүү гэж бахтай нь аргагүй хашгирав.
-Юу мэдээд авлаа гэж гэлцэн тал талаас нь хашгиралдав. Эхнэрүүдийн зэрлэг инээд учиргүй чанга хашгираанд моддын мөчир дагжин, шарласан шилмүүс нүдний сормос шиг ганц нэгээр сугаран унаж байлаа.
-Нүд....!
-Юун нүд ..солиров уу чи!
-Энүүний хоёр нүдэнд байна...
-Энүүний хоёр нүд яачаав?
-Харахгүй юу чи. Шулмын нүд шиг... гэрэл ассан ногоон нүд. Энэ хоёр нүднээс болж бид амар заяа үзэхгүй байгаа юм байна.
-Тийм байна. Энэ хоёр нүднээс болж. Гэрэл ассан энэ хоёр нүднээс болжээ.
-Одоо яахав, тэгээд. Ухаад хаячихалтай биш дээ.
-Юу ярьж байгаа юм. Ухалгүй яадаг юм. Энэ хоёр нүд асаж байсан цагт хэзээ ч амар заяа үзэхгүй...
-Үзэхгүй болов уу ?
-Үзэхгүй, үзэхгүй. Шарсан хавирга барьж тангараглая. Энэ хоёр нүд байсан цагт амар заяа үзэхгүй.
-Юуг нь хүлээсэн юм бэ тэгээд. Барьж байгаач наадахаа.
-Зүгээр нэг ухаад хаячих гомдолтой юм даа. Эхлээд дэрсээр цоо хатгаж байгаад дараа нь ухаж хаяяа
-Нээрээ тэр нь зөв. Эхлээд дэрсээр цоо хатгая. Дараа нь ухаад хаячихъя...
Эрс олон даваа гүвээг давж, олон ус голыг гаталж, олон хоногийн аянаас ирэв. Олз омог гэж арвин. Гөрөөсний тураг мах, ятуу хөтүү, зэрлэг гахайн хавирга ,бугын нойтон арьсаа дааж ядан ирэв. Нар салхинд явж аяншихын хэрээр нар салхинд зүлгэгдсэн хүрэн бор арьс нь гэрэлтээд улам ч зэрлэгэрхүү болсон хүдэр бадриун эрсийн инээлдэх нь хүртэл бас зэрлэгэрхүү болжээ. Өлөгчингийн дэргэд байхдаа нойтон бургас шиг уян зөөлөн болдог байсан юм.
Эрс, хэн нь ч хамаандлаагүй байхад нэгэн дуугаар
-Өлөгчин хаа байна гэлцэв.
Эхнэрүүд бас л хэн нь ч хамаандалж дохиогүй байхад нэгэн дуугаар
-Өлөгчин та нарын араас тэнээд алга болсоон гэв.
-Ай хөөрхий, тэрнийг минь чоно идчихсэн байх гэж нэг нь хэлэв. Арай сийрэг ухаантай нь
-Хэзээ ч бидний араас явдаггүй л байсан даа гэв. Эхнэрүүд жишимгүй
-Тэр яах вэ таминь. Галаа хурдхан түлээд махаа шаръя, шөлөө ууя гэж бусдаа шамдуудав.
Гал цоролзон асаж ятууны шинэхэн шөлний нялуувтар үнэр, гахайн өөхтэй хавирганы тос шажигнасан аятайхан үнэр, гөрөөсний нойтон махны хамар цоргим үнэр ойгоор нэг тарж хатсан өвс, навчны дарагдмал үнэртэй холилдон ханхалж байхад зэрлэг эрс хөөрхий муу өлөгчинг онхи мартжээ.
Харин өлөгчин харангасаж үхсэнгүй. Бурханд тэтгэгдэж мөнх насыг олов. Тэгээд үзэсгэлэнт бүсгүйн биед хувилан эрсийн тархи зүрхийг эзэмдэж, дуртай цагтаа эхнэрээс нь булааж, шүүрч аван тохуурхдаг болжээ. Тэр ч бүү хэл яруу дуулал болгоны эхний шадад өлөгчний тухай гансармаар уяруу дуулал байдаг гэж хууччуул өгүүлдэг билээ.

Яруу найраг

Мягмарсүрэнгийн Хангал

1987 онд Орхон аймгийн Жаргалант суманд Хангалын голын хөвөөнөө төрсөн. Бага наснаас шүлэг бичсэн бөгөөд яруу найрагч Д.Мандахсангийн удирддаг "Уран-Өд" дугуйлангийн гишүүн. МЗЭ-ийн 80 жилийн ойн хүрээнд зарласан анхны номын уралдаанд “Бороо орохын өмнөх өдөр” шүлгийн түүвэр нь шалгаран хэвлэгдсэн юм. Өдгөө өдөр тутмын "Үнэн" сонинд ажиллаж байна.

Он удсаны дараа өнөөдрийг дурсахаар…

Уснаа мартагдсан эзэнгүй хялгас  
Он удсаны дараа хялгасан хорхой болно
Урагдаж гээгдсэн өнө эртний үнэрээс чинь
Уйлах мэдрэмжийг өмчлөхөөс эмээнэ
Ув улаан зүрхтэйгээ ирсээн, би
Уурших үедээ эргээр чинь алхмаар санагдана.
Уснаа үлдээх уйтгарт санаашрал  
Он удсаны дараа үлгэр болох ерөөлтэй
Нуурын гүнд бясалгасаар… өнөө чимээгүй,
Бодлын аниргүйд салхи унтчихвий дээ…
Бороо далимдуулж битгий уйл бүсгүй
Сар  чамд уусан шингэнэ, нар харцнаас чинь ойно 
Халуун зүрх, хүйтэн инээд нэгэн биед цогцолсонд
Оршихуй тэрсэлдэх тусмаа батжихыг ойлгоно.
Бүхэллэг, дусаллаг  усны мөн чанарт
Бүлээн биеэ хувилгахыг гэрээслэж,
Орхигдсон санаашрал дунд чинь  өөрийн зайг тэмдэглээд
Он удсаны дараа өнөөдрийг дурсахаар ирэхсэн. 
***
Яван явсаар улаан
Гаран гарсаар улаан
Уйтгартай уур хүргэм улаан.
Амьдарсаар улаан
Амьдралаас явсаар улаан
Дурсамж улаан
Дулаан амьдардаг аа, би
***
Хайртай
Хавраас хаварт
Харцнаас үзэн ядалтад
Хамгийн сүүлчийн зүүдээ хүртэл
Хайртай
...
***
Эрх чөлөөг үзэн ядахуй

Алгаа хацартаа наагаад цурхиртал уйлмаар
Адгасан мэдрэмж дахиад л төрлөө
Хараад л баймаар, харагдаад л суумаар
Хайрлаад л дуусмаар…
Бусдын мөрөөдлийг гудамжнаас олбол
Чиний амьдралаас асуух юм даанч их байна
Нүдээ аниад л хүүхэд насаа мэдрэхсэн…
Уртаар амьсгалмаар, шар үсээ салхинд хийсгэмээр  санагдана

Газар доороос ч дуулдах ганцаардлын дуугаа аяласаар
Гавъяа шагналаар зүрхээ будагсадтай цуг
Гал голомтод чинь багтах хүсэлгүй би
Нүдэнд үзэгдэхгүй ногоон ургамалтай өрөөндөө
Нүдээ анилгүй зүүдэлж сурахыг л хичээнэ
Анхных шигээ инээмсэглэлээрээ догдлуулбал чинь
Алхан одно оо, өөрөөсөө…
Алгаа хацартаа наагаад л амьдралаас
“Хүн” байхаа болих эрх чөлөөг олно оо.
***
Буй биеэрээ…

Буй биеэрээ шорон болжээ…
Харцнаас цөллөг үзэгдэж
Арьснаас цөхрөл хан хийнэ.
Хуруунаас минь хувь тавилан алдуурахад
Хавирганыхаа завсраар амиа тэмтрэхэд хүрнэ.
Хүүхэд насаа нуугдаж харахаас аргагүй
Хуурамч болсоон би…
Үл ялиг улаан туяатай зүрхнийхээ
Өчүүхэн буланд мөрөөдлөө нуусан сан.
Буй биеийн минь эхний өрөөнд харааны шилтэй бүсгүй
Хамгаас тааламжтай санаа алддаг
Удаахь өрөөнд цээл хоолойтой эмэгтэй
Уйлаад л суудаг…
Нөгөө өрөөнд өөртөө итгэлтэй хоёр дагина
Надад хүлээн зөвшөөрүүлэх үлгэрүүдээ хэлдэг
Зүүдэнд ч сонсдох тэдний тачаалаас
Бурхан болох замыг олно.
Буй биеийнхээ гинжийг тайлбал харин
Буцаж ирэх замгүй болохоо мэднэ.
***
Минийх

Нэг л өглөө нар өөрөөр мандаж
Миний сэтгэлийг сэрээнэ
Нэг л үдэш сарнаас өөр нөхөргүй болж
Миний тархины ургамлууд ширэлдэнэ
Нэг л удаа санаа алдаад би
Ганцаардлын сахилаа үүрд гээнэ
Нэг л юм дутуу санагдвал би
Тэнгэрт далавчны ором үлдээгээд нисэн одно оо
Нэг л мэдэхэд гэсгээлийн өрөөний үүдийг нээж
Хөвөлзсөн хавар ирнэ
Нэг л мэдэхэд шоргоолж гүйж, цонхны чинь өмнө цэцэг дэлгэрнэ
Нүдний манан арилгаж улаан даашинзтай бүжих мэт
Дулаан бороо зүсэрнэ
Нууцат мэнгийг үнссэн анхилам шөнүүд анхных шиг үргэлжилнэ
Тархин дотор минь өвс ургаж, шувууд өндөглөлөө ч
Тамхины утаа мэт өөрийн сүүдэр замхарлаа ч
Ертөнцийн хязгаараас хашхирах сүүлчийн нэр л
Мөрөөдөл, дурсамж, минийх…
***
Бурхан

Мөнхийн асуултыг чинь олохоор
Мөрөөдлөө хүүдийлж одлоо
Ертөнцийн аглагт хана ширтсээр  зүрхээ зогсоох цагт
Ерөөс харцанд минь инээмсэглэл тодорч
Цас будрана.
Санаа алдахаар дурсамжаа уудлах аяст
Сарны гэрэлд тохиосон бүхэн хийсэн оджээ
Зүүднээсээ хагацаж ядахдаа л жамыг дагаж
Ижийдээ захиа бичнэ      
Ирэх хавар цэцэг дэлгэрэх тухай хүүрнэнэ
Тариа тарьж, талх иднэ
Тахиа тэжээж, өндөг шарна
Амьдралын өнгө шаргалтахыг ч анзааралгүй намаржина
Гол усны чимээнд зөөлрөн сууна
Шувуу өт зуун нисэхийг үзнэ   
Өвс найгахад уярна
Өрөөндөө мөнхрөхөөр явлаа би
Өлмийд минь цэнхэр чулуу торсоныг
Хүүдээ өгөхөөр хадгална
Мөнхийн асуултын нэгэн хэсэг гэж тайлбарлана...
***
Гадаа ямар байгааг мэдэж байна уу
Бороо ороод л...
Яаж ийм дулаахан, зөөлөн, дотнохон шивэрдэг юм бол оо
Танай цонхыг бас л бүлээхэн алгаараа арчиж байгаа даа
Яг одоо л уулзвал...
Яг одоо л чамайг анхных шигээ үнсвэл...
Үсний чинь үзүүрээс хуучин бороо дусвал...
***
Санаад л байна.
Өглөөгүүр халуун байхад
Өдөр гурван цагт бороо ороход
Үдэш шар айраг шимэхдээ
Үнэндээ бүх мөчид санаад л байна.
Үүрээр
Үд дундад
Үдшийн бүрийд
Үнсэлцсэн шөнүүдэд
Одоо ч бас... 
***
“Хуучин болзоо”

Үнэрлээд л
Үнсэлцээд л
Хүрэлцээд л
Хөтлөлцөөд л
Инээмсэглээд л
Тэврэлдээд л
Ширтэлцээд л
Шивнэлдээд л
Туниад л
Салаагүй байж уулзахын тухай ярилцаад л
***
Тогтоол уснаа бидрэх хэлбэр...
Гөлрөн суух агшнаа
Чулуу шидэж тоглодог байснаа гайхан бодно.
Өөрчлөлт бүхэн нээлт болдоггүй байжээ.
Тогтоол усны нам гүм
Бидрэх хэлбэрийн үзэсгэлэн
Байгаль зүүрмэглэхийг бахдах
Түрүүхэн ирэхдээ ийм бодолтой байсансан бол...
Мөчир найгахыг энхрийлэгч
Салхины мөрөнд зүүрмэглэгч
Санаа алдахдаа орчлонд ирэгч...
Адган хүссээр дотоодоо чагная гэж
Амьдралыг томъёолохоор
Өвсний гарыг үнсэхдээ
Гурван шоргоолж гишгэсэн байна.
***
Тэнгэрээс унасан нар
Тэндээ хононо гэнэ ээ
Тийм болоод л…
***

Хөхөө минь би хэд дурлах вэ?
Гүүг, гүүг
Нэг, хоёр
Гүүг, гүүг
16,17
Гүүг, гүүг
...
Хөхөө минь би хэзээ үхэх вэ?
...
***
Оддыг тоолох хүсэл төрөөд өө
Оройжин тэнгэр ширтэж хэвтэв
Эхний од гарахад баярлаж
Удаахийг нь тэвчээртэй тэмдэглэв
...
Оддыг тоолох хүсэл төрөөд өө
Бүдэг нь тодорч, тод нь замхрах
Хуучин нь мартагдаж, дахин шимтэх
Хэрвээ үүнийг дөнгөчихвөл өвс тоолж болох юм байна.
...
Оддыг тоолох хүсэл төрөөд өө
Олон ааштай чиний ертөнцөд яагаад
Одод ийм хурц гэрэлтэнэ? 
Үс, намайг татагч увидаст үнэр
Хүйтэн шөнөд уусан замхрах чинь
Хүслийн минь зоргоор...
Тэнгэрийн эрхэс та хоёр тийм болоод л…
Оддыг тоолох хүсэл төрөөд өө…
***
Хааяагүй хуцах нохойн дуутай
Харанхуй шөнө...
Хааяахан дуслах бороонд
Шалба норохыг хүсэн алхахдаа л
Хатаж үхэх тавилантайгаа ойлголоо
***
Хацар дээр
Уруул дээр
Нүд, мөр
Хацар, нүд, үс, хуруу, мөрөн дээр
Хаврын бороо...
Хатаж, аглагшжээ
***
Өвс найгахыг ажин өдөржин алхлаа
Үснийхээ хийсэхийг харсангүй... би
Шувуудын жиргээг шөнөжин сонслоо
Наргүй тэнгэрт хэрээний мөр л үлджээ...
Гүүрэн дээгүүр хүмүүс
Гүүрэн доогуур гол мөрөн...
Гүндээ хүсэл мөрөөдлийг живүүлнэ
Гүехэн байгаа даа, ганцаардал минь

Чулуу шидэн тоглодог бол одоо түүнийг ширтэн сууна
Он оны өмнөх улаан цэцэгс одоо ч   шаргалаарааг мэдэрнэ
Он оны дараах дулаан амьдрал одоо ч хуучнаарааг ухаарна
Оршихоон байгаад уджээ... би
Өглөөхөн өвсний толгойд шүүдэр буусан гэхээр л
Өөртөө дуу аялах минь гэнэн санагдана
Худгаас ус авахдаа хуруугаа жиндүүлээд ирэхэд
Хацартаа наахад чинь уйлахгүй байж чадсангүй, ээж ээ
Хүүхэд байхад минь тарьсан цэцгээ      надад
Үлгэр хэлэхдээ л хатаачихсан юм уу...

/"МОНЦАМЭ мэдээ" сонин. 2009.09.25-ны дугаараас/

Өгүүллэг

Цэдэндамбын Баттуяа

1987 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, туулай жилтэй. 2004 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор, 2008 онд МУБИС-ийг тус тус төгссөн. Утга зохиолын ажилтан-Сэтгүүлч мэргэжилтэй. Монголын үндэсний өдөр тутмын сонин “Өнөөдөр”-т ажилладаг. Ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангиасаа шүлэг, үргэлжилсэн үгийн зохиол бичиж эхэлсэн.
2005 онд “Янжинлхам” оюутны яруу найргийн наадмын дэд байр, 2006 онд “Хайр” эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Гүн галуутай” яруу найргийн наадмын тусгай байрын шагналтай.


ТЭР ХАЙРЛАСААР БАЙЛАА…

Саяхан даа саяхан. Бүр хэдхэн сарын өмнө өөрөөс нь өөр хэнд ч заяамгүй яв ягаахан өнгөтэй нэгэн сарнай Нийслэлийн цэцгийн нэгэн дэлгүүрийн цонхон дээр тавигдсан юм. 
Дэлбээлээд хэдхэн хонож байтал цэцгийн дэлгүүрээр санаандгүй орж ирсэн нэгэн залууд  тэр дурлачихаж гэнэ. Учир нь тэр залуу хамгийн түрүүнд түүнийг хараад “Сарнай, чи ямар үзэсгэлэнтэй юм бэ?” хэмээн дуу алдсан юм. Тэгээд л гэнэн хонгор сарнайхан хамгийн түрүүнд өөрт нь хамгийн сайхан магтаалыг хэлсэн өнөөх залууд дурлачихсан юм байж. Тиймээс ч тэр өдрөөс хойш өнөөх ягаахан сарнай хаалга онгойх бүр өндөлзөж, өнөөх залууг хүлээн, өнгө зүсээ засан суудаг болжээ. Хайрт залуу нь ч түүнийг удаан хүлээлгэсэнгүй. Маргааш нь л ороод ирж гэнэ. Тэгээд л ягаахан сарнайг ширтэн зогсоод “Чи минь ямар үзэсгэлэнтэй вэ?” хэмээн магтаалын үгс урсгаж гарав. Энэ өдрөөс хойш залуу бяцхан сарнай дээр ирээгүй өдөр гэж үгүй. Эхэндээ өдөрт ганц ирдэг байснаа хоёр, сүүлдээ гурав, тэгж байгаад түүнээс ч олон ирдэг болов гэнэ. Сарнайхан ч түүнийг харах бүртээ өнгө зүсээ засан, дэлбээгээ хамгийн сайхнаар дэлгэдэг байжээ. Энэ бүхнийх нь хариуд залуу ч хамгийн сайхан магтаалыг түүнд хэлдэг болж. Гэтэл нэгэн өдөр залуу түүн дээр ирээд “Чи бид хоёр танилцсаар сар болох гэж байна. Хайр нь чам дээрээ маргааш ирье” гээд гарч оджээ.
Хачин их догдолсон сарнайхан маргааш өглөө нь нар руу өнгөлөг дэлбээгээрээ хөгжилтэй нь аргагүй даллан мэндчилээд, дуу аяланхан хөрсөндөө үндэсээрээ улам гүн шигдээд, ишнээсээ шинэхэн нахиа дэлгэрүүлжээ. Тэгээд шинэхэн нахиагаа өхөөрдөн хайрлахын зэрэгцээ хайрт залуу нь түүний бэлдсэн энэхүү үнэт бэлгийг хараад хичнээн их баярлах бол гэж бодон хөгжил хөөртэйгээр ирэх цагийг нь хүлээлээ. Дэлгүүрт хүмүүс орж гарсаар байвч түүний хайртай залуу ирсэнгүй. Сарнайхан “Өнөөдөр бид хоёрын танилцсаны нэг сарын ой шүү дээ. Тэр ирнэ ээ” хэмээн өөрийгөө тайтгаруулж, үдшийн нарыг жарган жаргатал хаалга руу өндөлзсөөр л байв. Тэгээд саран мандахад тэр мөн л өнгөлөг дэлбээгээрээ даллан мэндчилээд, цонхоор зам ширтэн суужээ. Сарнай энэ үед ч бас л өглөөний адил баяр  хөөртэй хэвээр байв. Тиймээс ч тэр гудамжаар өнгөрсөн хүн бүртэй, тэр ч бүү хэл хэн нэгний дагуулан яваа нохойтой хүртэл дэлбээгээ даллан мэндчилсээр байлаа. Тэгж байгаад хэтэрхий олон хүнтэй мэндэлсэндээ ч тэр үү, эсвэл хэтэрхий их догдолсондоо ч тэр үү, хачин их ядраад, өөрөө ч мэдэлгүй зүүрмэглэчихжээ. Түүний өглөөхөн дэлбээлсэн бяцхан нахиа ч бас нам унтчихаж. Гэтэл түүний зүүдэн дунд хэн нэгэн цонхыг нь зөөлхөн тогшоод, “Сарнайхаан” гэж дуудав. Сарнай цочин сэртэл хайртай залуу нь цонх тогшоод, түүн рүү инээмсэглэж байна.
Сарнай ч дэлбээгээ цэмбийтэл дэлгээд, нахиагаа яаран сэрээж, яг л хүндэт харуул шиг ёслон зогслоо. Тэгсэн хэрнээ түүний дэлбээнд бяцхан ичингүйрэл тодорчээ.
Тун ч удалгүй залуу сарнайханд ойртон ирээд, нөмөр нөөлөгтэй, дулаахан хөрснөөс нь сугалан авав. Сарнайхан “Яана аа” хэмээн дуу алдсан боловч залуугийн тунгалагхан нүдтэй харц тулгараад ичингүйрэн доош харав. Гэтэл залуу түүнийг зөөлхөөн илбээд, нүдээ аньж, уруулаа цорбойн ойртоход нь хачин их догдолсон сарнайхан нүдээ тас анилаа. Залуу “Миний хонгор Сарнайхан минь. Чи бол энэ ягаахан сарнайнаас ч хамаагүй илүү гоо үзэсгэлэнтэй. Энэ дэлхийн цорын ганц амьд Сарнай” гэх нь тэр.
Ягаахан сарнай гэнэт цочин эргэж харвал түүний хайрыг булаасан залуу нь цэцгийн дэлгүүрийн худалдагч охиныг чангаас чанга тэврээд үнсэж байлаа. Үүнийг харсан ягаахан сарнай тэр дорхоноо л “амь тавьчихав”. Бүр өглөөхөн дэлбээлсэн бяцхан нахиа нь хүртэл…
Энэхэн агшинд залуугийн гал мэт халуун үнсэлтэнд уярсан бүсгүй гартаа байгаа гандчихсан сарнайг алгуурхан газарт алдлаа. Тэгсэнээ тэд хөөрхий сарнайг ор тас мартаад гарч оджээ. Ингээд хайрын хүчээр сар гаруй өнгөлөгөөр гэрэлтсэн ягаахан сарнай ганцхан агшины дотор гандаж орхих нь тэр ээ.
Гэвч ингээд л түүх дуусчихсангүй. Өглөөгүүр цэвэрлэгч эмгэн шал арчиж явах зуураа аль хэдийнээ гандчихсан сарнайн дэлбээнүүдийг түүн хогийн сав руу зүглэх зуураа “Сарнай чи гандчихсан ч гэсэн надаас илүү үзэсгэлэнтэй байх юм” хэмээн ам алджээ. Гэтэл энэ үгийг гандажээ байсан нэгэн дэлбээ олоод сонсчих нь тэр. Ингээд л тэрээр шинэхэн дурлалын эзнээ олж харах гэж өндөлзөх зуур гүн хар ангал дотор, бөөн тоос шороон дунд унав. Гэсэн ч тэр цөхөрсөнгүй. Шинэхэн хайраа хайсаар, ангалын амсар руу өндөлзсөөр байлаа. Даанч удалгүй дээрээс нь бөөн хар юм унаад ирэв. Хормын дараа гэхэд дурлалаар хоёр дахиа амьдарсан бяцхан дэлбээ амьсгалж ч чадахаа болилоо. Гэвч тэр бяцхан дэлбээ эцсийн амьсгалаа авч байхдаа хүртэл зүсийг нь ч үзээгүй хэн нэгнийг хайрласаар л байлаа…
Учир нь тэр сарнай өөрийгөө цэцэг биш, хүн гэж боддог байсан юм. Тиймээс ч түүний бяцхан дэлбээнүүдийн дунд хэн бүхнээс хүчтэй, эрчтэй зүрх цохилж байлаа.

***
Харанхуй гудамжинд ганц халтар гөлөг
Сэтгэл өмөртөл гансалж хонов
Сар түүнээс айгаад огт цухуйсангүй

***
Өнөөдөр эцсийн өдөр хэмээн эндүүрсэн
Өвгөн цахлай
Өглөөнөөс үдшийн бүрийг хүртэл
Өнөөх л нуурын
Нэг эргээс нөгөө эрэг рүү
Нэг ч хором амсхийлгүй аялна, аажуухнаар
Нар жаргах бүр тэр
Маргааш гэж өөрийнх нь хувьд
Огт байхгүй гэдэгт итгэж
Нуурын эргийн өвсөн дээр
Хэвтэр засан тухлаж, амьдралтай салах ёс гүйцэтгэнэ
Яг л эндээ мянган жил хэвтэх юм шиг
Тийм тохилог хэвтэрийг
Яг 365 үдэш ингэж засав
Маргааш орой өвгөн цахлай
Яг ийм хэвтэр засах болов уу, яах бол???

***
Болжморын нулимсанд орчлон живчих гээд байхад
Бороо чи ч бас юу ч билээ

***
Хэн ч мэдэхгүй энэ нууцыг
Хүн төрөлхтөн бүгдээрээ марттал нь
Хав дарчих сэтгэл надад олж өгөөч
***
Урд насныхаа
Урт дурсамж дундаас
Хулгайлж авчирсан элсний ширхэгээ
Хуучин цүнхнийхээ халааснаас
Санамсаргүй олоод
Сэтгэл их шаналав
***
Цонхны дэргэдэх модны мөчир дээр
Тухлаж суусан жижигхэн болжморууд
Дэрхийтэл нисэв
Түгжээтэй цонхны дотор талд
Тоомжиргүй зогссон миний
Тархин дотор
Тэнгэр дуугарахад.

/"МОНЦАМЭ мэдээ" сонин. 2009.09.25-ны дугаараас/

Яруу найраг

Анна Ахматова

Сүүлчийн хундага

М. Саранцэцэгийн орчуулга:

Ханхайж хоосорсон гэрийнхээ төлөө
Хатуу ширүүн амьдралынхаа төлөө
Хоёулаа мөртлөө ганцаардлын төлөө
Хонгор чинийхээ ч төлөө би ууж байна

Хайхралгүй хуурсан уруулын чинь төлөө
Хайргүй хүйтэн харцны чинь төлөө
Амьдрал дэндүү энэрэлгүйн төлөө
Аз жаргалыг бурхан хайрлаагүйн төлөө
Би ууж байна.[

Л.Дашнямын орчуулга:

Хоосорч хонхийсон орон гэрийнхээ төлөө,
Хорлонт зуунги амьдралын минь төлөө,
Хоёулаа суугаа хэрнээ ганцаардахын төлөө,
Хонгор минь чинийхээ төлөө энэ хундагыг өргөе өө.

Надаас урвасан хуурамч уруулын чинь төлөө,
Нас нь цөглөсөн хүйтэн харцны чинь төлөө,
Бурангуй бөгөөд хатуухан хорвоогийн төлөө,
Бурхан биднийг авраагүйн төлөө энэ хундагыг тогтооцгооё оо.

Д.Урианхайн орчуулга:

Байдгаа тонуулсан орон гэртээ харуусахын учир,
Бачим хохь амьдралдаа хорсохын учир,
Хоёулаа суугаа ч ганцаардахын учир,
Хонзогнож үнссэн уруулд мэхлэгдсэний учир,
Хохимой хүйтэн харцанд дагжихын учир,
Хорвоо хахир агаад гүжрийн учир,
Хотлыг аврагч Бурхан эс аварсны учир,
Үнэнээ хэлэхэд
Үүрд чамайг дурсахын учир,
Үгээ барж, сүүлчийн хундагаа хөнтөрье.

 

Яруу найраг
Яруу найраг

Àíäàà äóðñàõóé

Нэгэнт өнгөрсөн андаа дурсахад
Хүрэл зүрх ч хайлна...
хэмээсэн эртний монголын гайхамшигт нэгэн шүлгийн мөр байдаг даа. Үнэхээр одогсдыг дурсахад амьд ахуй цагийн нь гэгээн дурсамжууд тодорч, элэг зүрх эмтэрэх бөлгөө.
Түүнийг Бадамцэрэнгийн Эрдэнэбулган гэдэг байлаа.  Оюутан ахуй насандаа нөхөрлөж асан уяхан сэтгэл, цайлган зангаараа өөрийгөө чимсэн уран бүтээлч найз нарын минь нэг. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Бэрх тосгонд төрж өссөн сэтгүүлч- яруу найрагч залуу байв. Сэтгүүлчийн гараагаа тэрбээр "Ил товчоо" сониноос эхэлж, "Улаанбаатар", "Өнөөдөр", "Ган зам" сонинд ажиллаж, туурвиж явсан юм. Энэ л үедээ уран бүтээлч олон нөхрийнхөө анхны шүлгийг дээрх  сонинуудын хуудаснаа эх барин авч, эздийг нь баярлуулсан даа. Утга зохиолын төлөө зүрх сэтгэлээ зориулсан, уншиж туурвихын амтанд шимтсэн ийм л сайхан анд минь байсан юмсан.
1990-ээд оны сүүлээр яруу найрагч В.Нэргүй бид гурав Хайлаастын нэгэн цагаан байшинд он дамжин амьдарч,  жаргал зовлонгоо хуваалцаж, шүлэг зохиолоо бие биедээ уншин, санаа оноогоо ярилцаж явав. Хайлаастын тэр цагаан байшин зөвхөн бид гурвын төдийгүй зохиолч Н.Бадамжав, яруу найрагч Б.Занданхүү, Г.Сонинбаяр гэх мэт бидний олон нөхрийн утга зохиолоор "өвчилдөг" өргөө байжээ.
Одоо харин Б.Эрдэнэбулган маань биднийхээ дунд байхгүй. Яг л агуу их М.Лермонтов, П.Шандор, И.Такубоку шиг 27-хон настай мөнхийн залуугаараа сэтгэл зүрхэнд л үлджээ. Тэрбээр олон сайхан уянгын шүлэг, үргэлжилсэн үгийн "Дээвэр уул" зохиолоо бидэнд үлдээгээд одсон юм. Мөн андын маань дотоод сэтгэлийн гуниг, гэгээн хайрын түүх гээд нууцлаг, нандин бүхэн нь бидний зүрх сэтгэлд үлджээ.
Түүний шүлгүүдийг аав, ээж, ах, эгч, дүү, найз нөхөд нь 2007 онд эмхэтгэн "Оршихуй" нэртэй ном  болгон гаргасан юм. Энэхүү номын шүлгүүдээс толилуулж байна.

***
Цаад уулын модонд чоно улих сонсогдоно
Цахилж яваа гөрөөс аян саатаагүй байгаа
Цагийн зэрэглээн дундаас ижий минь даллаж үзэгдэнэ
Цацлын хувинтай сүүнд нь од харвачихаагүй байгаа

Жаран жарныг уусгах цаг хугацааны мананг зүсэн
Жагарын орны гөрөөс цахилж явдаг юм гэнэ лээ
Өглөө эртийн нарнаар цацлаа өргөх ижийг минь
Өндөр өвсөн цаанаас сэмээрхэн хардаг юм гэнэ лээ

Өр нимгэн ижийг минь үхлээс хаацайлах гэхдээ л
Өтгөн мананд нуугдан мөнхийн харуулд зогсдог юм гэнэ лээ
Өглөө өглөөний нарнаас урьтаж ирэх гэхдээ л
Өнө холын аяндаа зүдэрч явдаг юм гэнэ лээ

Мөнгөн сарны доорхи зуун зууныг өртөөлсөн
Мөнхийн тэр аян нэг л удаа саатдаг юм гэнэ лээ
Жагарын орны гөрөөс аян хэрвээ саатвал
Жаахан буурал ижий нар тэнгэрийн жимээр алсардаг юм гэнэ лээ

Зулын гэрэл сүүмэлзсэн зууны нугалаасанд бүдрэхдээ
Зулай нимгэн орчлонгийн мананд төөрсөн гөрөөс
Дүрлэгэр алаг нүдэндээ дэлхий дайвалзсан нулимстай
Дөрвөн цагийн мөнхөд уйлж л явдаг юм гэнэ лээ

Цаад уулын модонд чоно улих сонсогдоно
Цахилж яваа гөрөөс аян саатаагүй байгаа…
***
Энэ төөрдөг байшингийн гарах хаалга нь хаана байдгийг
Эгэлхэн, гунигийн дуу шиг навчис минь хэлээд өгөөч
Удахгүй та нар ч гэсэн өнгөө хувилаад ертөнцийг огоорно
Уйт намрын бороо зүрхэнд минь шивэрнэ

Хосгүй энэ төөрдөг байшингийн орох хаалгыг би
Хорин жилийн өмнө анх татсан юм
Зовлонгоор нэрсэн дарснаас хүртэж, зовлонгоо нимгэлсээр
Зоргоор тэнэлээ, төөрлөө, харин яг одоо л гармаар байна

Ай навчис минь хийсэж унахаасаа өмнө
Асуултын минь хариуг наддаа шивнээч
Эгэлхэн гунигийн дуу шиг заяа нэгт андууд минь
Энэ төөрдөг байшингаас гарахад минь газарчин болооч…
***
ЧАМДАА БИ ХАЙРТАЙ

Голт зүрхний минь гүнд бүх ертөнцийн гунигийг
Гоёлын зүүлт шиг шигтгэсэн хосгүй хайрын шаналан
Борог шөнийн зүүдийг гэгээн төрхөөрөө аргамжсан
Борооны дараахь солонго-Чамдаа би хайртай

Зэллэх шувуудын нулимсыг дэлбээ юундаа тольдсон
Зэрлэг сарнай цэцэг-Чамдаа би хайртай
Мөнх бусын орчлонд зөвхөн миний төлөө
Мөчрөөсөө унах навч-Чамдаа би хайртай

Улирах цагийн тоосыг үрийнхээ өмнөөс хүртэх
Утаат галын бурхан-Чамдаа би хайртай
Амьдралын зөрөг гэрэлтүүлж асаад өнгөрөх тавилан
Аргалын цэнхэр утаа-Чамдаа би хайртай

Дундуур заяа дүүргэж орчлонгийн өрхийг татах
Дурлалын охин тэнгэр-Чамдаа би хайртай
Өнчин саранд ханьсан мянган жил дуурьсах
Үүрдийн цолмон бадаг-Чамдаа би хайртай

Есөн сарын өвс нулимст уйгаар бөхөлзөх шиг
Ертөнцийн бүх гуниг сэтгэл дундуур лугшнам
Нуурын цахлай адил өнчин зүрхэнд эргэсэн
Уулын охин чамдаа гуниг шигээ хайртай
***
Би нүглийн золиос
Би нүүдлийн шувуу
/Өврийн дэвтрээс/

Амьдрал шиг нулимс уу? Нулимс шиг амьдрал уу?
Аль нь ч байсан ялгаагүй, гашуухан цаг хугацаа улирсаар л байна
Намар шиг дурлал уу? Дурлал шиг намар уу?
Надад юуны хамаатай, гэвч навчис унахад зүрх ёолно

Шаргалхан навчис-ертөнцийн зүрх шиг гүний алс
Шаналсан сэтгэл юуны учир хэнийг үгүйлнэ
Ганцхан хундага, алив дахиад нэгийг, гунигаа сөгнөе
Гансарсан найрагч оддыг л таалнам биш үү

Орчих цагийн зүү ертөнцийн шуурганд төөрчээ
Арчих хэрэг байна уу?
Ер бусын ад бишийн хүсэл гал шиг төөнөнө
Ширэнгэ ойн гүнд буга үхсэн байхыг хэн ч мэдэхгүй, мэдэхийг хүсэхгүй
Шингэх нарны туяа шиг цус нь өрөөл бусдад /цэцгэнд ч адил/ амьдрал тэтгэнэ

Санамсаргүй, янзага шиг охидын аньсага чийглэчихээд
Анзааралгүй өнгөрсөн бол нүглийн золиосыг бүү уйчил
Нулимс шиг амьдрал уу? амьдрал шиг нулимс уу?
Нүүдлийн шувуу буцахад аль нь ч ялгаагүй гашуухан…
***

Уулын охин 

Хас цагаан туяа сарны чулуун дээр асгарах шиг
Хачин намуухан үдшээр мөнхийн болзоонд ирдэг
Эрвээхэйн даль шиг аньсаганд алгадуулж
Эрх чөлөөгөө би хулгайд алдчихсан 

Эрх чөлөө сэтгэл зүрхийг минь
Эгнэгт хамтад нь хулгайлчихсан
Тэнгэрийн одонд ойрхон төрсөн
Тэр охин уулын аманд суудаг 

Үдэш болохыг би тэсч ядан хүлээдэг
Үлгэрийн гоо охин зүүдэнд минь ирдэг
Сэрүүн өглөөний мананд чив чимээгүй уусаад
Сэмхэн явчихаар нь ертөнц уйтгарладаг 

Зуун жилийн чинад хамтдаа орших  
Зургийн тавилан байдаг сан билүү?
Мөн ч алсын гуниг сэтгэлд хургаад байна
Мөнхийн залуу нас гэж байдаг сан билүү?

Тасарч унах навчсын зовлонг ойлгодог
Талын уулс шиг уужим сэтгэлтэй
Тэнгэрийн одонд ойрхон төрсөн
Тэр охин  уулын аманд суудаг

 ***

Уруулын чинь өнгийг навчис хулгайлж
Уулын аманд намар иржээ, хонгор минь
Дурсгалын алтан бөгжин дээр  орчлонгийн дуу царгиж
Дурлалын мөнгөн зөрөг дээр тэнгэрийн сүү цайрчээ 

Хаанаас ч юм бэ нисч ирсэн гунигийн шувуухай
Хатан сэтгэлийн чинь гүнд үүрээ засчихжээ
Бугын жим дээр навчис дэвссэн энэ л үдшээр
Буцах шувуудын нулимс сарны мэлмийд цантжээ

Үйлийн үргүй хүслийн жаахан алдрай минь
Уй гунигаа чи, дэлхийн бороогоор угаачих
Үүлсийн хормой дэрвүүлэн алсрах намрын шувууд
Уулсын орой өндөлзүүлсээр эсэргэн хавар ирнээ

Уулын аманд намар цаг айлсаж
Уруулийн чинь өнгийг навчис хулгайлжээ 
Өө, тэглээ гээд, битгий гунигла даа хонгор минь
Өнө холын ирээдүй биднийг дуудаж байна 

***

Богдын хүрээ бороотойхон байна
Болороогийн нүд нулимстайхан байна
Болжморын далавч норсон байна
Бодол минь хүртэл нойтон байна 

Нэг л мэдэхэд хяруу дэрлээд
Мөчрөөсөө навч унасан байна
Нэрээр чинь бичдэг шүлгэнд хүртэл
Мөнхийн гуниг хургасан байна 

Дэргэж хатирсан он жилүүд
Эргэж ирэхгүй хулжсан байна
Дэндүү цэлмэг сэтгэл нөмөрлөн
Эрин цагийн үүлс нүүж байна 

Энэхэн орчлонд сэтгэлд мэлмэрч
Эрххэн зүрх чийгтсэн байна
Энхэрхэн бүсгүйн мэлмий шиг
Эрхиний бөөр хөлөрсөн байна

Богдын хүрээ бороотойхон байна
Болороогийн нүд нулимстайхан
Болжморийн далавч норсон байна
Бодол минь хүртэл нойтон байна

/"МОНЦАМЭ мэдээ" сонины 2009.09.11-ны дугаарт нийтлэгдэв/ 

Дурсамж

Диваажингийн цэцэрлэгт эрт заларсан анд минь “ХАР ОД” БАЙГААГҮЙ

Яруу найрагч Т.Баянсан

Эгэл тэр хүн зэгэл орчлонгоос алсарчээ. Сайхан монгол эр, шинэтгэгч хоолойтой яруу найрагч, будаг нухан нүд сэтгэл, оюуны тэжээл өгөгч зураач, сүм дуганыг эртний тиг ёсоор нь гэрэлтүүлэн босгогч уран дархан, номын сууринаа завилж ертөнцийн мөнхүүг тэмтрэгч бясалгагч, шашны шагшаа шар зүтгэлтэн, ардчиллын чин хөх, гүн тэмцэгч Баатархүүгийн Пүрэвсүрэн хоосон чанарт уусч, номын агаараар амьсгалжээ. Тэр минь нэгэн биед багтамгүй эгэл бус чанаруудыг маш энгийн бөгөөд эмх цэгцтэй хадгалж явсан ном ёсны хүн-баринтаг байсан юм. Байсан юм биш, байгаа юм, байсаар ч байх… гэсэн үгийг энд хэнээс л далдирахгүй хэлэхийг хүсэв би.
Ховдын Багшийн дээдэд намайг нэг жил “загнаж” байгаад явсан Г.Бадамсамбуу танилцаж амжаагүй бидний хэдэн нөхдийг нэгэн ном дээр уулзуулж, жижигхэн мөртлөө их зантай тэр дэвтрээ “Зүс бүгэг андууд” хэмээнгээ уран зохиолын ертөнц рүү шидсэн аврагч гранат мөн гэж билээ. Увсын тэр шинэхэн “долоон хар”-ын ахимаг нь Б.Пүрэвсүрэн, дүүмэд нь би. Бадмаас бусадтай нь уулзаагүй мөртлөө би “Манай Пүрэвсүрэн ийм, манай Цэнд тийм, манай Уянсүх ийн, манай Лхагвасүрэн тийн, манай Эрдэнэ ингэдэг” гээд л танихгүй найзуудаа танихгүй хүмүүст нь танилцуулж л явлаа. 1991 оны өвөл Увс аймгийн сонины эрхлэгч Г.Бадамсамбуу дарга болох шинж тэмдгийг цухалзуулж байхдаа “Нөгөө Пүрэвсүрэн чинь ирсэн. Орой манайд уулзацгаая” гэснээр түүнтэй анх нүүр тулан танилцсан сан. Тэгэхэд тэр маань Болдбаатар нарын зураач нөхдийнхөө хамт Парис хотод хамтарсан үзэсгэлэн гаргаад ирчихсэн, тэр тухайх дүрс бичлэгээ бидэнд үзүүлэхээр авчирсан байв. Пүрэвсүрэнг хараад л би сүрдсэн. Өөрийгөө илт голсон. Хачин царай муутай “амьтан” мөртлөө тийм хүнтэй зэрэгцэж  нурмайчихаад, бас цор цорхийж байгаадаа би ичиж байлаа. Түүний үг яриа, намба төрх, гар хурууныхаа үзүүрийг яльгүй чамирхалтай хөдөлгөх, тавагтай идээнд хүрэх, хундагатай юманд хянуур дөхөх, алгаа хамтатган наманч байдал харуулах, гал гүйн гялалзсан тунгалаг хар нүдээрээ бодлогошронгуй харах, гэнэтхэн гутлынхаа түрийнээс судар шиг зузаан дэвтэр гарган элдэв дүрс тэмдэглэж, өнгө ялгах, эсвэл солгой гарын “эвгүйхэн” хөдөлгөөнөөр шүлгийн мөр таталгах, шовх харандаагаа шигүү үсэндээ дарж хадгалах, энэ бүхэн нь намайг шууд айлгаж, хоромхон зуур бишрүүлэв. Биржрүүтэй хүрэн даавуун дээлийг элбэгдүүлсхийж өмсөөд, Ринчин гуай, эсвэл Урианхай гуайн өмсдөгтэй төсөрхүү, хөх саарал гэмээр завсрын өнгөт малгайг торгон хар үс рүүгээ булхуулан хэлтгий тавьжээ. Их эвлэг харагдах буриад гутал өшиглөсөн нь бүх хувцастай нь найрсан байв. Гэхдээ түүний дотоод сэтгэл гялгар, хээнцэр бишээр барахгүй хэнтэй ч нөхөрлөж, хэнийг ч соронз шиг татах олон тэмтрүүлтэй, нийцтэй хүн болохыг нь би төдхөн мэдсэн юм. Сюрреалист урсгалын уран зургийн үзэсгэлэнг тэр эрхмийн бичлэгтэй хуурцагнаас анх хараад “Яасан зэвүүн юм хийдэг нөхөр вэ” гэж бодож байсан сан. Манай хэдээс Уянсүх, Цэнд хоёр тийм хэлбэр, дүрсийн гажилттай юм зурж эхнэр хүүхдүүдэд шоолуулж байсан нь бас л Пүүгийн нөлөө. Мань эрийн реалист зургууд гайхалтай учраас тэр үед түүнд реализмыг “эвдэж хэмхчих” эрх бүрэн олгогдсон байсан гэж би боддог. Тэрхэн үеийн богинохон уулзалтаас цаашаа Пүүг маань чиргүүлтэй машин хөлөглөн одсон сон. Өндөрхангайдаа тэрслүү цагийн хоморгонд нураагдаж, сүйдэн үгүй болсон Гандандаржаалин хийдийг сэргээхээр зорьж, Хартарвагатайгаас нүүрс татах замдаа тэр надад нэг иймэрхүү сэтгэгдэл үлдээгээд явсан даа.
Жил гаруйгийн дараа хот руу зорчихдоо тэр Уянсүхтэй хамт ирж, хэдэн шүлгийг минь авч яваад “Ил товчоо” сонины нэр хүндтэй буланд нийтлүүлснээр хотын залуусаас би “айхаа” больж билээ. Найз нөхдийнхөө зохиол бүтээлийг хүмүүст хүргэх гэж тэр хичээнэ. Бодсоноо тойруулж цагираглахгүй түс тасхан хэлчихнэ. Цэндийн нөгөө “хэрцгий” номуудын эхнийхийг нь өврөөсөө мөнгө гаргаж хэвлүүлж байлаа. Бид хэдийг орон нутагтаа байхад Пүүг л шинэ мэдээлэл, содон юмаар цэнэг өгнө. “Надад нэг сүрхий бор хүү бий. Одоохондоо миний шавь ухаантай. Түүнийг гайгүй яваад байвал эсрэгээр нь шавь нь болдог юмуу гэж бодох юм” гээд түсхийтэл инээд алдана. Тэр бор хүү нь Битогтохын Цогнэмэх л дээ. Хожим нөхөд маань бүгдээрээ хот хүрээ бараадаж, бид хоёр агуу их Парчин, Лу гүний голомтыг сахиж үлдсэн “нутаг амьтай аав”-ууд болж, хэсэгхэн халзагнаж ч явлаа. Тэр ажил ихтэй тул аймгийн төвд жилдээ ганц хоёрхон ирнэ. Энэ үед л бид хоёр бяц авна даа.
Нэг удаагийн ийм “агуу нээлттэй” үеэр мань эр хамаг бие сэтгэлээ хөвчилж байгаад цахиур чулуу шиг усан хөх судалтай цагаан аялгууг зүрхнийхээ гүнээс хангинуулан урсган дуулсан юм. Сонсууштай, солгой хоолойтой биш бол дагууштай байлаа. Норов ах маань хүртэл дагаад хяхнаж байсан гээд бод доо. Пүүгээ Лу Жанжин гүний алдарт сайвар халтарт зориулсан шүлэгтээ өөрөө ая хийсэн нь тэр байв. Дуучин нь бас өөрөө байсныг бодоход тэр, монгол эр хүний “адуутай ухаан”-д нэвчсэн нэгэн гэдгээ надад харуулж, өдсөн хэрэг. Андынхаа тухай чихэнд чимэгтэй сургийг газрын хаанаас ч сонсдог байв. Пүрэвсүрэн Дэлгэрийн овоонд өвлийн ид хүйтнээр нямба хийж, бясалгаж байна л гэнэ. Ар халхын Амарбаясгалант хийдийг сэргээлцэж яваа нь ч бахархам. Завхан аймагт суварга босгож, Бороохойн Батхүүтэй дөрөө харшуулж ч дуулдана. Ховд аймгаас мотоцикль унасан лам ирж, хийд байгуулахад туслаач гээд сундалж явсан л гэнэ. Хотод Гандан хийдийн хашаанаа нутгийн ах Гүнчин-Иш ламын хүсэлтээр суварга босгож байгаа л гэнэ. Холын сураг ийм зэрэг байхад ойрын ажлууд нь Ханхөхийгөө нар зөв тойрсон, сүм хийд, дугана суваргаар эрхи гүйцээсэн хандлагатай байлаа. Гандандаржаалин хийдийг барьж, байгуулахад үнэн сэтгэлээсээ тусалсан Мэндээд “Дүү минь бид жинхэнэ буян үйлдэж чадлаа. Чи минь муу явах учиргүй боллоо шүү” гэж сэтгэл хөдлөн хэлж байжээ.
Түүнд “хэрэггүй” хүн гэж байсангүй. Хүнийг муу сайн, мунхаг цэцэн гэхгүй адилхан хүндэтгэж харьцана. Энэ нь хуурмаг гоё биш, жинхэнэ зүрх сэтгэлээсээ. Анд минь намайг Сэлбийн гүүрээр зорчиж, сэхээтнүүдийн хаалга онголзуулж, сэржмийнх нь юмнаас хороож явахад хотод нэг ирсэн юм. Тэр л бид хоёрын сүүлчийн уулзалт байжээ. Бадамсамбуу Монголд “түр оршин суугч” тул харьяатын асуудал мэддэг газраас “хөөгөөд” уулзуулаагүй, Уянсүх Ховд, Дарханы хооронд тэлээлж “сүүлээ” моодгонуулаад баригдаагүй, Цэндийг дарга нь “муухай хараад” явуулаагүй, Эрдэнэ японы мал аж ахуйг хөгжүүлээд эзгүй, ийм үед Ханхөхийн хангалуун билэгт уулнаас түмэн бахархалт голомтыг сахигч, туурвигч маань ирсэн юм. Ц.Очирбал нарын зураач нөхөдтэйгөө хамтарсан үзэсгэлэн гаргахаар тохиролцох зэргээр бас бус ажил амжуулан, надаас “бултаж” хоёр хоносон байх. Мань эр тэссэнгүй л дээ. “Уулзаагүй удахаар уур чинь хүрч байв уу. Тусгүй хүн юм гэж бодов уу” гэсээр утасны цаанаас дотно сайхнаар инээж байв. Пүрэвсүрэнд маань найз нөхөд, хайрладаг хүндэлдэг, харамладаг хамгаалдаг хүн үй олон байлаа.
Тэр зун нь нутгаа санасан өвгөн хүн Пүрэвсүрэнгийн хийдэд мөргөх гэж зорьж очсон байж. Тэр өвгөнтэй заавал уулзана гэж намайг дагуулж гэрт нь очлоо. Хийдийнхээ ойр тэр өвгөнд ямар ч чулуугаар гэнэв, дурсгалтай хөшөө хийж өгөх юм болоод явчихав. Цагтаа нам засгийн өндөр алба хашиж явсан өвгөн биднийг явахад хуучны ухуулга сурталчилгааны зурагт хуудсууд бөөн бөөнөөр өгч “их хэрэгтэй зүйл шүү” гээд үдэв. Би ч тэндээс гарангаа “Цаад өвгөн чинь сийрэг тол¬гой байна. Өөрөө хаях ёстой хогоо бид хоёрт тэврүүлээд гаргадаг байна шүү. Дээр нь бас үнэ өртөггүй гэрэлт хөшөө… Аа яа яа” гэсэнд Пүүг маань сүрхий уурлаж билээ. “Чи ийм цээж хорсгосон үг хэлж байдгаа боль. Тэр хүний сайхан сэтгэлийг чи олж харсангүй юү” гэж билээ. Пүүгийг уурладаг юм байна гэж тэр үедээ шоолж байснаа санахаар дотор харанхуйлсан энэ гашуудалт өдрүүдээс гэрэл гэгээг олж харах мэт болном. Хүнд сэтгэлийн шан өгөх дуртай. Дууны найргаар цахиур хагалсан Бадамсүрэнтэй “намба алдан” түрүүлж уулзаад “Юм  хүртдэггүй хэвээр биз дээ, гэсэн ч яахав. Магтаал нэртэй идээ байдаггүй юм байна. Ерөөл гэнэ үү, үүнийг” гэн барьж, дүү Мөнхжаргалаас нь “Нөгөө Хайкуны ном яасан бэ” хэмээн нэхэж шахаж амжина. Тэр маань яруу найрагчийн хувьд уянгалах дургүй. Маш эрчимтэй, хөдөлгөөнтэй үгсийг сонгож шүлгээ бичнэ.
…Хар дарсан  гуниг халамцуу
Хал үзсэн зүрх долгомцуу
Халуун намрын шаргал талд гээж орхисон
Цэнхэр сүүдэрт
Цагаан шоо дөрвөлжин…
шүлгийг нь хориод жилийн дараа хэдий ч би эргүүлж, өнхрүүлж шиншлэх дуртай. Энд далдын нэгэн ур, увидас нуугдан, түүнийг нь гүйцэд мэдэрч чадахгүй байгаа мэт санагддагаас тэр.
“Оргүй хоосны тошин дээр
Мөнх бусаар инээж
Овилго зовлого хоёр
Үйлийн үр цавчина
Шалир шанзны утсанд
Үхлийн зараа
тэнүүчилж
Шаргал авсны аманд
Амьдын жороо банжина”
гэж хоосон чанарын зүсийг над мэтэд зааж өгч байсан бол,
“Гомдол” шүлэгтээ
Нүд-чулуу
Нулимс-галуу нисгэж
Дурлажээ гэх харцанд
Дун хорхой эвхэрнэ
гэснээрээ шүлэг зохиолд дурлагсад, яруу найрагч гэж өөрөө үсчин өргөмж үмхэж, хахаж цацан орилогсдоос тэр минь онхи ондоо нэгэн болохоо харуулдаг байлаа.
…Нэгэн үзүүрт
сэтгэлээр
Чулуун ханыг ч цоолно
Нэгэнт одсон андаа
бодохоор
Хүрэл зүрх ч хайлна…
гэсэн нулимст үгс чанх дээр тэмдгэрч, дорнын тэнгэрт удаа замхарсны далан жил инээмсэглэж, “Бид ялав” өнгөө засан гялалзсан бороотой өдрөөр ийм сайхан анд минь худал хуурмагийн энэ орчлонгоос ангижрав. Уран зохиолд дүрэлзсэн мэт хуурмаг дүрс царцаж, хөлдүү нулимст шүлгүүд хөвөрч байх тийм цагт бид анд болцгоосон сон. Монголын утга зохиолыг өөр болгоно гэж зорьцгоосон сон. “Зүс бүгэг андууд” бид ялаагүй юм гэхэд хөлгөн анд, нөмөрт уул Пүрэвсүрэн минь магадтай ялсан. Ялаад зогссонгүй ялж төгс нөхчлөө дөө. Өрлөг Ханхөхий, өнгөт Увс нуураа зорихын цагт анд бид чинь хэнтэйгээ уулзаж, хэнтэйгээ хөхрөлдөж, хэнээрээ хийморийн сан тавиулж, хэтээ даах эрч хүчийг авах билээ дээ. Сайхан анд минь диваажин¬гийн ариун цэцэрлэгт дэндүү эрт заларсан ч хар од байгаагүй, хамгийн гэрэлтэй нь байсан юм. Би түүнийгээ санаж санагалзахдаа хотын утаат гудмаас нэг шүлэг илгээж байсан сан.
Хангайн цэцэрлэгт
Завилгаат ноён Пү суудал нурааж өндийгөөд
Хандгайн нүдэнд уригдан орж
Түүнийг улам бөгтөр болгоном
Эвэр нь халгай шиг цэцэглэхүй дор тэнгэр бороошиж
Энэ нь малгай биш болохоор норохыг шилгээнэм
Хилэгнэж гэмээ нь хэн ч тэсэлгүй зугтах дүр
Хийморийн сан тавьж

Миний хундагыг дүүргэхүй дор
Эхнэрээсээ айгаад гэртээ ороогүй цагдаа
Эцсийн эцэст бидний төлөө хүйтэн гудамд хононом
Бийрээ зурж
Солин туурвих нь зүрх гаслант
Билгээ нууж
Болин дарвих нь эрх чөлөөт
Саран дээр ийм л хүн нуруу үүрэн
Алхаж явмаар
Саахалтын зайнаас
Ангижралыг олсон уран Пү

/"Үндэсний шуудан" сониноос авав/

Яруу найраг

Ганболдын Сонинбаяр

-Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн.
-Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн.
-Утга зохиолын дээд сургуулийг дүүргэсэн.
-Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжилтэй.
-2003 онд “Сар харанхуй” ном нь МЗЭ-ээс зарласан анхны номын уралдаанд шалгарч хэвлэгдсэн.
2007 онд яруу найргийн хоёр дахь номоо “Бодлын сар” нэртэйгээр хэвлүүлжээ.

 “ЦЭЦГИЙН СҮҮДЭР” ХЭМЭЭХ ШҮЛГИЙН ДЭВТЭР

Цэцгийн сүүдэр
Сарнаа тусахуй
Туулай хэмээн эндүүрвэй!
***  

Сэтгэл эзгүйрэхэд
Навчис надад
Хань болном
*** 

Шүүдрийн дусалд
Хумхын тоос үгүй…
Шүүрс алдмаар өглөө
***  

Хайртай гэж хашгиртал
Хадны цуурай давтав
Харамсмаар…
***  

Нутгийн бараа
Харагдахтай үгүйтэй
Хаврын цэнхэр униар
***  

ДӨРВӨН УЛИРЛЫН ГУРВАН МӨРТ

Өвөл
Цонхон дээрх цэцэг
Хаврыг
Цөхөртлөө харуулдана

 Хавар
Анхны бороо
Цонх нүдэхэд
Хаалгаа онгойлгов

 Зун
Цонхон дээр суусан ялаа
Тэнгэрийг ийм
Хатуу гэж бодно

 Намар
Талд унасан хяруу
Толинд тусав уу гэтэл
Өрөөний минь цонх аж

  БОДЛЫН САР

I.
Тэнгэрт мандсан сар
Тэнгэрт гандсан сар
Тэнгэрт мацсан сар
Тэнд гацсан сар

  II.
Сар, үүл тэнгэрт биш
Зотон дээр л байнам
Сар, үүл тэртээд биш
Голын усан дээр байнам

  III.

Бодлын сар минь тэнгэрт мандвал
Зүг бүхэн дорно болно
Зүүрмэглэгч охин минь дагина болно
Зүүдний байшин минь харш болно
Зөвхөн би тэнд амьдарна
Найман зовхист хавар цаг
Намайг тойрсон дорно зүг

  IV.
Сарны хүйтэн биеийг тэврэх хүсэл төрнө
 
  V.
Өвс бүхэнд сар
Өөр өөр сар
Одноос олон сар
Ондоо ондоо сар

  VI.
Уулын хэц дээр
Ульж байгаа чонын нүдэнд сар
Улаан өнгөтэй үзэгдэнэ
  
  VII.
Хуучин цөөрмийн тогтонги уснаа
Нов ногоон саран хөвж
Навчис унахын тоолон
Хулсны үе мэт үрчлээ нэмэгдэнэ

***  

Алтлаг намар
Амтлаг намар
Анирхан намар
Анхилуун намар
Аглагхан намар
Ай…
Сэрэхүй бүхэн намар аа!

Яруу хүүрнэл

УНШААГҮЙ НЬ УНШААРАЙ, УНШСАН НЬ ДАХИН УНШААРАЙ

Нэгэнт уран зохиолын блог хөтөлж байгаа юм чинь энэ номын тухай бичье гэж бодсоор яваад жил гаруй болжээ. Даанч зав ч болсонгүй, бичих гээд суухаар нэг л нүсэрдээд, айгаад байсан юм. Тэгсэн харин нэгэн блог анд товчхон энэ номын тухай бичжээ. Үл таних энэ андад маш их талархаж байгаагаа илэрхийлье. Мөн бичсэнийг тань хуулж тавьсандаа хүлцэл өчье.
 Утга зохиол, урлаг сонирхдог хүмүүс энэ номыг уншаарай, уншсан байсан ч дахин уншаарай гэсэн дээ шүү.
Урлаг, утга зохиолын мөн чанарын тухай маш энгийн, ойлгомжтойгаар бичсэн үнэхээр сайхан ном. Дашрамд дуулгахад энэ номын хоёрдугаар дэвтэр бас ойрын үед хэвлэгдэх сураг байна лээ. Бүгд түүнийг хүлээе.

***

Номчин

Д.Батбаяр-Бүтээхүйн зүй тогтол

Энэ хүний нэрийг сонсохоор "Цахилж яваа гөрөөс" л санаанд ордог байлаа. Өөр зохиолыг нь угаасаа уншиж үзээгүйн байна. Номын дэлгүүрт тэнэж явахдаа Бүтээхүйн зүй тогтол гэсэн номыг санамсаргүй сонирхож үзээд авчихсан чинь манай нэг найзын надад өгөх гээд хэдэн сар болсон ч өгөлцөж авалцаж амжаагүй байсан ном болж таарсан. Гадарнаасаа ч, хуудсыг эргүүлээд харсан ч дэлхийн томоохон зохиол, бүтээлүүдээр жишээ авсан сонирхолтой санагдсан нь оносон байсан. Уншаад үзчих юмсан гэж бодогдохоор элдэв ном, зохиолуудын талаар дурьдсан байнаа. Зохиол гэж юу вэ, зохиолыг хэрхэн бичих вэ, зохиолыг хэрхэн урлах вэ гэсэн номны эхний үгс нь ном юун тухай болохыг бараг хэлээд өгч байна дөө. Миний хувьд эхний хэсэг нь гоё санагдсан. Энэ бүлгээс Японд байдаг Рёанзи хийдийн чулуун цэцэрлэгийн тухай уншаад очиж үзэхийг мөрөөдсөн. Элсээр хучигдсан 15 ширхэг том чулуу нь хаанаас нь ч харсан 14 болж нэг нь нэгнийхээ араар нуугдан нөгөө нь ил гардаг гэнэ. Ямар ч байрлалаас харсан шүү, сонин байгаа биз. "Хөдөлгөөнгүй гэдэг бол хөдөлгөөний хамгийн чухал зүйл гэж Хятадын гү ухаантан Лаоз хэлсэнчлэн хөдөлж явж байгаа хүний хөдөлгөөнөөр чулуунууд хөдлөхгүйгээр хөдлөж нэгнийхээ араар орно." Нууцыг бүтээхүй хэсэгт энэ тухай өгүүлдэг. Уран зохиолд ч мөн нууц хүний сэтгэлийг татдаг, за амьдралд ч гэсэн дээ.
Гайхамшиг гутамшигийн цогцлол хэсэгт тогосоор жишээ авсан байна. Тогос их гоё өдтэй хирнээ их муухай хөлтэй гэнэ, өд нь хэт гоё болохоор хөлний муухайг хэн ч анзаардаггүй...сонсож л мэддэг, сонсож мэдээд харсан хүнд бол тогосны хөл муухай л харагдана гэнэ. Хүн сэтгэлийн амьтан шт угаасаа кэкэ. Зохиол дээр сайхан сэтгэлтэй хүн ихэвчлэн царай муутай байдаг биз дээ, тэгээд сайхан сэтгэл нь дийлээд дуусдаг бээз кэкэ. Бүлэг бүр дээр сонирхолтой зүйлсээр жишээ авахын зэрэгцээ өөр зохиол, бүтээлүүдээр ч жишээ авсан байна.
Бас нэг таалагдсан зүйл нь суут хүмүүс 2 хязгаараас ангид байдаг тухай. Тэр нь ядуу ч биш, баян ч биш гэсэн үг. Ер нь оюунлаг хүмүүс мөнгө хураахаасаа илүүтэйгээр ном хураасан байдаг гэнэ. Уран бүтээлч болоход өсөх орчин бас чухал нөлөөтэй ба нэрт зохиолчдын гэр бүлд сайн номын сайн байх нь элбэг байдаг гэнээ, хүүхэд насанд нь шүү. Хүүхэд нас гэснээс бага настайгаа оршиж чадах нь мөн л чухал зүйл гэнээ. Суут хүн гэдэг мөнхийн хүүхэд гэж Таагүр хэлж байсан байна.
За тэгээл ер нь бүтээл бүтээхэд хэрэг болохуйц маш олон зүйл энд байна, заавал бүтээлч хүн гэхгүй зүгээр сонирхоод уншихад ч сайхан ном. Мэдрэмж, ойлголт, үнэлэмж, харьцуулалтаас эхлээд ноороглох, нэр өгөх, эхлэх төгсгөх талаар хүртэл өгүүлсэн байна. Уншаад үзээрэй.
Д.Батбаяр гуайн Мементог бүтээхүй, Ийнгаа миний хээр тал 2 нь шинээр хэвлэгдсэн байна лээ.

/ www.monkey.mn-аас авав. /

Өгүүллэг

Бадам анд www.amuli.blog.mn блогтой болсон. Та бүхэн орж түүний ертөнцөд аялаарай.

 

НАЦАГДОРЖИЙН БАДАМЖАВ

АМУЛЬ


 
 …Түүнээс одсон хийгээд алсран одож буй бүхэнд мөнх бус хамаатай. Тэр бидний одоо ба ирээдүй. Басхүү өнгөрсөн цаг үе минь билээ…
Бүх зүйл Жүмисийг хөл хүнд болсноор эхэлсэн юм. Хэрвээ тийм явдал болоогүй бол бүх юмс дэндүү амар хялбар, ойлгомжтой байх байсан биз ээ. Харамсалтай нь хувь тавилангийн тоглоом шоглоомд энэ бүлийнхэн дэндүү хатуухан өртөх ёстой байжээ. Гэвч бүхнийг хэн нэгэн мэдэж байдаг хойно доо. Түүнээс гарах гарц, зугтах боломж бий гэж үү.
Халширмаар хахир хатуу, урт удаан үргэлжилсэн өвлийн дараа тэнгисийн мөс бүхэлдээ хайлж, ой тайга номин ногоон өмсгөлөө өмсч, цэцэг навч хоромхон зуурт л дэлбээлж цэцэглэлээ. Хойд нутгийн хавар ийм л хурдан ирдэг бөлгөө. Ан амьтад ичээнээсээ гарч, нүүдлийн шувууд эргэн ирж гүйцээд байсан хаврын сүүл сарын хуучдаар Мура авгай шинэхэн бэр Жүмисийгээ дагуулан тайгын гүн дэх Сэнгэлэг горхины орчмоос дүрва өвс түүж, харих замдаа намгаас хүлрийн өрөм шүүрдэн авчрахаар явсан юмсанж. Мура урин дулааны цагт сар бүрийн хуучдаар ийнхүү дурва өвс, хүлрийн өрөмд байнга явна. Чухам үүний хүчинд л ганц хүү Бодончыгоо өдийг хүртэл амьд мэнд авч яваа билээ. Бодонч төрөлхийн бие султай, байнгын асаргаа шаардаж байдаг хөөрхийлөлтэй нэгэн. Арван нас өнгөртлөө явж ч чаддаггүй, үг хэл хэлж ч чаддаггүй хүүхэд байжээ.
Энэ нутагт өдрийн од шиг ховорхон ирдэг эрхүүд*-үүдийн нэгнээс ийм өвчтэй хүнд дурва ханд уулгаж, хөл гарыг нь бүлээсгэсэн хүлрийн өрмөөр хучиж байх нь хамгийн сайн эмчилгээ болно гэдгийг сонссоноос хойш тэрбээр ийнхүү дурва өвс, хүлрийн өрмөөр хүүгээ эмчлэх болсон юм. Санаа дагаад ч тэр үү, аль эсвэл эмчилгээ үнэхээр сайн нөлөөлснийх ч юм уу ямартай ч Бодонч хүү илтэд дээрдэн хөл дээрээ муухан ч гэсэн явдаг болж, үг хэл нь ойлгогдохгүй ч ойр зуурхан ярихчаан болдог болжээ. Хүүгийн үе чацуутангууд ойн нарс шиг хүдэр чийрэг болон өсч, ан гөрөөнд ид хаваа гайхуулан байхад Бодонч гэрийн мухар сахиж, ихэнхдээ өвчиндөө шаналж хэвтэрт л хамаг цагийг бардаг байлаа.
Бодончийг төрөхөд Караха нөхөр нь эх барьж авсан гэдэг. Дөнгөж амь голтой төдийхөн, уйлах ч тэнхэлгүй хүүгээ хараад эхнэр нөхөр хоёр өөрсдийн азгүй хувь тавиландаа харуусан гашууджээ. Тэдний хүү бие султайн дээр хүн цочирдмоор эрэмдэг зэрэмдэг нэгэн байлаа. Түүнийг ямар ч байсан хүн болгоно хэмээн хатуу шийдсэн эх нь эр нөхөөр зүйл бүрээр ятган байж төрөлх отог омгоосоо дайжин тэнгисийн хамгийн гүн зэлүүд булан дахь тайгын балар ширэнгийн нэвтэршгүй аглаг руу нүүсэн юм. Ингэж нүүхдээ Мура цор ганц ойрын хамаатан болох нагац эгчдээ,
-Нэг бол Караха бид хоёр. Үгүй бол бид хэзээ ч эргэж ирэхгүй гэж хэлсэн гэдэг. Он цаг харавсан сум шиг өнгөрч Бодонч хүү ч эсэн мэнд эрийн цээнд хүрсэн ч энэ гэр бүл төрөлх отог омогтоо эргэн ирсэнгүй. Яваа яваандаа отог омгийнхон нь ч тэр гурвыг бараг мартаад байлаа. Хоёр жилийн өмнөх жигүүр тайлах ёслол* хүртэл шүү дээ…
Тайгын долоон отог омгийнхны насанд хүрсэн охид, хөвгүүд цөм ирцгээсэн энэ ёслол нижгэр сайхан болж байлаа. Дуу хуур, инээд наргиан бүтэн өдөр үргэлжилж үдшийн бүрий болоход том түүдгийн дэргэд хөвгүүд өөрсдийн сонгосон охидынхоо гараас хөтлөн Үсэхү удганаас хамт амьдран суух зөвшөөрөл хүсэн сөгдөцгөөлөө. Өөрсдийн хүсэлтээр долоон хос, үлдсэн дөрвөн хос Үсэхү удганы оноолтоор хувь заяагаа холбов. Хэн нэгэн нь татгалзах эрхээ эдлээгүйд отог омгоороо ихэд бэлгэшээн их найр цэнгүүн үүсгэн хөгжилдөцгөөлөө. Ийнхүү арван нэгэн хос залуу галын эзэнд мөргөн тайлга үйлдэж, тэнгэр эцэг, этүгэн эхийн өмнө бүхий л амьдралаа хамтдаа өнгөрүүлэхээ андгайлснаар жигүүр тайлах ёслолын хамгийн чухал хэсэг өндөрлөлсөн юм. Дараа нь Үсэхү удган эр нөхөр нь нас барсан Сайкулийг заншил ёсоор нөхрийнх нь дүү Салжукийн гэргий болгон өгсөнөө зарлав.
Яг энэ үед Мура, Караха хоёр Бодонч хүүгээ дагуулан арван зарь хөтөлсөөр тайгын гүнээс гэнэтхэн гарч ирэх нь тэр. Тэднийг байдаг эсэхийг бараг мартаад байсан хүмүүс гайхан алмайрч, бөөн шуугиан болцгоолоо. Тэд отог омгийнхонтойгоо бүгдтэй нь найрсгаар мэндчилээд, жигүүр тайлах ёслолд хожимдож ирсэндээ хүлцэл өчив. Хүмүүс тэдний ирсэнд ихэд баярлацгаажээ. Олонхийн бодож байсанчлан Карахагийн гэр бүл гүн аглагаасаа нэгмөсөн бууж ирэх огтын санаагүй байжээ. Гагцхүү ёслолд оролцон хүү Бодончдоо гэргий сонгож өгөх л зорилготой бууж иржээ.
Дунд зэргийн давжаахан нуруутай, эцэнхий цонхигор Бодончод гоо үзэсгэлэнтэй, жавхаалаг гэргий олдоно гэдэг бараг бүтэшгүй зүйл гэдгийг эх эцэг нь сайн мэдэж байлаа. Тиймдээ ч тэд албаар ёслол өндөрлөхийг модон дотроос ажиглаж байгаад гэнэтхэн гарч ирсэн хэрэг.
Караха хөтөлж ирсэн арван зариа* дөчин булганы арьс, баавгайн дахны хамтаар Үсэхү удганд өргөн барьж Жүмис охиныг хөвгүүндээ гэргий болгон өгөхийг гуйжээ. Хачирхалтай энэ явдалд хүмүүс гайхаж хоцров. Очиж очиж Жүмис шүү. Карахагийн толгой нь бүр эргэж гүйцжээ. Ухаан нь санаа нь эрүүл л байгаа даа гэх зэргээр хүмүүс өвөр зуураа шивэр авир ярилцана.
Жүмис бол тийм ч царайлаг бус, байнга хөмсөгөө атируулан газар шагайж явдаг жавхаа, хийморьгүй нэгэн. Бас дээр нь өрөөсөн хөлөө байнга чирч явдаг хэлгүй охин. Гурван ч удаагийн жигүүр тайлах ёслолоос нэг ч залуу түүний гараас хөтөлж, гэргийгээ болгон авахыг удганаас гуйгаагүй юм. Насаар нь хөөвөл Бодончоос даруй зургаа долоон насаар эгчмэд.
Жүмисийг бага байхад улангассан баавгай нүдэн дээр нь эгч, аав, ээжийг нь тасчин алсныг харснаас хойш үүрд хэлгүй болсон гэдэг. Баавгай түүний зүүн хөлний булчинг ясанд нь тултал химлэж бүдүүн хушны дор хаясныг маргааш өглөө нь хүмүүс олжээ. Дөнгөж амьсгалж байсан түүнийг Үсэхү удган асарч эмнэсний хүчинд хазгар дүлий ч гэсэн өдий зэрэгтэй яваад байдаг болгож чаджээ. Тунгалаг сайхан нүд, дэрэвгэр урт сормуустай Жүмисийг тэр аймшигт явдлаас хойш Үсэхү удган дэргэдээсээ холдуулалгүй өсгөсөн билээ.
            Карахагийн эл гуйлтад Үсэхү цааргалсангүй. Тэр ч байтугай болох ёстой зүйл жам ёсоороо болж байгаа мэт ихэд тайван амгалан оон хандаж байгаад хүмүүс багагүй хачирхжээ. Үсэхү удган Карахагийн бэлгийг гардан авч Жүмис Бодонч хоёрыг ёсолж зогсохдоо сая л сэтгэл санаа нь зовиургүй хачин баяртай байгааг отог омгийнхон анзаарч ихэд хөхин баясав.
-Тэнгэр эцэг, этүгэн эхийн хайр хишгийг насан туршдаа хүртэж, сайн сайхан амьдраарай. Караха, Мура…та хоёр зөв шийджээ гэж удган эх бахдалтайгаар ёслоод баяр цэнгүүнээ үргэлжлүүлэхийг хүсэв.
Жигүүр тайлах ёслол үүр цайтал үргэлжиллээ.
Найр наадам хавтгайрч хүмүүс наргиж цэнгэн баярлацгаав. Маргааш нь наран дөнгөж мандахтай зэрэгцээд нар, сарыг тайлах ёслолыг шинэхэн хосууд үйлдэцгээн тус тусын отог омог руу бэрүүдээ дагуулан одоцгоолоо. Караха, Мура хоёр шинэхэн бэртэй болсондоо хөл нь газар хүрэхгүй шахам баярлацгаажээ.
Караха хүүгээ ханьтай болохыг эхэндээ эрс эсэргүүцэж байсан билээ. Гэвч Мурагийн өмнө аргагүй хүчин мөхөсдсөн юм. Хорин жил ханилсны эцэст арайхийж хүүтэй болсон ч тэр нь байнгын асаргаа сувилгаатай хагас хэвтрийн хүн болж хувирсанд Караха өөртөө ихэд гуньж гутардаг билээ. Тийм хүн өрх толгойлж зах хязгааргүй их ой хөвч тайгын хатуу ширүүнд амьдарна гэдэг бараг боломжгүй зүйл. Насны өндөрлөг рүү мацаж яваа тэр хоёрын сэтгэлийг хүүгийнх нь ирээдүй хойч хамгийн их түгшээнэ. Тиймдээ ч Караха Мурагийн хүүдээ эхнэр авч өгөх саналыг зөвшөөрхөөс өөр аргагүйд хүрсэн юм. Эсэргүүцэж байсан нь Жүмисийг голж, шилсэндээ ч бус. Харин ч Жүмисээс өөр хэн нэгэн бүсгүйн нэрийг эхнэр нь хэлсэн бол тэр хэзээ ч зөвшөөрөхгүйд хүрэх байлаа. Энэ гэр бүлийн азгүй гутамшигт нууцыг ганцхан Жүмис л цааш нь хэнд ч задрааж, тайгын шившиг болгож чадахгүйд л Карахагийн сэтгэл бага зэрэг уужирсан хэрэг. Гэтэл өнөөдөр энэ бүхэн орвонгоороо эргэжээ.
-Жүмис. Охин минь хүлрийн өрмийг сайн цуглуулахын тулд бага зэргийн салхи гарахыг хүлээх хэрэгтэй. Их салхинд шүүж болдоггүй юм шүү. Өрмийг нь хүлэртэй холиод бүр зуурмаг бантан болгоод хаячихдаг юм гэж Мура намгийн дов сондуулуудын хоорондох хүлэрт усны мандлыг алгаараа зөөлөн илбэн, загссан өрмийг хичээнгүйлэн наалдуулж шүүрдэх зуураа өгүүлнэ. Жүмис ч дэргэд нь суугаад хадам эхийнхээ хэрхэн яаж хийж байгааг анхааралтай ажиглан толгой дохиж суулаа. Эх охин хоёр өдөржин намаг шүүрдэж хоёр ч жижиг бортого дүүрэн хүлрийн өрөм цуглуулжээ. Наран гудайх үед тэд хэсэг зуур амсхийгээд гэдрэг буцахаар болов.
-Одоохондоо ингээд л болоо доо. Ойрын нэг, хоёр сардаа хүүд минь энэ хангалттай хүрэлцэнэ ээ. Хамгийн чухал нь охин минь энэ эмчилгээг байнга, өдөр болгон хийх учиртай юм шүү дээ. Чухам энүүний чинь хүчинд Бодонч маань өдий зэрэгтэй яваа юм шүү дээ хэмээн Мура өгүүлээд хоолой нь зангиран,
-Тэр чинь Караха бид хоёрын нар юм шүү дээ. Ердөө цорын ганц… Жүмис чи минь ухаантай бүсгүй. Түүнийг минь сайн асарч, сувилж яваарай. Хөгшин бид хоёр хэр удахав дээ гэж санаа алдан өгүүлэв. Төдөлгүй хоёул замынхаа хүнсийг задлан тухалцгаав. Өлсч цангасандаа Жүмис хатсан загас, гахайн давсалсан махнаас том томоор зулгаан үмхэлж, хүүхэд шиг гэнэн цайлганаар инээмсэглэн ховдоглон залгилна.

 -Аяар аяар, охин минь. Наад хоол чинь хөл ургаад гүйчихгүй. Бүсгүй хүн чинь ингэж хамаагүй юу олдсоноо ам, хамраа олохгүй чихээд байж болдоггүй юм. Бага багаар тайван идэхгүй юу гэж Мура инээмсэглэн өгүүлэхэд амаараа дүүрэн мах чихсэн Жүмис ичэнгүйрэн толгойгоо гудайлган дохьлоо. Тэгснээ гэнэт царай нь зэвхийрэн Мура руу айсан харцаар хэсэг харснаа ухасхийн босч гүйгээд зэргэлдээх бутны хажууд унаж тусан хүрч хүчтэй огиулан бөөлжиж эхлэв. Мура ч сандран ухасхийж,
- Яав охин минь. Юу болох нь энэ вэ? хэмээн үглэн нуруун дээр нь зөөлхөн дарж, -Юу идэж уучихсан хүүхэд вэ? Алив дотроо онгойтол бөөлж. Дараа нь булгийн уснаас залгилаарай. Тэгээд болохгүй бол дахиад бөөлж. Ээ чааваас гэж. Яачих нь энэ вэ гэж үглэнэ. Жүмис удтал хүчтэй огиулан хий бөөлжисний эцэст нулимсандаа халтартсан нүүрээ арчин инээмсэглэж, толгой сэгсрэв. Мура буруу шаан зэмлэж,
-Мэдэхгүй гэнэ шүү. Чамд ер нь мэддэг юм гэж байна уу. Мэдэхгүй, мэдэхгүй гэнэ шүү. Явъя энүүхэн булаг руу хүрье. Сайхан хүйтэн ус залгилчих. Дотор чинь онгойно гэлээ.
Булгийн хүйтэн уснаас ханатал залгисан Жүмис гэртээ харьтал дахин дотор нь муухайрсангүй. Мура түүнийг урц гэрт нь оруулж, дулаан хучиж хэвтүүллээ. Ямар нэгэн зүйлээс хордож эвгүйрхсэн байна гэж Мура таамаглаад шөнөжин элдвийн өвс, ургамлаа буцалган уулгаж, хурууных нь өндгийг хатган муу цусыг нь гадагшлуулж асарч бөөцийлөв.
Тэр дорхноо л Жүмисийн хацар ягааран, бие нь тавигдахтай зэрэг Мура тэссэнгүй баярлан хөөрч,
-За тэр би хэлээгүй юу. Чи хордлого авч дотор чинь эвгүйрхсэн байна. Дандаа л элдвийн өвс ногоо залгилж явах юм чинь аргагүй шүү дээ. Өлсөж үхэх гэж байгаа юм шиг. Наад гэдэс дотрыг чинь нээвэл эсэн бусын юм гарна даа. Ийм байхад дотор чинь яаж зүгээр байх болж байна аа. Энэ ой тайгад чинь хортой хоргүй өч төчнөөн өвс ургамал байна. Тэрнийг ялгахгүй хэрнээ хэдийнэ амандаа зуучихсан явах. Яаж болох юм. Одоохондоо хөгширсөн л харагдаж байгаа байх. Гэхдээ Мура чавганц чинь хөгшин, та гуравыгаа тийм ч амархан явуулчихгүй байх шүү. Надаас хойш л яадаг юм гэхээс. Би чинь муу ч үгүй удам судартай домч чавганцын зээ охин нь юм шүү гэж нэг үе бэрээ зэмлэж, басхүү өөрийгөө магтан бувтнана.
Маргааш нь жин үдийн алдад Мура тогоо дүүрэн бугын мах чанаж байх үед Жүмис гаднаас орж ирүүтэй л дотор нь муухайрч урц гэрийн хаяанд эвхрэн хүчтэй огиулав. Мура ч сандран дахиад бөөн өвс, ургамалын ханд бэлтгэн уулгалаа. Гэвч төдийлөн нэмэр болсонгүй. Үдэш орой түлээ оруулахаар гарахад Жүмис газар дөрвөн хөллөөд байдгаараа хий огиулан бөөлжиж байх нь тэр.
Мурагийн бие арзасхийх шиг болж сэтгэлд нь муу зүгийн совин хоосортол татав. Жүмисийг гэртээ даруй оруулж хэвтүүлээд хар зөнгөөрөө шинжиж эхэллээ. Сэжигтэй гэхээр шиж тэмдэг илэрсэнгүй. Харин хамрынх нь хянга дагуу үл мэдэг сэвхтэснийг ажиглав. Гэхдээ энэ сэвх Жүмист урьд өмнө нь байсан эсэхийг тэр сайн санахгүй байлаа. Гэлээ ч хаширлан тэр даруйдаа чихэр өвсний мөчир шатаан үнэртүүлтэл Жүмис ахиад л огиулав.

 -Тэнгэр минь. Үгүй байлгүй дээ. Арай чи чинь … жирэмсэн гэж уулга алдан хэлээ хазан охиныг гайхан ширтлээ. Тэгснээ Жүмисийн толгойг болгоомжтой илбэн,
-Охин минь. Чамд нөгөө юу…Сарын шинж мэдэгдэж байна уу гэж итгэл муутайхан асуув. Охин өмнөөс нь юу ч ойлгоогүй байртай харна.
-Чи хэл дээ. Сарын шинж чамд ойрдоо ирсэн үү. Битгий санаа зов. Ээждээ хэлчих… гэж амьсгаа давхцуулан асуув. Жүмис хариуд нь толгой сэгсрэв.
-Хэр удаж байгаа юм бэ? Нэг үү, хоёр сар уу гэж хашгирах шахам асуухад Жүмис айсан байртаа гурван хуруугаа гозойлголоо. Мурагийн ухаан санаа балартах шиг болов. Түүний таамаг зөв байжээ. Гэнэтийн энэ явдал түүнийг аймшигтай цочирдуулав.
-Муу өгрийн нохой. Яаж чадаж байна аа. Даан ч яав даа гэж Мура арайхийн өгүүлэхэд хоёр нүднээс нь сувдан нулимс өөрийн эрхгүй асгарч, хацрыг нь даган урсав.
Сарын турш ан авд явсан Караха багагүй олз омогтой гэртээ эргэн ирлээ. Мура хүний урманд мэндийн үг ч сольсонгүй. Хүрлээр цутгачихсан юм шиг нэг ч үггүй, хүрлэгэр догшин царайлна. Уурлаж бухимдахаараа ингэж дуугаа хураадгийг нь Караха андахгүй мэдэх болохоор элдвийг асууж шалгаан уур цухлыг нь улам шатаахыг бодсонгүй. Тэгээд ч Бодонч хүүгийнх нь бие тэнхээ муудаж, ухаантай, ухаангүйн хоёрын хооронд байсан болохоор муудалцах нь дэмий хэрэг. Мура, Жүмис хоёр тэртээ тэргүй асар ч сувилаад хормын төдийд ч зав зайгүй. Караха дэмий л агнасан хэрэмнүүдээ өвчин, хандгайн мах эвдэж жижиглэсээр өдрийг барлаа.
            Үдэш орой болсон хойно Бодонч хүүгийнхээ бага урцнаас Мура ирлээ. Хүүгийн бие бага боловч дээрджээ. Эхнэр нөхөр хоёр оройн хоолны үеэр ч нэг үг сольсонгүй. Улам хүрлэгэр догшин болж, үзэн ядаж өширхсөн харцаар нэвт, шувт ширтэх эхнэрээ хараад Караха тэсгэлгүй,
-Чи чинь өдрөөс хойш яачихаад байгаа юм бэ? Загас шиг л дуугүй. Бүлх залгичихаа юу. Хахав даа гэж тавлаж үзэв. Бас л дуугарсангуй.
-Тэнэг эм шүү. Эр нөхрөө ингэж угтдаг балай эм энэ тайгад л лав чамаас өөр байхгүй. Сургаж өгөх цаг нь болж дээ. Золбин гичий шиг юундаа гайхуулаад байгаа юм гэж албаар ууртай дүр эсгэн дуугаа өндөрсгөхөд Мура хүний урманд царайгаа ч хувиргалгүй өмнөөс нь дуугүй ширтэн сууснаа,
-Чи ер нь бага эхнэр авъя гэж бодож байсан уу гэж эрсхэн асуув. Караха хэсэгхэн зуур гайхан эргэлзснээ,
-Үгүй чи чинь юугаа солиорч байгаа юм бэ? Бага эхнэр гэнэ шүү. Энэ аглагт ямар чөтгөр нь ингэж чамд шивнэдэг байна аа гэж унтууцав.
-Би чамаас асууж байна. Чи ер нь энэ тухай бодож байсан уу. Үгүй юу хэмээн Мура лавшруулахад Караха хэсэг зуур бодолхийлснээ бага зэрэг зөөлөрч,
- Чи хүүдээ л санаа зовоод байна аа даа. Удам угсаа тасрах энэ тэр гээд л. Би ойлгож байна аа. Гэхдээ энэ тухай би бодож байгаагүй ээ. Мэдээж эр хүн. Тэр тусмаа өрх толгойлсон тэргүүн насны эцэст үр хүүхдээ тойруулчихаад ач зээгээ бужигнуулаад сууж байвал сайхан л байхсан. Чи энэнд л бухимдаа юу. Зүгээр дээ Мура минь. Зүгээр. Надад та гурав маань л байхад боллоо. Өөр юу хүсэхэв дээ… гэхэд түрүүнээс хойш байж ядталаа цухалдан суусан Мура,
-Бодоогүй бодоогүй гэнэ ээ. Савдагууд наад хэлийг чинь сугалчихалтай билээ. Чиний юу хийж явдгыг би мэдээгүй, мэдэх ч үгүй гэж бодож байвал эндүүрэл шүү. Эрээ цээрээгээ алдсан муу хөгшин ухна гэж хашгичав. Караха тэсэлгүй инээд алдан хөхөрч,
-Ээ чааваас. Залуудаа үзэж байгаагүй юмаа одоо үзэх нь шив дээ. Хардах нь ээ. Ха ха. Өнөөх чинь хардаж байна гээч.
-Хардах ий.
-Тийм ээ, чи хардаад л байна ш дээ.
-Чиний хэнтэй яаж завхайрч явсныг би яаж мэдэх юм. Нүднээс далд, чихнээс хол чамайг яаж шүлэнгэтэж явсныг чинь би мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй. Ганц энд… хэмээн Мура орилон хуруугаараа чичлэж хашгичиж, -Миний гэрт л ингэхийг чинь амьддаа би хүлээн зөвшөөрөхгүй. Хэзээ ч үгүй шүү гэлээ. Караха бүр гайхаж хоцров.
-Чи чинь юугаа солиороод байна аа…
-Чи л болоод мэдэхгүй байна уу. Хийсэн хэрэг чинь нүдэн балай, чихэн дүлий өнгөрнө гэж бодоо юу. Тэр чинь жирэмсэн болсон байна гэх эхнэрийнхээ хашгиралтад Караха сүхээр цохиулсан юм шиг болов.
-Хэн…хэн гэж дэмий л бувтанахад,
-Жүмис…ойлгож байна уу. Жүмис гэж Мура нулимс цийлэгнүүлэн хэллээ. Гайхаж алмайрсандаа Караха эхнэрээ тас гөлрөн ширтэж,
-Тэнгэр минь…тийм зүйл гэж байх ёсгүй. Үгүй яалаа гэж… Би л…Үгүй ээ үгүй. Тийм зүйл болоогүй…гэж арайхийн үгээ зөөж ядан бувтнана. Мураг энэ үг улам бүр галзуурууллаа.
-Тэнгэрийн нэрийг дуудаад хэрэггүй. Тэнгэрийн нүдэн дээр төрсөн хүүгийнхээ эхнэрийг… Эрээгээ алдсан муу ухна. Одоо бас тэнгэрийг дуудна гэнэ ээ. Тийм зүйл болсон. Болсон… Мэдэв үү хэмээн яах ийхийн зууртгүй Карахаг тас хийтэл алгадаад,
-Ямар ч тайлбар, уран гоё үг одоо хэрэггүй. Чамаас өөр хэн байх юм. Бид хүний бараа хараагүй, тэднээс зугтаж хорин жил боллоо. Жүмис манайд ирээд яг хоёр жил болж байна. Тэгээд хэнээс гэж. Эр хүний эрхтэнгүй хүүгээс чинь үү гэж уйлагнан, -Хараал идэг чамайг. Өөр хэнээс тэр жирэмсэн болох юм бэ? Хэнээс… Чи хэлээд өг дөө. Цэцэгнээс үү, навчнаас уу. Аан. Хэлээд аль л даа чи… гэж эхэр татан уйллаа.
Караха юу ч дуугарч чадсангүй. Тийм зүйл огт болоогүй гэдгийг Мурад яаж тайлбарлах болж байна аа. Тэнэг эм чинь аягүйдвэл андуурснаас зайлахгүй… Андуурах ий. Тэр чинь домч шүү дээ. Мура андуурна гэж байхгүй. Тэнгэр минь юу л болоод байна даа… гэж тэр өөрөө өөртэйгөө цөхрөн ярьж суулаа. Мура дэргэд нь мэгшин уйлсаар…
Бүхэл шөнийн турш Мура, Караха хоёр цурам хийсэнгүй. Аймшигт хэрүүл маргаанаас хойш нэг ч үг дуугарсангүй. Үүр цайхын үед Караха ан авынхаа хэрэгслээ ачаалан, хүнс ногоогоо базааж эхлэв. Мура хаашаа яах гэж явах гэж байгааг нь мэдэхийг туйлаас их хүсч байсан ч асууж зүрхэлсэнгүй. Караха хөдлөхийнхөө өмнө түүнд,

 -Би хойд их тэнгис явлаа. Ангид намайг тайгын үзүүр дээр арав хоногийн дараа тосч уулзана гэсэн. Хав загас агнана аа. Хамаг цана, чарганы ул элэгдэж гүйцлээ. Нөхөх арьс хэрэгтэй байна. Та нар минь сайн сууж байгаарай хэмээгээд сурсан зангаараа түүний духан дээр үнэрлэн, санчигных нь үсийг илбэн салах ёс үйлдэв. Тэгээд цаагаа хөтлөн хэд гурав алхаснаа эргэн харж,
-Тийм юм болоогүй шүү. Тэнгэр эцэг, этүгэн эхийн нэрээр андгайлъя. Бодсончлон зүйл болоогүй шүү. Би бүр учраа олохоо болиод байна. За за сайн сууж байгаарай даа гэж өгүүлээд цааш алхав. Карахагийн бараа далд орон ортол Мура нулимсаа барьж зогссоноо өөрийн мэдэлгүй тэнхэл нь тасарч өвдгөөрөө нахисхийн борхирон цурхиртал уйлан хоцров.
… Өдөр ирэх тусам Жүмисийн гэдэс томорч, нүүр царай нь сэвхтэж борлоод алхаа гишгээ нь туйлын зүдэргээтэй болж сав л хийвэл хаана ч хамаагүй нойрмоглон зүүрмэглэдэг боллоо. Энэ бүх доромжлолыг тэсч давах Мурагийн сэтгэлийн тэнхээ нь үе үе алдарч бэрийгээ элдвээр хараан зүхэж, муухай аашлан заримдаа цохиод авах нь ч энүүхэнд болов. Хоёр ч удаа хэвлий дэх үрийг нь зулбуулах эм тан уулган, өглөөний шүүдэр хяруун дээгүүүр хөл нүцгэн шүүдэр хаттал туучуулах боловч ямар ч нэмэр болсонгүй. Хамгийн цээртэй үйл бүхнийг үйлдэж байгаагаа тэр муухан ойлгож байсан ч бүрэн гүйцэт ухаарах билгийн мэлмийг нь Карахад гомдож өширхсөн хорсол, зэвүүцэл халхалсан байлаа.
Эцсийн эцэст Мурад эвлэрэхээс өөр арга даанч байсангүй. Үр удам нь тасарч, мөхөл сүйрэл нөмрөөд байсан энэ гэр бүлийш аврах цорын ганц найдвар нь Жүмисийн хүүхэд гэдгийг ойлгох хүртлээ тэр Жүмисийн хувьд жинхэнэ амилсан чөтгөр мэт авирлаж байв. Гэв гэнэтхэн ааш зан нь хувирч хэрцгий догшин болсон хадам эхийгээ тэрбээр сайн ойлгохгүй байсан ч энэ бүхэн гэдсэн дотор нь байгаа үл мэдэгдэх нэгэн амьтнаас болж байгаа гэдгийг хар зөнгөөрөө ухаарч байсан юм.
-Яахаараа гэдсэн дотор маань ийм ер бусын хачин жигтэй амьтан үүрлээд байна аа. Горхины ус ууж байхдаа жаламгай* залгичив уу, аль эсвэл өвсний толгойд ассан бор ширх санамсаргүй идчихсэн юм болов уу. Тэгээд л тэр нь гэдсэн дотор өсч томорч аймшигтай амьтан болж хувираад байгаа юм байна. Тэрнээс зайлахгүй гэж тэр бодно.
-Караха надад хэлж болно оо доо. Тийм юм болоогүй гэж зүтгээд байгаа юм даа. Надад хэлбэл би ойлгоно шүү дээ. Яахав тэнэг эм эхэндээ жаахан уурлаж зэмлэнэ л биз. Бага эхнэр авч болох л байсан. Хүүгийнхээ эхнэр биш л бол хэн ч байсан болно шүү дээ. Гэтэл ингэж хөөрхий муу Жүмисийг зайдалж л байдаг. Караха чи ч муу хүн юм даа. Ойн шүтээн биднийг гэсгээхдээ л гэсгээнэ. Нэгэнтээ л болоод өнгөрсөн явдал. Бодонч маань үртэй болж, удам угсаа маань цаашид үргэлжлэнэ. Болсон явдлыг Жүмис, Караха бид гурваас өөр хэн ч мэдэхгүй. Ямар гээчийн нүглэв дээ. Ийм л хувь тавилантай цас юм байлгүй дээ гэж Мура арга тасран бодно. Эвлэрхээр шийдснээсээ хойш Мура бэрээ ёстой алган дээрээ бөмбөрүүлэн асарч тойлов. Өдөр хоногууд урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд өвөл болжээ.
Хав загасны ангийн улирал хэдийн дуусч, анчид хэрэм булга үргэлжлүүлэн агнасаар нэг мэдэхэд гэрээс гарснаас хойш хагас жилийн нүүрийг үзжээ. Анчид гэдрэг буцахаар шийдэцгээв. Харин Карахад гэртээ харих ямар ч хүсэл сонирхол байсангүй. Жүмисийн жирэмсэн болсон нь хамгийн утгагүй, ойлгомжгүй ухаан санаанд багтамгүй явдал байлаа. Хэнээс яаж жирэмслэв. Эр бэлэггүй хүүгээс нь үү. Бодонч маань эр бэлгийнхээ оронд цоо хатгачихсан юм шиг нүхэн гуурстай. Хүүхэдтэй болохын чинээ санах ч хэрэггүй. Ганцхан гарц нь буруугүй мөртлөө буруутан болох би л шүү дээ. Өөр хэн ч биш. Мурагийн тэгж таамаглан бухимдах нь түмэн зөв гэж Караха чухам л тархиа ширгэтэл бодож явлаа.
Бүтэн зургаан сар илүү ангуучлахдаа энэ тухай эргэцүүлэн бодоогүй ганц мөч ч түүнд байсангүй. үргэлжийн л инээд наргиантай, дуу шуутай байдаг түүнийг дуугаа хурааж, байнга дүнсийн бодлогширчихсон явж байгаад анчид багагүй гайхжээ. Асууж шалгаагаад салахгүй болохоор нь Караха, би таауухан байна гэж худал хэлж амыг нь таглаж дөнгөнө. Анчид гэртээ буцахыг ятгаж, бид чамд нэг нэг хав загасны мах, сайхан элдэж утсан арьс явууламз гэхэд нь Караха шуудхан дургүйцжээ. Гэртээ л харихгүй бол Караха ертөнцийн хамгийн бөглүү алс буйд газарт ч очиход бэлэн байлаа.
Анчид тун барагтайхан олз омогтой хойд тэнгисээс гэдрэг буцацгаав. Хүн бүр л энэ авд сэтгэл дундуурхан байсан юм. Өмнөх жилүүдийнхээс бараг хоёр дахин бага хав загас, цөөн хэдэн хэрэм булга л агнажээ.
-Хойд нутагт эрхүүдүүд олширч суурин байгуулах болсноос ан амьтан үргэчихэж, тэнгэр эцэг, этүгэн эх тэднийг таалахгүй байна. тэдний нүгэлд бид ч бас гэсгээгдэж байгаа байх гэж анчид зам зуур гомдоллоно.
            Шинэхэн цасанд нэвсийтлээ дарагдсан сүрлэг хөглөгөр их тайгын дөнгөж зах руу ороход хоёр зарь чарганд хөлөлсөн зүүн цармын отгийн Борохул хөвгүүн их л яаруу сандруу тэднийг угтан айсуй.
Усан хулгана шиг болтлоо хөлөрч цан хүүрэг савсуулан уухилах цаагаа баруун солгойгүй хайрлалгүй шавхуурдснаас болж хондлойандгайн гуянаас нь цус шүүрсэн харагдана. Борохул ирмэгцээ чарганаасаа давхийн үсэрч буугаад хальт мөт мэнд мэдэхчээн болж, амьсгаагаа даран байж,
-Караха гуай. Болохоо байсан шүү. Танай… танай бэр Жүмис хэцүүдэж байна гэнэ. Хэзээ мөдгүй амаржих болчихоод… Амаржиж ч чадахгүй ухаан санаа нь балартаад тун хэцүүдэж байна гэнэ. Хоёр хоногийн өмнө Мура гуай танаа танай тэрүүгээр загасчилж явсан тэнгис отгийн загасчдад хэл хүргүүлж… Ирэхдээ удган ижийг заавал аваад ирээрэй гэсэн байна лээ. Тун хэцүү байгаа гэсэн шүү гэж хэлэв. Анчид тэр дорхноо л сандарч үймэлдэн Карахад хамгийн сайн гэсэн дөрвөн зариа чарганд хөллөн давхиуллаа. Карахад элдэвийг бодож эргэцүүлэх ухаан сөхөө ч байсангүй. Шууд л Үсэхү удганы отог руу зариудын тэнхээ мэдэн жирийлгэв.
-Юутай ч бид хүүхэдтэй болох нь. Юутай ч хүүхэд… Мура үнэн хэлж. Хүүхэдтэй болох нь байна шүү дээ хэмээн байдаг чангаараа хашгирч явлаа. Хөл хөнгөн зариуд төд удалгүй удганы отогт ирэв. Үсэхү удган бүхий л зүйлээ бэлтгэж базаагаад өөрийг нь хүлээж байжээ.
-Караха минь шалавлахгүй бол горьгүй нь. Оройтож мэднэ шүү. Түргэлж үз гэж Үсэхү удган яаруулна. Караха ч байдгаараа яаран хөллөгөөний этрүүдээ хайр найргүй шавхуурдан зүтгүүлнэ. Цас тэгтлээ их ороогүй болохоор зам цагаан, тарган зариуд салхи шиг довтлон жирийлгэнэ.
      Бүтэн өдөржин давхиулсны эцэст Үсэхү удган хөвчийн аглаг дахь Карахагийн хоёр урц гэрийн барааг шөнө хугаслан харлаа. Жаахан л оройтсон бол хоцорч мэдэхээр байлаа шүү гэж Үсэхү удган олзуурхангүй өгүүлнэ. Тэднийг Бодончийн урц гэрт ороход Жүмис ухаан балартаад удсан бололтой хамаг бие нь хөшиж, хүйт даачихсан угтав. Үсэхү Мурад, -Даруй ус бүлээтгэ гээд Карахаг, -Урц гэрийн хаяа хатавчийг даруй битүүлж мана. Түргэн гэж тушаав. Караха, Мура хоёр тэр даруй удганы хэлсэн зүйлийг ёсчлон гүйцэтгэв.
-Та хоёр одоо энд байх хэрэггүй. Би охиныг төрүүт та хоёр дээр өөрөө очино. Тэнгэр эцэг, этүгэн эхдээ сайн залбир. Гадаа түүдэг асааж галын бурханыг тахь. Түргэн гарцгаа гэлээ. Тэр даруйхан Караха, Мура хоёр урц гэрийн ойролцоо түүдэг асаан ан ав, олз омгийнхоо дээжээс галдаа өргөл өргөн тахиж, тэнгэр эцэг этүгэн эхдээ наминчлан залбирал үйлдэв.
            Шөнийн тэнгэр дэх үй түмэн одод зах хаянаасаа аажмаар шингэрч, хавирган сар улам тод гэрэлтэнэ. Үсэхү удган хэц хэнгэргээ дэлдэн онгон сахиусаа дуудан бөөлж эхэллээ. Урц гэр дотроосоо ер бусын цагаан шаргал гэрлээр нэвт гэрэлтэж, ууль шувуу хагшин, залуу чононы нурууны үс босом аймшигт улиан цангинав.
-Тэнгэр минь. Юу л болоод байна даа гэж Мураг дөнгөж хэлэхтэй зэрэг Жүмисийн аврал эрж ёолох зүрх зүсэм дуун хадлаа. Урц гэрийн оройгоос гүн хар огторгуйн дайд тийш нумарсан цагаан гэрэл агшин зуур цацран гийж, хавирган сар цусан улаан туяагаар будагдав. Төдөлгүй хүүхдийн часхийсэн дуу цангинан ододын гэрэл бөхөн тас харанхуй нүүрлэв. Харсаар байтал түүдгийн дөл бүүдийн, үнс чандруу нь эргэн биежин тэр дайруйхнаа том том гишүүний хагадас болон хувирч үл мэдэгдэх ёлтойсноо дахин дүрэлзэн асав. Мура айж балмагдсандаа Карахагийн энгэрээс зууран,
-Тэнгэр бурхан минь. Энэ чинь шулмын хүү байна. Шулмын хүү… хэмээн бархирав. Караха алмайрч хөшсөндөө нэг ч үг хэлж чадсангүй. Хүүхдийн өрөвдөлтэй гомдонгуй өнгөөр уйлан бархирах дуу урц гэрийн дотроос цуурайллаа.
            Төдий л удалгүй урц гэрийн үүд сөхөгдөн хөл дээрээ тогтож ядан гуйвах Үсэхү удган шинэхэн төрсөн хүүхдийг элгэндээ тэвэрсээр гарч ирлээ. Удган эх салганаж чичирхийлэх гар дээрээ хүүхдийг өөд нь өргөн,
-Мөнх хөх Тэнгэр эцэг минь, Эгүүрд тэжээн энэрэгч Этүгэн эх минь. Таны охиныг бид эсэн мэнд, энх тунх хүлээн авав. Газар тэнгэрийн олон сахиус савдгууд минь охины өмнө сөгдөгтүн. Тэр одоо хийгээд ирээдүйг захирах болно гэж хашгирав. Агшин зуурт их салхи дэгдэж үүлс хуйлралдан нүүн, түнэр харанхуй үүрийн цагаан гэгээнээр солигдон сар тунгалагшив. Мура, Караха нүүрээ газарт наан мөргөн сүсэглэнэ. Үсэхү удган Карахад хандан,
-Өөрийгөө буруутгах хэрэггүй. Жүмис цэвэр ариун. Тиймээс ч тэнгэр эцэг, этүгэн эх түүнийг сонгосон байх. Хэзээ ч үрийн зулай үнэрлэж үл чадах эрийн ариун эхнэрийг сонгосон нь тэдний санаа. Энэ бол тэдний хүүхэд. Таван нас хүрэх тэр цаг мөчид надад авчрагтун. Тэр намайг залгаж, надаас хүчтэй болно. Чи түүнийг тэнгис гатлан надад авчрагтун. Тэр төгсгөлгүй амьдрах болно. Бас газар сайгүй оршин байх болно. Надад авчиртал түүнийг хүссэнээрээ нэрлэ. Харин түүнээс хойш түүнийг Амуль гэх болно гэж хэлэв.
Хачин тунгалаг том цэнхэр нүдтэй өхөөрдөм хөөрхөн бяцхан охины аюулхайн тус газраас ер бусын зөөлөн             цэнхэр туяа цацарсаар аажмаар бүдгэрэв. Үсэхү удган охиныг тэврэн урцанд орохыг завдаснаа эргэн тэдэн лүү дөхөн ирж Мурагийн чихэнд ямар нэгэн зүйл шивнэв. Мурагийн царай хонхийж цайгаад, чичрэг туссан юм шиг уруул ам нь өмөлзөн бүх биеэрээ салганан чичрэв. Удган охин хоёрыг урц гэрт ормогц тэр ухаан балартан хөсөр унав.
…Энэ ер бусын үйл явдлаас хойш сар гаруйн турш Мура орноосоо ч өндийсөнгүй. Хэдийгээр бие тэнхээ нь эрүүл сайн байсан ч зүүдэндээ үргэлж хар даран хашгирч, өчүүхэн төдий зүйлээс ухаан мэдрэлээ алдтал айж цочих болов. Нэгэн шөнө тэрбээр ухаангүй хэвтээ Бодонч хүүгээ очиж харъя хэмээн Карахагаас гуйжээ. Караха түүнийг тэврэн бага урц гэр рүү дөхөж явтал гэнэт түлээний нойтон хөлдүү холдос дээр хөл нь халтирч тас гэдэргээ саван унах нь тэр. Бүх зүйл нүд ирмэхийн зуурт болж Мура урц гэрийн тулгуур модны шаантаг гадсан дээр яг ар нуруугаараа унаж нэвт шорлуулсан байлаа. Караха ухасхийн түүнийг тэврэхэд амнаас нь цус садран жавьжийг нь даган горхилон урсах боловч Мура үл мэдэг инээмсэглэн,
-Тэр үнэн хэлсэн байна. Гэсгээлээ эдлэх минь… хэмээн шивнэж амжаад амьсгаа нь тасалдав.

ОЛИМПИЙН БААТРУУДАА ДУРСАЯ

ОЛИМПИЙН АВАРГАТАЙ УЛС ШҮҮ, БИД!

Ж.ОТГОНЦАГААН

Өнөөдөр та бүхэн “MONGOLIA” гэсэн спортын “шинелиэ” өмссөн, баярын ширээгээ засч, туурга тусгаар Монгол улсын олимпийн анхны аварга Н.Түвшинбаярын төлөө оргилуун дарсаа олимпийн тэнгэрт буудуулцгаа! Та нарт ийм эрх бүрэн бий.  Олимпийн аваргатай улс шүү, бид!

2001 оны долдугаар сарын 13-ны өдөр Москва хотын “Международная” буурчийн газрын ёслолын их танхимд ялаа ниссэн ч тод сонсогдом нам гүм. Олон улсын олимпийн хороог 1980 оны олимпоос хойш хорь гаруй жил гарамгай удирдсан, Испани улсын Маркиз хэргэмт Хуан Антонио Самаранч нууцын дугтуйг зориуд алгуурхан задалж, тэсч ядсан хүмүүсийн дотрыг загатнуулж, даралтыг нь өндөрсгөх мэт.

Санал хураалтын олон дугтуйг задалж сурсан хашир зүтгэлтэн “Зальт үнэг” хэмээн дипломат ертөнцөд алдаршсан каталан үндэстэн, олимпийн босс маань хоолойгоо намбалаг зассанаа: “Зуны XXIX олимпийн наадмыг зохион байгуулах хотоор БЭЭЖИН шалгарлаа” хэмээн өндөр дуугаар зарлахад гунан буугаар буудах мэт уухай цуурайтан, өмнөд их хөршийнхөн маань баярын нулимс дуслуулан тэврэлдэж, Монгол Улсад олимпийн бамбар хамгийн ойрхон ирсэн  мөч энэ билээ. Ийнхүү 1993 онд олимпийн эрхийн төлөө Ногоон тивийн Сиднейд хоёр саналаар “өвдөг шороодож” байсан Бээжин хотынхон 2001 оны долдугаар сарын 13-ны энэ дурсгалт өдөр Осака (Япон), Стамбул (Турк), Торонто (Канад) Парис (Франц) хотыг ялснаар 2008 оны зуны XXIX олимпийн наадмын НИЙСЛЭЛЭЭР тодорсныг түүх мартаагүй.

Тэгвэл одоогоос найман жилийн өмнө үндэсний бөхийн зодог шуудаг өмсч, уяачдын наадамд чих тавин явсан Найдангийн Түвшинбаяр хэмээх 17 настай Булган аймгийн Сайхан сумын хүүд дээрх үйл явдал ямар их амжилт ялалт, аз жаргал, алдар суу авчирна гэхийг тэрбээр яахин төсөөлөх билээ л…
Монголчуудынхаа нүүрийг тахалсан Х.Цагаанбаатарын хүрэл медаль бүхий Афины олимпийн хаалтын ёслол өндөрлөмөгц Бээжингийн салхи өмнө зүгээс сэвэлзсэн нь тодорхой. Энэ үеэс л спортод элэгтэй монгол зон олон олимпийн алтан медалийг хүсэх нь улам бүр ихэссэн нь нууц биш ээ. Ард түмний энэхүү захиалгыг хэрэгжүүлэхээр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Олимпийн алт” мөрийн хөтөлбөрийг цаасан дээр буулгаж, БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар “Бид 1-2 алтан медаль олимпоос авна” хэмээн радио, телевиз, сонин хэвлэлээр мэдэгдэж, Х.Баттулга Ерөнхийлөгчтэй жүдогийн холбоо, шигшээгийн хамт олон алтан медалийн “хайлшаа давтаж”, арга мэхээ сэдэж эхэлсэн нь саяхан мэт. Одоо л Бээжингээс авахгүй юм бол хэзээ авах юм бэ!

Аливаа багийн нүүр царай бол хувцас. Спортын хувцасны хувьд их аварга Асашёорюү маань Японы “Мизүно” компанийг хоёрдахиа бярдаж, Монголын багаа өвч хувцаслахаар болов. Харин нээлтэд өмсөх ёслолын хувцасны өнгө зүс, хэв загварын талаар “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэгчээр БТСУХ-ны нөхөдтэйгээ зөвлөж, харьцуулсан дүн шинжилгээ хийсний эцэст “Алтан шар” хэмээн өнгөө тогтов.

Бид олимпийн таван өнгөнөөс ганцхан шарыг огт хэрэглээгүй байх юм. Ногооныг Афинд, улааныг Сиднейд, хөхийг Сөүлд гээд л манайхан гангарсан түүхтэй. Тэгвэл бид энэ удаа олимпийн шар өнгөөр зад гоёж, “Golden Dream” буюу шар медалийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх алтан мөч ирснийг хүн бүр ойлгож байсан үе. Ингээд л энэ төслийг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл баталж, Ч.Оюунцэцэг захиралтай “Шилмэл загвар” компанийнхан олимпийн ёслолын хувцсыг оёж эхэлвэй. Миний бие нэгэн өглөө цахим шуудангаа нээтэл олон танихгүй хүмүүс бид нар руу давшилж “Та нар Хятадын багтай адилхан шар пижаак өмсөх гэж байгаа юм уу? Хэн үүнийг зохион байгуулсан бэ? Та нар хужаа нарыг дуурайгаад байхдаа яадаг юм бэ?..” гээд л элдэв сайтаар бөөн буруу сенсаац, зөрүү Пи-Ар. Тэгсэн чинь урьд өдөр нь CCTV-5 сувгаар Хятадын багийн тухай нэвтрүүлэг гарсан чинь тэд нар шар пижаак, цагаан өмдтэй байсан нь манайхтай яв цав нийцжээ. Харин хүүхнүүд нь улаан пижак өмссөнөөрөө л өөр байсан гэх үү дээ.

Бид аль ч багийг үл  дуурайн зөвхөн тусгаар тогтносон Монгол Улсын олимпийн “шар хайрцагны” бодлогыг баримтлан, “Golden” шарыг шүтсэн болохыг, энэ маань зөвдсөн болохыг, 2008 оны олимп яруу тод харуулж, 28 шар пижаактны дундаас 2 шар медальтан төрсөн шүү дээ. 
Монголын багийн эхний элч төлөөлөгч доктор Насаа бид хоёр 2008 оны долдугаар сарын 30-ны үүрийн таван жингээр өмнө зүг рүү “төмөр шувуугаар” нисэв. Суудлын дугаараа санамсаргүй хартал Ч.Насанбат эмчийнх “29-ийн А”,  минийх “29-ийн Б”-д таарах нь тэр ээ! Мухар сүсгийг огоордог атлаа монгол түмний бэлгэ дэмбэрэлт зан үйлээр цэнэглэгдсэн бид ихэд бэлгэшээн “XXIX олимп руу зорьж буй бидэнд 29-ийн А, Б оногдоно гэдэг бол алт, мөнгө гарцаагүй авахын цондон” хэмээн хоорондоо битүүхэн ярилцсан юмдаг.

…Бээжин хотыг “дайлаар мордсон” олимпийн “их цэргийн” эхний аравтууд тамирчдын тосгондоо хуарагнан, жүдо, боксын сугалаа харсан зарим нь “Өө, хөөрхий! Түвшээ маань нөгөө олимп, дэлхийн аварга Кейжи Сүзүкитэй таардаг ямар азгүй байна аа… Харин түүнийг барахгүй ч гэсэн дагаж барилдаад хүрлийн төлөө яс үзэх хэрэгтэй дээ” хэмээн шинжиж байсан нь өдгөө нууц биш ээ. Жүдогийн найдлагууд ээлж дараалан медалиас мултарч, багаа, эх орноо аврах том хариуцлага түүнд ноогдож байсан боловч Найдангийн хүү “Тайванжав” огт мэгдсэн шинжгүй.
Наймдугаар сарын 13-ны алтан медалийн “битүүний орой” О.Гүндэгмаагийн буудлагын мөнгөн медалийг тэмдэглэсний дараа М.Баяржавхлан тэр хоёрын өрөөнд оров. Яг ч зорьж орсон юм биш л дээ, жүдогийн генсек, гавьяат Ч.Машбат багшийн хүү орог шар Бөхөөг хайж явсан хэрэг.
Мэнд усаа мэдэлцсэнээ дэмий л маргаашийн тулааны талаар зүрхшээнгүй асууваас харин Түвшээ огт түгдрэлгүй…

-Өө ОТО ах аа! Би тэр муу Сүзүкиг будаа болгоно оо! Барилдаж үзэх санаатай байсан чинь мань эр сүүлийн хоёр жил надад хүрэлгүй доогуур өнхөрчихсөн шүү дээ.  Одоо энд л хусдаг газар хэмээн итгэл төгс өгүүлснийг одоо болтол мартдаггүй ээ. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэгчээр Монголын Н.Түвшинбаяр жүдог үндэслэгч Япон орны алдарт бөх К.Сүзүкиг цэвэр ялж, алтан оргилд хүрэх замаа зассан билээ.

Ийнхүү манай бөх Сүзүкиг дагаж барилдахаа “больж”, харин ч түүнд дагаж барилдах эрх олгосон боловч шороон далтай наран бөх нэхээ барилдаанд Германы Б.Берлаг дийлсэнгүй тул оролцогчийн сертификатаа өвөртлөөд орон нутаг руугаа буцсан гэдэг. 2006 онд МҮОХ-ны “CHINGGIS KHAAN WORLD SPORTS TROPHY” хүртэж байсан арлын жүдочныг Чингис хаан маань номхруулж, Түвшээ аварга маань сөхрүүлсэн түүх энэ буюу.

“NAIDAN, MONGOLIA” цаашдаа ч замдаа таарсан бүхнээ арчиж, немц Бенжамин Берла (Европын аваргын хүрэл), солонгос Жан Сүн-Хо (Олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгө, хүрэл), азербайжан Мовлуд Миралиев (дэлхийн хүрэл) нар түүний гарын аяыг даанч даасангүй. Алтан медалийн төлөө яг тэр өдөр алтан медальгүй явсан 16 сая хүнтэй, 132 тамирчин бүхий Казахстаны багийн 27 настай Асхат Житкиев, 2,7 сая хүнтэй, 28 тамирчны бүрэлдэхүүнтэй Монгол багийн 24 настай Н.Түвшинбаяр нар сөрөн зогслоо. Энэ үед монгол жүдоч хасаг эрд гурван сарын өмнө яаж хожигдсоноо зэрвэс бодсон  нь гарцаагүй.

…2008 оны тавдугаар сард Солонгосын Жежү аралд зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн аваргын төлөө А.Житкиевтэй ач тач өрсөлдөж, цаг сунган үзэлцэх мөчид Түвшээ дор хаяж кока үнэлгээ авахуйц шийдсэн мэх хийж шүүгч рүү хартал дэвжээний голд зогсох рефери мате (зогсох дохио) заав. “Дэвжээний гадагш унаж дээ” хэмээн ойлгоод дохионы дагуу өндийхөөр биеэ суллатал А.Житкиев гарт нь булхайгаар өчиж, түүнийг нь өнөө мэлгэр шүүгч тооцсоноор Түвшээ харамсалтай ялагдсан далд түүх бий…

Бүх дэлхий, Монголын ард түмэн түүнийг олимпийн алтаа Бээжингийн татами дээр хэрхэн дархалсныг ой тойндоо шингэтэл харсан болохоор олныг үл нуршмуй. Аварга болсны дараа мэдээж баяр, баяр, баяр бас дахин баяр!

….Баяр баясгаландаа умбаж, хөл газар хүрэхгүй явтал гэнэт гар утас хангинав. Харилцуурыг яаран автал Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч “Сато” хэмээх Ч.Отгонбаатар  нэн бачимдуу орилж байна:

-ОТО!!! Түвшээгээс допинг илрээд алтыг А.Житкиевт өгөхөөр болсон гээд казахын балиашигууд жүдогийн ордонд тэмдэглэж байна гэтэл би золтой л О.Гүндэгмаагийн буу гацсанаас ч дор муурч унах дөхөв. Ашгүй яг энэ мөчид төв штабын “Бээжин” буудлаас гараагүй байсан тул шууд 14-р давхар руу гүйж, ОУОХ-ны эмнэлгийн комиссын дарга Патрик Шамаштай уулзахад тэрбээр шинжилгээний хариу гарч, манай Түвшээ “negative” буюу цэвэр ариун нь албан ёсоор тогтоогдсон бичгийг үзүүлэхэд тайвширч, түүнийг хүзүүдэн тэвэрснээ ч мэдээгүй юм. Сайн юманд садаа олон гэж…

Сугалаа уншин бодлогошрох Ч.Насантогтох багш, суудлаасаа босон харайх Х.Болдбаатар гавьяат, орчлонд галав юүлж байсан ч “окей” хэмээн тамхиа сорох илээч “Симба” Э.Эрдэнэ-Очир, “Галт шувууны өд” авчрахад ч бэлэн байсан  багийн ахлагч “Голомтын” Д.Баясгалан, өрөөнийхөө андыг тайвшруулан номлох, багийн тугч М.Баяржавхлан, үзэгчдийн дундаас хашгирах нэг багийн хамт олон, үй олон монгол хөгжөөн дэмжигчдийн уухай, Аваргаа штабын хавчиг өрөөнд  мялаах Монголын багийнхны эгэл ёслол  гээд л сэтгэлд хоногшсон дурсамжит энэ өдрөөс хойш 365 хоног сум мэт нисэн өнгөрч, Лондон руу чиглэсээр байна…

Монголчууд аа, 1964 оны Токиогийн олимпоос хойш 44 жил хүсэн хүлээсэн АЛТАН медалийг эх орондоо авчирсан энэ өдөр энэхүү ариун үйлст хувь нэмэр оруулсан бүх хүмүүст алтан баярын мэнд хүргэе!
“Бээжин-2008” олимпийн “фронт” дээр хамт “тулалдсан” дайчин нөхөд минь наашаа суу! Өнөөдөр та бүхэн “MONGOLIA” гэсэн спортын “шинелиэ” өмссөн, баярын ширээгээ засч, туурга тусгаар Монгол улсын олимпийн анхны аварга Н.Түвшинбаярын төлөө оргилуун дарсаа олимпийн тэнгэрт буудуулцгаа! Та нарт ийм эрх бүрэн бий. Олимпийн аваргатай улс шүү, бид!

/"Өнөөдөр" сонин. 2009.08.14-ны дугаараас/

Яруу найраг

Нямбуугийн Нямдорж
/1934-1996/

***
Онцын хөөрхөн хүүхэн гэдэг
Зүрхний их хулгайч юм
Олон эрсийг шаналгах
Сэтгэлийн тулааны талбар юм.

Энгүй сайхан түүнд
Зyyн зүрх тимүүлж
Эцэс хойно нь болоход
Ерэн ес нь шархална.
***
Онон гол миний л гол
Ондоон хэний ч биш миний гол

Ариухан Онон миний л гол
Алдхан биений минь амин гол

Уртхан Онон миний л гол
Уг биений минь улаан гол.
***
Мөчир

Өнгөлөг навчсаа намрын салхинд алдчихаад
Өөрөө зөвхөн цулгуй үлдсэн мөчир
Өвдөж өвдөж үхэхийн өмнө байсан
Өвөг эцгийн минь хатангир гарыг санагдуулна
***
Өндөгний минь хээ
Өөрчлөгдөшгүй.
Хурууны минь хээ
Хувиршгүй.
Алганы минь хээ
Арилшгүй.
Миний хээ
Минийх…
***

Суутны тухай

ВАСИЛИЙ ШУКШИН

 Василий Шукшин 45-хан насалсан ч авьяаслаг зохиолч, кино найруулагч, жүжигчний хувьд ЗХУ даяар алдаршсан юм. Гэхдээ тосгоны жирийн залуу тийнхүү алдаршихаас өмнө ачигч, далайчин, галч, багш, районы зааварлагч, сургуулийн захирлаар ажиллав. Василий Шукшин энэ оны долдугаар сарын 25-нд 80 нас хүрэх байв.
 Василий Шукшин 1929 оны долдугаар сарын 25-нд Алтайд, Бийскийн районы  Сростки тосгонд тариачин айлд тө¬ржээ. 1930 онд хамтралжуулалт эхлэхэд аав нь хамтралд арга буюу элсч, цайлгуур машины механикжуулагчаар ажиллах болов. Гэвч 1933 онд Василий Шукшиныг дөрвөн ойтой байхад аавыг нь баривчилжээ.  Ээж нь хэлмэгдүүлэхээс айж, хүүгийнхээ овгийг өөрийн охин цагийн овгоор Попов гэж бичүүлсэн байна. Тэрбээр хожим паспорт авахдаа эцгээрээ овоглосон байна.
 Ээж нь хожим нэг тосгоныхоо хүнтэй гэрлэжээ. Хойд эцэг нь ер бусын сайхан сэтгэлтэй хүн байсан гэж Василий Шукшин ямагт ярьдаг байв. Тэрбээр дайн эхэлснээс хойш нэг жилийн дараа фронтод амь үрэгджээ. 13 настай хөвгүүн ¬өрх толгойлж, өөрийг нь бүтэн нэрээр Василий гэж дуудахыг үе чачуутнуудаасаа шаарддаг байжээ.

 "ДУУГҮЙ ХҮН" ХОЧТОЙ БОЛСНЫ УЧИР
 
 Василий Шукшин долдугаар анги төгсч, Бийскийн автомашины техникумд орж, хоёр жил суралцсанаа гэр бүлээ тэжээхээр сургуулиасаа гарчээ. Калуга, Владимир хотод слесарьч, ачигчаар ажиллаж, Москва-Курскийн төмөр  замын Щербинка өртөөний цахилгаан станц, дараа нь Голицыно өртөөний төмөр замын гүүр барилцсан байна.
 Тэнд байхад нь цэргийн албанд татах хуудас ирсэн байна. Шукшин радио холбоочны мэргэжил эзэмшсэний дараа 1950 онд Севастопольд байрладаг Хар далайн флотын нэг ангид алба хаажээ. Тэнд байхдаа “дэмий чалчихыг” тэвчдэггүй учир “Дуугүй хүн” хочтой байсан гэдэг.
 Шукшин 1953 онд ходооны шарх нь илэрсний улмаас цэргээс халагдав. Тэрбээр төрөлх тосгондоо эргэж очиж, 10 дугаар ангийн шалгалтыг яаралтай ¬өгөөд тосгоны сургуульд ажиллах болов. Захирлаар ажиллахын сацуу орос хэл, уран зохиолын хичээл зааж байлаа.

 НАЙРУУЛАГЧ МИХАИЛ РОММТОЙ МАРГАСАН НЬ

 Василий Шукшин 1954 онд Бүх холбоотын киноны дээд сургуульд /ВГИК/ сурахаар Москва руу явав. Тэрбээр нийтийн байранд орж чадалгүй, Котельническая набережная гудамжинд хоног төөрүүлэх болсон тухай байв.  Тэрбээр зүүрмэглэж амжаа ч үгүй байтал нэг туранхай өндөр хүн таарч, гэртээ очиж хоно гэжээ. Тэд шөнөжингөө цай ууж, яриа дэлгэсэн гэдэг. Хожим нь Шукшин их сургуульд элссэн хойноо өөрийг нь “аврагчийг” киноны дээд сургуулийн коридорт явж байхыг нь харжээ.
 Энэ нь алдарт кино найруулагч Иван Пырьев байв. Шукшин олон жилийн дараа түүнээс “Иван Александрович аа, би нэг удаа танайд хоносныг санаж байна уу?” гэж асуухад “Санахгүй байна. Манайд хоносон хүн алийг тэр гэхэв” гэж Пырьев хариулжээ.
 Шукшин элсэлтийн комисст очихдоо өгүүллэг бичсэн дэвтрээ авч очжээ. Гэвч өвөрмөц залууг жүжигчний анги руу явуулав. Жүжигчний ангиас тэрбээр найруулагчийн ангид очиж, киноны гол хүн найруулагч болохыг мэджээ.
 Шукшин шалгалт өгсөн тухай ярихдаа “Миний бэлтгэл сайнгүй байв. Би мэдлэгээр гайхуулаагүй. Харин байгаа байдлаараа элсэлтийн комиссынхны гайхшралыг төрүүлсэн… “ВГИК-т энэ өдрүүдэд юу хийж байна вэ?” сэдвээр миний бичсэн ажил намайг аварсан” гэж дурсчээ.
 Энэ ажлынх нь булан дээр “Сэдвээрээ бичээгүй ажил байна. Тавьсан болзол биелүүлсэнгүй. Гэхдээ зохиогчоос найруулагчийн авьяас харагдсан тул онцсайн үнэгээ өгөв” гэж цохжээ.
 Шалгалт авч байхад Шукшин ¬¬өө𠬬рүү нь хашгичсан ч  найруулагч Михаил Ромм түүнийг ангидаа авчээ.
 Бородины дэргэд байхдаа Пьер Безухов хэрхэн санаа зовж байсан тухай ярихг Ромм хүсэхэд “Би дайн энхийг уншаагүй. Дэндүү зузаан ном. Залхуу хүрээд байдаг юм” гэж Шукшин хариулжээ. “Та ерөөс зузаан ном уншаагүй хэрэг үү?” гэж Ромм гайхахад “Нэг ном уншсан. Мартен Иденийг уншсан. Сайхан ном” гэж Шукшин хэлжээ.
 Ромм эгдүүцэн “Та чинь яаж сургуулийн захирлаар ажилласан юм? Та соёлгүй хүн байна! Бас найруулагч болох санаатай!” гэв. Тэгтэл Шукшин дүрсхийн, “Сургуулийн захирал гэж хэн болохыг мэдэх үү? Өвлийн цагт хүүхдүүдийг хөлдөөчихгүйн тулд түлээ олж, хөрөөдөж, хагалж, хураадаг юм. Сурах бичиг, керосин, хичээл заах багш олох хэрэгтэй. Тосгон тэрэгний ганц морьтой. Бүхнийг биеэрээ туулдаг… Юун зузаан ном уншихтай мантай…” гэжээ.
 Зөвхөн авьяас билэгтэй хүн л тийм хэвшмэл биш үзэл бодолтой байж болох юм гэж Ромм шийдээд, түүнийг сургуульдаа элсүүлсэн бана.
 Шукшин 1955 оны наймдугаар сард төрөлх тосгондоо очиж, нэг тосгоныхоо эмэгтэй, дунд сургуулийн багш Мария Шумскаятай хуримлав. Түүнтэй 15 жил “үерхэж”, энэ бүх хугацаанд Мария түүнийг хүлээсээр байв. Хуримаа хийнгүүт  Василий Шукшин Москва руу, харин түүний залуу эхнэр Новосибирскийн багшийн дээд сургуульд орохоор явжээ.
 Тэр дараачийн удаад 1964 онд л уулзжээ. Бүр 1957 онд Шукшин Москвагаас түүнд захиа бичиж, өөр эмэгтэйд хайртай болсон тул салъя гэжээ.

 АНХНЫ АМЖИЛТ

 Тэр үед Шукшин кинонд тоглож эхэлсэн байна. Тэрбээр 1957 онд “Дөлгөөн Дон” кинонд жижиг дүрд тогложээ. Харин 1958 онд Марлин Хуциевын “Хоёр Федор” киноны гол дүрд тоглох урилга авчээ. 
 Дараа нь олон урилга дараалан ирэв. Шукшин богино хугацаанд хэд хэдэн кинонд тоглосоны дотор “Алтан цуваа” /1959/, “Жирийн түүх” /1960/, “Модод том байсан” , “Аленка” /1962/, “Мишка, Серега бид гурав” /1962/, “Бид хоёулаа эр хүн” /1963/ зэрэг кино байна.
 Шукшин кинонд амжилт олохын сацуу уран зохиол ч амжилттай туурвиж байв. Тэрбээр гуравдугаар курст суралцаж байхаасаа зохиолыг нь аль нэг редакци анхаарна байх гэж найдан, нийслэлийн сонин сэтгүүлийн газруудад өгүүллэгээ илгээж байв. 1958 онд “Смена” сэтгүүлд түүний “Тэрэгтэй хоёр” өгүүллэг нь хэвлэгджээ. 60-аад оны эхээр Шукшины зохиолыг тогтмол хэвлэх болов.
 “Молодая гварди” хэвлэлийн газар 1963 онд Шукшины зохиолын анхны түүвэр “Тосгоныхон” түүврийг хэвлэжээ. Мөн тэр жилээс тэрбээр Горькийн нэрэмжит кино студид найруулагчаар ажиллаж эхэлж, 1964 онд “Ангийн удирдагч”, “Гринька Малюгин” өгүүллэгтээ түшиглэн “Ийм нэгэн залуу” бүрэн хэмжээний анхны киногоо бүтээжээ.
 Гол дүрд нь Леонид Куравлев тоглосон кино үзэгчдийн талархал хүлээж, харин 33 настай Шукшин  сэтгэл тийм ч ханамжтай биш байв. Киног инээдмийн кинонд тооцож, тэр жил Венецэд болсон олон улсын кино наадамд илгээж, хүүхэд, залуучуудын киноны уралдаанд оруулжээ /Кино наадмын тэргүүн шагнал хүртсэн/.
 Тэрбээр “Искусство кино” сэтгүүлд “Би хошин киног мэднэ. Энэ киноны мастерууд шагнал их аваасай. Гэхдээ миний ойлгож байгаагаар,  хошин кинонд хэн нэгэн инээдмийн байх ёстой. Юуны өмнө баатар нь тийм байх ёстой. Харин манай киноны баатар инээдтэй биш” гэж ярьжээ. 
 1966 онд Шукшины “Тэртээ алсад…” өгүүллэгийн түүвэр, “Таны хүү, дүү” шинэ кино гарав. Харин 1966 оны гуравдугаар сараас “Разины төгсгөл” кино зохиолыг нь баталж, Шукшин хамаг анхаарлаа энэ төсөлд төвлөрүүлж, кинонд тоглож, кино зураг авахаа болив. Уг төслийн зургийг 1967 оны зун авахаар товлосон ч бүтсэнгүй. Разин тухай кино зохиол нь хаагдсаны дараа Шукшин “Буцлах цэг” гэсэн хошин үлгэрийн кино бүтээхийг хүссэн ч бас бүтсэнгүй.
 Энэ үед Шукшины хувийн амьдрал ч бүтэлтэй биш байв. В.Шукшин яруу найрагч Белла Ахмадулинад сэтгэлтэй болж, тэр ч байтугай түүнийг  “Ийм нэгэн залуу” анхны кинондоо сэтгүүлч бүсгүйн дүрд тоглуулсаны дараа “Москва” сэтгүүлд редактороор ажиллаж байсан 33 настай Виктория Софроноватай учир ургуулав. Тэр хоёр зохиолчдын төв ордонд Шукшины шинэ туужийг хэлэлцэх үед тааралдаж, дараа нь найз нартайгаа зуушны газар руу явжээ.
 “Хоол захиалаад байж байтал Шукшин Белла Ахмадулинатай гэнэт орж ирэв. Тэр үөд тэдний хайр дурлалын явдал дуусгавар болж, салалтын уулзалтаа хийв. Тэдний хамт бас Андрей Тарковский эхнэртэйгээ цуг байсан. Тохиолдлоор эсэхийг мэдэхгүй,  Шукшин бид хоёр нэг ширээнд өөд өөдөөсөө харж сууж таарсан. Оройн турш бие биеийнхээ нүд рүү ширтээр байв. Гэхдээ миний хувьд тийм зоримог зан угаас байгаагүй юм” гэж В.Софронова “rusactors.ru” сайтад бичжээ.

 БАГЛАА ЦЭЦЭГ, ЛОНХ ДАРС

 Дараа нь тэдний харьцаа хөрөв. Тэд салж, Шукшин “Тэр ямар тэнгис вэ?” киноны зураг авахаар Судак хот руу явж, тэнд 26 настай Лидия Федосееватай учирчээ. Шукшин их “зугаалдаг” гэсэн яриаг дуулсан Лидия кино зураг авахад Шукшин түнш нь болно гэдгийг мэдээд их гутарсан гэдэг. Тэд Судак руу галт тэргээр явах замд уулзжээ. Жүжигчин эмэгтэй нэг купенд охин Настя, кино операторуудтай цуг  явжээ.
 «Би Шукшиныг сэм ажиглалаа. Тэр хөгжилтэй, сэргэлэн, дүрсгүй гэмээр ногоон нүдтэй юм. Тун аятайхан хүмүүс цугларч, би дуу дуулсан. «Улаан бөрөлгөнө»-ийг дуулсан. Тэр над руу гэнэт жигтэй хараад, дагаж дуулсан... Харин бүгд унтсан хойно манай купенд нэг хүн орж ирэв. Харсан чинь Вася байлаа. Тэр миний орон дээр суугаад, «Алив, өөрийнхөө тухай яриарай» гэлээ. Бид шөнөжингөө ярилцсан» гэж Федосеева дурсчээ.
 Харин дараа нь сууж явсан автобус ойн цоорхойд түр зогссоноо хөдлөхөд автобусанд түрүүлж орсон жүжигчин бүсгүй Шукшин пиджакныхаа цаана ямар нэг юм нуугаад зогсож байхыг харжээ.
 «Амьтан бариа юу?» гэж асууваас тэрбээр надад баглаа цэцэг барив.Тэрбээр эмэгтэй хүнд анх цэцэг бэлэглэсэн нь тэр байсныг би хожим мэдсэн юм. Би тэр цэцгийг удаан хадгалсан» гэж Федосеева ярьж байна.
 Кино бүтээж байх хооронд Виктория Софронова Шукшины охиныг төрүүлэв. Шукшин энэ тухай дуулаад, төрөх газарт очиж, залуу ээжид лонх дарс барьжээ. Тэрбээр хэсэг хугацаанд «хоёр галын хооронд» байгаа юм шиг байж, тэр хоёр бүсгүйн аль алинтай нь цуг амьдарч байв.Гэвч сүүлдээ Федосееватай гэрлэсэн юм.
 Тэдний холбоо, түүний дотор уран бүтээлийн холбоо нэг их удаагүй ч амжилттай байв. Юуны өмнө  «Ам амандаа орчих шахах», «Улаан бөрөлзгөнө» киног дурдаж болно. Василий Шукшин энэ кинонуудад киноны зохиол бичигч, найруулагч, жүжигчнээр ажиллажээ.
 Лидия Федосеева угаасаа хотын хүн /Ленинградад төрсөн/. Харин эдгээр кинонд нөхөртөө чин үнэнч, тэдний сайн сайхны төлөө ямар ч хохирол үзэхээс буцахгүй тосгоны жирийн эмэгтэйн дүрийг гайхамшигтай бүтээсэн байна.
 «Ам амандаа орчих шахах» киноны гол дүрд эхлээд Леонид Куравлев тоглох ёстой байжээ. Гэвч жүжигчин бодлоо өөрчилсөн ч Шукшинд энэ тухай шулуухан хэлж чадалгүй, түүнээс удтал нуугдсан байна. Эцсийн бүлэгт тэд уулзалдсан байна.
 «Чи энэ кинонд өөрөө тоглосон дээр. Чамаас өөр хэн ч сайн тоглож чадахгүй. Чи өөрөө зохиосон, бичсэн, чи тоглох хэрэгтэй» гэж Куравлев Василий Шукшинд ярьснаар тэр өөрөө «Ам амандаа орчих шахах» кинонд тогложээ.
 Шукшин кино зохиолыг нь ердөө хоёр долоо хоногт бичсэн «Улаан бөрөлзгөнө» кинонд хууль ёсны эхнэр  нөхөр хоёр болох Лидия Федосеева, Василий Шукшин нар энэ дууг дуулж танилцснаас хойш арван жилийн дараа  тоглосон байна.

 ҮХЛЭЭ ЁРЛОСОН НЬ

 «Улаан бөрөлзгөнө» кино Шукшины сүүлчийн гүйцээсэн бүтээл байжээ. Энэ киноны зургийг угсарч байхад Шукшины ходооны өвчин сэдэрч, тэр эмнэлэгт хэвтжээ. Тэр өвчтэй байсан ч өдөр бүр «Мосфильм» студэд ирж ажилладаг байв.
 Киног үзэгчид ч, кино шүүмжлэгчид ч бахдан хүлээж авав. Киног бараг 100 сая хүн үзсэн мэдээ байдаг. «Улаан бөрөлзгөнө» киног Антонина, Феллина нар биширч, 1974 оны дөрөвдүгээр сард Баку хотод болсон Бүх холбоотын VII кино наадмын тэргүүн шагнал хүртжээ.
 Харин хоёр жилийн дараа 1974 оны аравдугаар сарын 2-нд Шукшин нас нөгчсөн юм. Шукшин нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө Сергей Бондарчукийн «Эх орны төлөө тулалдагсад» киноны зураг авч байх үед Бурков гэдэг найзтайгаа нүүр будах өрөөнд сууж байхдаа Шукшин янжуурын хоосон хайрцаган дээр нэг юм зурж байжээ.
 «Чи тэнд юу зурж байгаа юм бэ?» гэж Бурков түүнээс асуухад «Зүгээр л... бороо, уул, үүл зурж байна. Ерөнхийдөө оршуулгын зураг» гэж Шукшин хариулжээ. Тэгэхэд Бурков найзаа загнаж, аймаар юм зурсан янжуурын хайрцгийг нь хурааж авсан байна.
 ЗСБНХОУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн гэсэн ганц цолтой байсан Шукшиныг Введенийн оршуулгын газарт нутаглуулах ёстой байв. Гэвч Сергей Бондарчук түүнийг Новодевичьед оршуулах зөвшөөрөл авч чаджээ. Оршуулгын газрын дэргэд хаанаас ч юм олж авсан бөрөлзгөний шилбэ барьсан хүмүүс гашуудлын цувааг угтаж байв.

П.Шагдар

 

Гүн ухаан

  МЭӨ 514-520 оны vест бичигдсэн Платоны хамгийн алдарт ёгтлол, сургаалиудын нэг

АГУЙН ТУХАЙ СУРГААЛЬ

(Сократ Глауконтой ярилцаж байна.)
[Сократ] – За одоо, хvмvvн бид хэр их боловсорч гэгээрсэн, хэр харанхуй бvдvvлэг болохуйг миний бие ёгтлон харуулъя. Та одоо хэсэг хvмvvс газар доорхи агуйд аж төрж, уг агуйн амаар гэрэл тусч байна гэж төсөөлөгтvн. Энд тэр хvмvvс бага балчир наснаасаа хойш байсан бөгөөд хvзvv, гарандаа гинжээр гинжлvvлсэн тул хөдөлж болохгvй, бас толгойг нь эргvvлж харуулахгvй гэж гинжилсэн учир зөвхөн урагш харах бололцоотой юм. Тэдний ар дээхнэ талд алсийн зайд нэгэн гал дvрэлзэх бөгөөд хоригдлууд болон галын дунд дээш өгссөн нэг зам байна. Замыг дагуулж барьсан нам хана байх нь хvvхэлдэйн театрын жvжигчид урьдаа зоогоод, дээгvvр нь хvvхэлдэйгээ гозолзуулж байдаг халхавчтай адил гэмээр.
[Глаукон] – За ойлголоо.
[Сократ] – Мөн тэр ханыг дагаад олон хvн гартаа мод, чулуу, олон янзын эдээр хийсэн хvн, амьтны дvрс, хөшөө баримал тээж явах нь ханан дээгvvр харагдана. Тэр хvмvvсийн зарим нь ярьж хэлэлцэнэ, зарим нь дуугvй байна.
[Глаукон] – Та надад маш этгээд сонин зvйл дvрслэн хэллээ. Тэр хоригдлууд ч мөн гайхмаар хачин юм.
[Сократ] – Яг л та бидний нэгэн адил, тэд нэг биеийнхээ, эсвэл нэг нэгнийхээ сvvдрийг агуйн доторхи ханан дээр галын тусгалд олж хардаг байна.
[Глаукон] – Yнэн шvv, хэрэв тэд толгойгоо хөдөлгөх боломжгvй бол сvvдрээс өөр юу олж харах билээ.
[Сократ] – Мөн тэр хvмvvсийн тээж буй зvйлсийн сvvдрийг л тэд олж харах бус уу?
[Глаукон] – Тийм ээ.
[Сократ] – Хэрэв тэд өөр хоорондоо ярилцах боломжтойг энд бодолцвоос тэд өөрсдийн нь урд vзэгдэж буй зvйлсийг нэрлэхдээ зөвхөн таамаглаж байдаг нь арга буюу?
[Глаукон] – Тийм ээ, тэр vнэн.
[Сократ] – Тэгээд цааш нь энэ шоронд дуу чимээ гарахуйд нэг ханаас нөгөөд цуурайтдаг гэж төсөөлбөл, хэн нэгэн тээш зөөгч хvний хэлсэн зvйлийг хоригдлууд сонсохдоо өнгөрч яваа сvvдрээс гарч байна гэж төсөөлөх нь аргагvй бус уу?
[Глаукон] – Мэтгэлцэх аргагvй vнэн хэллээ.
[Сократ] – Тэдний хувьд YНЭН гэдэг бол юмс vзэгдлийн зөвхөн сvvдэр л байхаас өөр юу ч биш юм.
[Глаукон] – Тэр бол тодорхой байна.
[Сократ] – За тэгээд цааш нь сонсогтун. Хэрэв хоригдлуудыг суллаж, алдаа төөрөгдлөөс нь ангижруулвал ямар vр дагавар гарахыг бод. Эхлээд хоригдлуудын хэн нэгнийг чөлөөлж, хvчээр албадан хөл дээр нь босгоод, толгойг нь эргvvлэн гэрлийн зvг харуулж, гэрлийн зvг алхуулах болвол тvvний нvд нь чилээж хурц гэрлийн гялбаанд туйлдаад, урьд өмнө сvvдрийг нь vздэг байсан бодит зvйлсийн vнэн дvр төрхийг харах чадал мөхөсдөнө. Тэгээд хэн нэгэн хvн тvvнд тvvний урьд харж байсан зvйлс бол хоосон хуурмаг харин одоо тэр vнэн бодит амьдрал гэж юу болохыг ойртон vзэж, өөрийн нvдээр жинхэнэ vнэний оршилыг харах тусам тvvний хараа саруул болно гэж хэлвэл - тэр хvн хариуд нь юу хэмээх бол? Мөн тvvний зааварлагч нь замд дайралдах зvйлс рvv гар зааж тэднийг нэрлэхийг шаардвал, тэр хvн будилж самуурахгvй гэж vv? Одоо тvvнд vзvvлж буй юмс vзэгдлvvдээс тvvний урьд харж дассан сvvдрvvд илvv vнэн бодитой мэт тvvнд санагдах бус уу?
[Глаукон] – Хавьгvй vнэн санагдана.
[Сократ] – Хэрэв тvvнийг гэрлийн өөд эгцлэн харуулваас тvvний нvд өвдөж, өвдсөндөө болоод өөрийнхөө харж чаддаг зvйлс буюу одоо тvvнд vзvvлж буй зvйлсээс илvv өөрт vнэн бодитой санагдах сvvдрийн зvг харах нь зvй бус уу?
[Глаукон] – Тэр vнэн.
[Сократ] – Мөн цааш нь бодоод vз. Тvvнийг хvчээр эгц босоо өндөрлөгт чирж авчраад хурц гэрлээр шарах наран авхайн өмнө барьж зогсоовол тэр хvн өвдөн шаналж, хилэгнэн уурсахгvй гэж vv? Гэрэл рvv ойртох тусам тvvний нvд нь гялбаж одоо бодит vнэн гэж буй юмс vзэгдлийн алийг ч харж vл чадна.
[Глаукон] – Бvгдийг нэг агшинд, тэр дор нь харж чадахгvй биз ээ.
[Сократ] - Тэрбээр гадаад ертөнцийн юмс vзэгдэлд дасан зохицож сурах хэрэгтэй болно. Эхлээд тэр сvvдрийг хамгийн сайн харах бөгөөд дараа нь хvн болоод бусад зvйлсийн тусгалыг усанд харж, дараа нь тэр юмс vзэгдлийг жинхэнэ бодитоор нь харна. Удаалж тэр саран, одод, гялалзах тэнгэрийн гэгээг vзнэ. Төдөлгvй тэр шөнийн цагт одод тэнгэрийг өдрийн гэрэлд нар, нарны гэрлийг харахаас илvv сайн харах болно.
[Глаукон] – Эргэлзэх юмгvй.
[Сократ] - Хамгийн эцэст тэр нарыг харж чадна. Нарны тусгалыг усанд биш, өөр хаана ч биш харин зохих газарт нь харж, нарыг байгаа байгаагаар нь ажин харах болно.
[Глаукон] – Эргэлзээгvй vнэн.
[Сократ] - Дараа нь тэр нар л улирал болоод он жилvvдийг зохицуулж, ертөнцийн vзэгдэж харагдах бvхий л зvйлсийг тэтгэн ивээгч нь бөгөөд нэг талаасаа тэр болон тvvний нөхдийн харж дассан зvйлсийг бий болгогч, vндэс шалтгаан нь мөн болохыг таньж, учирлан бясалгах болно.
[Глаукон] – Илэрхий байна. Тэр эхлээд нарыг харж дараа нь тvvний тухай бодож бясалгана.
[Сократ] - Тэгээд тэр хуучин ахуй амьдрал, агуй болоод хоригдлуудын шинж байдлыг эргэн санахдаа өөрөө ийнхvv гэгээрч боловсорсонд баярлан хөөрч, бусдыгаа өрөвдөнө гэж та бодохгvй байна уу?
[Глаукон] – Эргэлзэх зvйлгvй, тэр баярлах л ёстой.
[Сократ] - Тэгвэл хоригдлууд өнгөрч яваа сvvдрvvдийг ажаад аль нь тvрvvлж явсан, аль нь хойно нь явсан, аль нь хамтдаа явсныг бусдаасаа хамгийн тvргэн анзааран харж, улмаар ирээдvйд юу болохыг зөгнөж чаддагаараа өрсөлдөн, тvрvvлсэн нэгнээ хvндэтгэж vздэг заншилтай байв гэж сэтгэвэл тэр гэгээрсэн хvн уралдаанд ялсан тэрхvv хvмvvст атаархаж, тэдний нэр хvнд болоод бусдын бахдал сайшаалыг тоон vзнэ гэж та бодож байна уу? Тэдний арга ухаанаар амьдарч, тэдэн шиг бодож сэтгэснээс тvvнээс бусдыг тэвчин өнгөрөөж, Гомэрийн сургаснаар “Ядуу эзний ядуу боол байсан нь дээр” гэж тэр гэгээрсэн хvмvvн бодох бус уу?
[Глаукон] – Тийм ээ, ийм харалган явдлыг хvлээн зөвшөөрч, ийм өрөвдмөөр арга ухаанаар амьдарснаас өөрөөр яаж ч зовж шаналахыг тэр илvvд vзнэ гэж би бодож байна.
[Сократ] - Та цааш нь төсөөлж бодно уу. Хэрэв тэр нарны гэрлээс өөрийнхөө
хуучин байдалд буцаж ирвэл тvvний нvд даруй харанхуйгаар бvрхvvлэх бус уу.
[Глаукон] – Тиймээ, тэгэх нь гарцаагvй.
[Сократ] - Хэрвээ тэр агуйнаас гарч vзээгvй бусад хоригдлуудтай хамт өнөөх сvvдэр хэмжиж уралдах тэмцээнд өрсөлдвөл хараа нь сул дорой хэвээр, нvд нь харанхуйд дасаж хэвшээгvй (ийм нөхцөлд нvд нь дасаж, харж чаддаг болтол нэлээд их хугацаа хэрэгтэй) тэр олны өмнө хөгөө тарих бус уу? Хvмvvс тvvнийг дээш яваад агуйд буцаж ирэхдээ нvдгvй ирсэн тул дээш гарахын тухай бодсоны ч хэрэггvй гэж бодоцгооно. Цаашилбал дахиж хvн суллан явуулж, дээш оргилд дагуулан явахыг завдвал, хэрэгтнийг баривчилж цаазаар авна.
[Глаукон] – Асуух зvйл огтхон ч vгvй.
[Сократ] - Эрхэм Глаукон минь, энэ ёгтлолыг та бvхэлд нь бидний өмнөх мэтгэлцээний сэдэвт хамаатуулж болно. Шоронгийн vvр бол нvдэнд vзэгдэх ертөнц, галын гэрэл бол нар юм. Хэрэв оргилд хvрэх замыг соён гэгээрлийн ертөнц рvv тэмvvлэх хvмvvний оюун санаа гэж миний мунхаглан бодсоныг та ухан ойлговол та намайг буруугаар ойлгохгvй байх. Харин миний ингэж сэтгэсэн нь зөв эсэхvйг бурхан мэдтvгэй. Гэвч зөв ч бай буруу ч бай, миний бодлоор бол сайн сайхны тухай vзэл санаа мэдлэг гэгээрлийн ертөнцөд хамгийн эцэст илэрч, зөвхөн тодорхой хичээл чармайлтын дvнд vзэгддэг бөгөөд, vзэгдэхдээ гоо сайхан, зөв шударга бvхний ертөнцийг бvтээгчийн амьд жишээ болж, гэрэл гэгээний эцэг, бодит ертөнцийг гийх гэрлийн хаан, соёлт хvн төрөлхтний vнэн болоод учир шалтгааны уг vндэс, язгуур нь болж байдаг байна. Тэгээд энэ нь хvний зvй зохистойгоор хөдлөх хvч нь болж, нийгмийн болон хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах бай нь болдог ажээ.
[Глаукон] – өөрийг тань ойлгож буй хэмжээндээ би тантай санал нэг байна.
[Сократ] - Хэрэв бидний энэ ёгтлол зөв гэж бодвоос энэ гайхамшигт мэлмийг олсон хvний оюун санаа дээд ертөнцөд байх vvрдийн хvсэл тэмvvлэлтэй учир мунхаг хvмvvсийн явдалд хутгалдах дургvй байх болно. Yvнд гайхах хэрэггvй, яагаад гэвэл энэ хvсэл эрмэлзэл бол байгалийн жам ёсоор бий болжээ.
[Глаукон] – Тиймээ, байгалийн жам юм даа.
[Сократ] - Тэнгэрлэг бодол бясалгалын орноос хvний муу ертөнцөд ирээд, нvд нь цавчилж, харанхуй орчинд дасахаасаа өмнө vзэгдэж харагдах юмс зvйлс, эсвэл хууль цаазын сvvдрийн тухай шvvх болон бусад газар заргалдан мэтгэлцэхийг хvчээр тулгуулж, жинхэнэ vнэн мөний цаазыг олж vзээгvй ташаа vзэлтний эсрэг маргаж мэтгэлц гэхэд олны доог болон самгардаж байгаа тэр гэгээрсэн хvнийг хараад гайхах сэтгэл төрөх юу байх билээ?
[Глаукон] – Гайхахаас бусад нь л бодогдож байна.
[Сократ] - Энгийн мэдрэмжтэй ямар ч хvн нvдний харааны цочрол нь хоёр янз болоод хоёр vндэс шалтгаантай гэдгийг мэднэ. Харааны цочрол бол нэг бол гэрэлтэйгээс харанхуйд ирэхэд, эс бөгөөс харанхуйгаас гэрэлд гарахад vvсэх бөгөөд энэ цочрол нь бие махбодийн нvдэнд ч, оюун санааны мэлмийд ч адил vйлчилнэ. Энэ учир шалтгааныг мэдэх ямар ч хvн хараа нь муудаж, будилсан нэгнийг хараад шоолж инээхийг урьтал болгохгvй. Харин нvд нь цочирсон тэр хvнээс оюун санаа нь хурц гэрэлтэй орчноос ирээд харанхуй орчинд дасаагvй учир харж чадахгvй байна уу, эсвэл харанхуйгаас гэрэлд гараад өдрийн гэрлийн хурцад гялбаж байна уу гэж асууна. Тэгээд тэр хvн өөрийн орчил ертөнцөд адил тvвшинд ирсэн нэгнийг азтай гэж тооцож харин нөгөөг нь бол өрөвдөх буюу. Доод ертөнцөөс гэрэлт ертөнцөд хvрсэн оюун санааг хараад хөгжин инээх хvний сэтгэлд гэрлээс бууж агуйд ирсэн оюун санааг хараад угтан инээгчээс илvv их учир шалтгаан орших буюу..

Платоны “Republic” (Төр улс) номын 7 р бvлгээс, Бэнжамин Жовэттийн англи орчуулгаас монгол хэлэнд хөрвvvлэв.
Д.Сайнбаяр

Яруу найраг

Долгорын Нямаа

Шөнийн талд адуу янцгаана 

Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдана
Алс замын алжаал тайлж
Аяны хүн талдаа хононо

Гүн харанхуйд тэнгэрийн заадал
Гүүн зэл шиг сунайн цайрна
Амгалан талын аяс хөндөж
Алдуурсан унага шиг од харвана

Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдана
Оддын дунд ижлээ үзсэн юм шиг
Шөнийн талд адуу янцгаана

Яруу найраг

Сэдбазарын Лувсандондов
/1854-1909/

Ахуй орчлонгийн аяс

Үүл гарч бороо ороосой
Үүд сөхөгдөж хур үнэртээсэй.
Үйл лай минь бороонд шингээсэй
Үг хэл минь бороо шиг урсаасай.

Салхи исгэрч ургамал ханхлаасай
Садар санаа минь салхинд арчигдаасай.
Цэцэг ургаж тал алаглаасай
Цээж зүрх минь цэцэг шиг сэргээсэй.

Аяа миний бясалган бодохуйяа
Ахуй орчлонгийн аясаар үймэрнэ.

Дурсамж

Т.Отгонтуяа /Дундговь/

НАЙРАГЧИЙН ТУХАЙ БЯЦХАН ХӨӨРӨЛДӨӨН

…Тэр үнээн би хөөрүү хүн
Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө
Харсаар байтлаа худлаа хэлж
Халуурч шүлэглэсэн хүн…
гэж  найрагчийн сэтгэлээр догдолж бас бардамнаж бичсэн шүлгийн эзнийг ард түмэн мэднэ. Энэ найрагч Дундговийн Говь-Угтаалынх. Өдгөө тэрбээр бидний дунд байхгүй ч боржгон Угтаалаараа овоглон, Болор цомын тайзыг эзлэн ханхайдаг байсан төрх нь мартагддаггүй юм. Барнангийн Доржпалам найрагч эгч дүү дөрвүүлээ. Түүний эгч Барнангийн Аюургүнсэн өдгөө Мандалговь хотод амьдардаг юм. Найрагчийн тухай бяцхан дурсамж сөхөж, Б.Аюургүнсэн гуайтай цөөн хоромд хуучиллаа.

- Та найрагчийн хамгийн том эгч нь үү?
- Тийм. Би айлын ганц охин.Дороо гурван эрэгтэй дүүтэй. Биднийг багад ээж маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн болохоор би чинь хэдэн дүү нартаа ээжийн оронд ээж болж өсгөсөн дөө.Говь-Угтаалын хойд тал, жинхэнэ боржигон зүгийн улс даа, бид.
- Авъяас удам дагадаг гэдэг оргүй үг биш. Танайханд билэг авъяастан байсан л биз.
- Шүлэг найраг бичдэг биш ч гэсэн бидний өвөг эцэг ерөөл магтаалыг их сайхан хэлдэг хүн байсан гэдэг. Ээжийн маань өвөө батуул Жамба гэдэг хүн байсан. Батуул гэдэг нь эмийн ургамлын нэр л дээ. Дандаа тэр ургамлыг түүж явдаг хүн байж л дээ. Тэгээд нутгийнхандаа тэгж нэршсэн гэдэг.Харин аав маань их сайхан дуулдаг хүн байлаа. Мал маллана. Бас ан хийнэ. Марзан зантай, олонтой нийтэч хүн байсан даа. Тэмээн тэрэгтэй ус зөөнө. Усаа аваарай гээд л дуугаа дуулаад  явдаг хүн байлаа.
- Доржпалам найрагчийн шүлэг бичиж, онгод хөглөдөг болсон үе нь хэзээ юм бол?
- Энэ тухайд эгч нь хэлж сайн мэдэхгүй юм. Би 4-р анги төгсөөд мал малласан л даа. Надад нэг саарал хавтастай дэвтэр байдаг.Түүнийгээ өөрөөсөө салгана гэж үгүй. Хонио хариулаад явж байхдаа л мөр холбож бичдэг байлаа. Тэр нь шүлэг гэхэд хэцүү л дээ. Тэгээд аймгийн төв рүү сургуульд явахдаа нөгөө дэвтрээ хөдөө мартчихаж. Хожим Палам маань эгчийн саарал дэвтрээс л гоё гоё санаа төрсөн шүү гэж ярьдаг байж билээ.
- Дүүг тань нэртэй найрагч болоход саарал дэвтэр тань туслажээ дээ?
- /инээв/ Дүү маань биеэ даасан хүүхэд байсан. Аймгийн төвд аравдугаар ангиа төгсөөд Алтанбулагийн техникумын хуваарь авсан гэж захиа бичиж байсан. Төдөлгүй сургуулиа сольж Оросын Омск хотод цэргийн сургуульд явахаар болсноо хэлсэн. Хүүхэд хэрнээ дүүгийн маань даралт ихэсдэг байсан. Түүнд нь л их санаа зовдог байлаа. Ямар сургуульд сурахаа өөрөө л шийдэж, өөрөө л биеэ дааж явсан. Бидний туслалцаа ч нэг их байсангүй.
- Анхны шүлэг нь ямар нэртэй байсан юм бол?
- Яг тийм шүлэг байдаг гэж хэлж мэдэхгүй л байна. Би нэг захиаг нь уншсан юм аа. Сургуульд явахаасаа өмнө нутгийнхаа охинд бичсэн захиа байсан.  Дандаа шүлэг.  “Амаржаргалд бичсэн захиаг чинь уншчихсан шүү. Бараг ном болохоор захиа байсан” гэж цаашлуулахаар л “Эгч яагаад хүний захиаг хамаагүй уншаад байгаа юм” гээд  пар пар инээж билээ. Тэр шүлгэн захидал анхны шүлгүүдийнх нь нэг байсан байх аа. Үерхдэг байсан охин нь одоо Улаанбаатарт амьдардаг. Тавь гарсан хүн л бий дээ.
- Сургуулиа төгсөөд хаанаас ажил амьдралын гараагаа эхэлсэн бэ?
- Өмнөговь аймгийн  Жаал шандын заставт цэргийн улс төрийн орлогчоор хуваарилагдан очсон. Тэндээ нэлээд удаан ажилласан даа.
- Найрагчийн танд зориулж бичсэн ямар шүлэг байдаг вэ?
- Эгч нь сайн мэдэхгүй л байна. Дүүгийн маань найзууд танд зориулсан тийм тийм шүлэг байдаг гэж хэлж л байдаг. Х.Зандраабайдий, До.Цэнджав Д.Төрбат гээд олон зохиолч манайхаар орж гардаг байлаа. Огт танихгүй хүн дүүг маань дурсаж ярихыг сонсоод найз нөхөд л явж дээ л гэж боддог доо.

Барнангийн Доржпаламын шүлгээс...

Би ирж яваа юм

Дуниартсан намрын хонгор өдрийг нартай нь сартай нь
Дурсгал болгон бие биедээ солилцож бид саллаа, би явлаа
Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар
Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо, би явлаа.

Холдож явсан энэ л мөчөөсөө эхлэн
Хонгор минь би чамдаа очиж яваа юм,  би ирж яваа юм, чам руу.
Хойтон болтол бидэн хоёрын хооронд сунайх замаас
Хорж байгаа юм энэ чинь, би ирж яваа юм, чам руу.

Өдий ч байна даа гэж чиний минь тоолсон хоногоос
Өнөөдрийг би хасч яваа юм, би ирж яваа юм, чам руу.
Өгсөж давах тусам өөдөөс ургаж босоод байдаг
Өчнөөн уулсын нэгийг давж яваа юм, би ирж яваа юм, чам руу.


Хөөрлийн шүлэг

Тэр vнээн! би хөөрvv хvн
Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө
Харсаар байтал худлаа хэлж
Халуурч шvлэглэсэн хvн
Тэргэл цагаан сарыг нь чамайгаа гэж
Бvлээрч шvлэглэсэн хvн
Тэр ч бvv хэл
Будант тэнгэрийн танихгvй оддыг минийх гэж
Булааж шvлэглэсэн хvн, хvлцэл өчмvv!
Өчсөн, өчөөгvй би дахиад л
Онгирох нь
Өндөр тэнгэрийн vvлс ахиад л
Зангирах нь
Хvлэглэж давхисан морины ам ч
Халах нь
Хvрдэн их дэлхийг мөндөр цохьж алах нь
Минийх гэж хэлэх нь
Онгирох юм надад их бий
Хялмаалсан олон одод миний
Алаг нvднээс аргамжаатай
Хязгааргvй их тоо бvхэн миний
Арван хуруунаас торгомжоотой
Миний
Онгирох
Орон зай ийм!
Өөрчилж зогссон газар бvхэнд
Өөрөөс минь vvсдэг
Дөрвөн зvг vзvvргvй
Өндрөөс минь дээшээ
Өсөж vргэлжилсэн
Босоо шулуун хязгааргvй
Миний
Хөөрөх
Хөх тэнгэр энэ!
Би онгирохдоо
Цэнхэр хорвоогийн уудамд
Шахцалдахгvй тонгочих гэсэн юм
Цэнгэг усныхаа мандлаас
Шартахгvй залгилах гэсэн юм
Онгирох юм надад их байна
Yгvйрлийн зуднаас
Тvрvvлж нvvгээд
Багширсан сvрэг байна
Yvлэн сvvдэрээс хоцорч нvvгээд
Бараадсан бууц байна
Галтай чулуу, устай чулуу, задын чулуу
Газар далай, тэнгэрийн гурван чулуу
Гурвуулаа надад байна
Аяа!Би наанадаж онгирьюу
Талын шуурганаас өрсөж босож
Буур хилэгнvvлэх нь
Таанын толгойноос шvvдэр тvvж
Шивээ уурлуулах нь
Аяа!Би цаанадаж онгирьюу
Лусын охинтой
Даалуудаж
Луутай тэнгэрт
Yvлvvдэх нь
Ардын дууныхаа
Хө хө нугалааг
Хөх алчуур шиг хийсгэж
Айраг дэмбээ намрынхаа
Алтан дэлбээ найран дээр
Агсан морьтой ханхалзаж
Аяа! Би дахиад л
Шvлэглэх нь
Анхилхан мод ахиад л
Гөлөглөх нь
Орчлон хорвоо бас л
Дунших нь
Онгодоор бичсэн шvлгээ би
Унших нь
Уншихгvй гэсэн чинь
Уурласан өвгөд
Удмаа залгуулахгvй гэж
Айлгасан юм
Уншихгvй гэсэн чинь
Уйлсан бvсгvй
Уруулаа өгөхгvй гэж
Туньсан юм
Онгирохгvй байя гэсэн чинь
Одтой тэнгэр хилэгнэж
Онгодоо өгөхгvй гэсэн юм
Онгирохгvй байя гэсэн чинь
Онгон лус дургvйцэж
Охиноо өгөхгvй гэсэн юм
Тэр vнээн,би хөөрvv хvн
Тэнгэр дээр төрсөн гэж харсаар байтал худлаа хэлж
Зvтгэж шvлэглэсэн хvн
Тэр ч бvv хэл огт танихгvй бvсгvйг миний гэж
Зvтгэж шvлэглэсэн хvн
Тэд бvхнээс хvлцэл эс өчмvv.

/"МОНЦАМЭ мэдээ" сонин. 2009.08.07-ны дугаараас/

Яруу хүүрнэл

ОМСКИЙН ДЭЛТ ЧОНО

-Хөрөг-

Далаад оны сурагч  биднийг Мандалговь хотын 10 жилийн сургуулийн дотуур байранд байхад  нэг аймшигт амьтан гэнэт гараад ирлээ. Гашуун нясуун  юм сэнгэнүүлээд энэ тэрийг сэжигтэй ажсан эвгүй  харцтай,  шилээ дарсан урт үстэй, орос хороом гутлын түрүйг гармуушиглан дарсан, улаан эрээн ороолт хайш яйш унжуулсан олигор хар нөхөр хаанаас гараад ирснийг  мэдэхгүй, тэрийг ч дэлсэж гэнэ, үүнийг ч ичээж айлгаж гэнэ, тэрний хоолойд хутга тулгаж  гэнэ гэсэн дэл сул  яриа хаа сайгүй дуулдах болов. Нэр ч байхгүй. ”Омскийн дэлт чоно ” л гэнэ. Үнэхээр аюумшигт ”дэлт чоно” гэвэл тэр мөнөөсөө мөн  байлаа.  Царай зүс арай гайгүй охидыг эргүүлнэ, тоохгүй бол яаж ч магадгүй ийм хачин дээрэнгүй хүн гараад иржээ. 

Манай ангийн охид, ялангуяа дотуур байрны охид  өглөө хичээл эхлэхийн өмнө аальгүйтэж, элдвийн юм цуурна. Урьд шөнө цонхоор тэр орж ирээд, гэрэл асааж шившгийг дэлгээд,  хогийн шүүрээр цохиж хөөгөөд, дотуур байрны цэргээс ирсэн багш тэгэж мангартаад  гэхчилэн ярихдаа   нөгөө ”Омскийн дэлтийн” талаар  ярина, шоолж  инээлдэнэ.

Аравдугаар ангийнхан бол бас яадгаа алдсан амьтад биш. Эр бие өсч, эсгий бие сунасан болохоор хэнтэй ч үзэлцэхээс сийхгүй, дор дороо атмаан санаатай . Хүчтэй, тамиртай, тэгээд бас  гар зөрүүлэхдээ шаггүй бол  түүгээрээ  бахдана. Нэр нөлөөгөө ч  өсгөнө. Жараад олны сүүлчээр аймгийн  хамаг хогийн хулигаан, танхай балмад  нь усжуулах, барилгынханаар дүүрэн байдагсан. ”Хутга” Жамъян, ”хутга” Долцон гэдэг ч зүрхэнд шар ус хуруулсан амьтад дуулдана. Тэд хурдан гэж жигтэйхэн. Элдэж байгаад араас нь шаана. Үдэш орой, үдэшлэг цэнгээний дараа охид хүүхнүүдээ булаацалдаад  зодоон цохионгүй сална гэж байхгүй. Тэр цагийн өвчин байж дээ.  Муу муу л гэнэ, одоо харин ч соёлтой болчихсон юмсанжуу. Хэн нь хэнээсээ дутах вэ дээ зодуулж, зодож л явж.

”Омскийн дэлт” ба түүний нөхөд байрны цонх яйруулаад л үсрээд ороод ирнэ. Түүний дотор өнөө цагийн  агуу их ламтан,  их бичгийн сартваахи гавж Сонинбаяр таваргаж явсан гэхэд  ”арай ч үгүй байлгүй” гэж  хэн хүний нүд  орой дээрээ гарч итгэхгүй  байх даа. Лам хүнийг ингэж хэллээ гээд нүгэл болдоггүй байх даа, яахав дээ хүүхэд цагийн явдал шүү дээ. Тэрхүү ”Омскийн дэлтийн баруун гарын  биш юмаа гэхэд ойрхоны  хиа нь мань эр. За ингээд л орхичихъё.  Хэд хэдэн удаа нударган зодоон хийсний дараа   эвийн гэрээ байгуулцлаа. Харин ч биднийг ашиглаж, манай ангийн зүстэй царайтай  нэгэнтэй ойртохыг бодсон нь тэр байж. Тэгсэнээ найз нөхөд болцгоож далай тэнгисийн эрэг захад, их ой модон дунд  Омск гэдэг мундаг гоё хот байдаг тухай ярина. Офицерийн  хувцас, алтан мөрдөс  гэдэг чинь та нарын муусайн даалимбан тэрлэг биш. Бид цул алтан амьтад явцгаадаг. Бидний араас орос охид дагаад салахгүй.

Харин манай аймгийн хөсрий охид, хүүхнүүд чинь яасан мангар, наадах цаадах юм мэддэггүй хачин   амьтад вэ. Наанаа ичсэн болоод цаана ямар байдгийг ямар мэдэхгүй биш.  Танай арван жилийн сургуулиас  хамгийн гоёыг нь авч явна даа. Мөн ч азтай охин намайг дагаж алтан Москва үзнэ шүү дээ. Би онгоцонд суулгаад,  орос руу авч явна, оросын эрээн даашинзтай охидод гайхуулна. Энэ муу тоос шороотой аймгийг байтугай Омскийг бүхлээр нь  айлгадаг юм чинь   гэж сагсуурах. Мань хашир ч хүч хэрэглэж нэг үзэж, хүзүү сунган гуйж нэг үзэж, булааж нэг үзэж, бултуулж нэг үзэж эр хүний арван гурван мэхийг угсруулан хийсэн ч  энэ тэрд олигтой тоогдсонгүй. Говь-Угтаал руугаа алга болсон уу, нөгөө алдарт Омск руугаа явсан уу,   тэгсхийгээд ”дэлт чонын”  чимээ алдрав.

 Гэтэл тэрхүү ”Омскийн дэлт” буюу бидний зүрхэнд шар ус хуруулсан аймшигт амьтан маань хожмоо Барнангийн Доржпалам хэмээх гайхамшигтай авъяаслаг яруу найрагч болсон юмсанж. Тэр үед шүлэг шүүлэг , шүтээн бурхан хоёроо  ялгахгүй хийсэж явсан бизээ. Оросын Омск хотод цэргийн дунд сургуульд сурч байгаад чөлөө авсан юмуу, эсвэл хаячихсан юмуу, үгүй бол хөөгдсөн юмуу  мэдэхгүй, ингэж л нэг ирсэн юм. 

Бүр хожуу наяад оны эхээр шүлэг бичиж, шаггүй нэр олчихоод байхад нь  хотын гудамжинд тааралдахад багын хөгтэй янз бүрийн юм яриад салсангүй.  Нөгөөх алдарт хулигаан чинь танигдахын аргагүй болжээ. Хилийн цэргийн ногоон дүрэмт хувцас өмсөөд, зэгсэн гүзээ суугаад махалж мяраалчихсан, хөдөлгөөн нь удааширч, маг маг инээсэн, марзан юм ярьсан, ноосыг зулгааж байхад хивж л хэвтдэг тэмээ шиг номхон, ноорхой  амьтан  болчихсон байх юм. ”Хоюулаа манайд очъё. Хонож өнж. Би чамд юу хийж байгаагаа харуулья” гэлээ. Хөдөөнөөс ирсэн би яахав, зөвшөөрч л орхино биз.

Гэр нь хуучин пионерийн ордны харалдаа боломжийн байшинд байх юмаа.  ”Авгай эзгүй. Гэсэн ч бүү санаа зов. За би чамд гарынхаа хоолыг хийж өгнөө. Энэ ширмэн тогоо тахианы махыг зумартал нь чанадаг хойноос хорхойсож авсан ганц нүдтэй  эд. Манайд идэш  ирсэн.  Угтаалын үхрийн тарган хавиргыг  төмстэй, сармистай  чанана.  Нэрэлхэх юмгүй, цохиж өгнө шүү хөө” гээд гашуун юмнаасаа аяганд цүл цүлхийтэл хийв.

Аргагүй л нутаг амьтай нэгэн байсан даа. Угтаалын уул, Ерлөг, Их газрын чулуу, боржигон найр наадам гэхлээр ер бусын амьтан амилаад ирнэ.  Түүний бичсэнээр,
” Өдрийн од харах хүслээр жигүүрлэсэн би
Өндөр хайрханыхаа оройд нэг л мэдэхэд сууж байнам
Алс тэртээх Дэрэн, Гурвансайхан сумын нутаг дахь
Айлын бараа л өдрийн одоо, гэвч өдрийн од биш дээ”
гэж бичсэн шиг тэдний Говь-Угтаал  миний Гурвансайхан сумын хаяа зэргэлдээ  нутаг. Барнангийн Доржпалам,  Цэндийн Чимэддорж бид гурав бол яах аргагүй Их газрын чулуу, Ерлөг уулыг зүүн баруун талаас нь  хашиж, биширч, сөхөрч,  шүтэж, мөргөж  өсөцгөөсөн яалт ч үгүй нэгэн үеийн нойтон үстэй унаганууд юм даа. 

Хөдөөний хэлхэгэр өвгөчүүл сумын нүдэнд торсон  гайгүй хүүхэн, хурдан морь, бөх ярина. Үнэхээр ч Говь- Угтаал сум аймагтаа нэртэй бол нэртэй, зүстэй бол зүстэй жинхэнэ  боржигоны бор буттай аараг толгодтой тал. Сар сааттал, нар ургатал найрладаг хур буян хишиг шингэсэн өлгий . Морь нь хөнгөн, бөх нь шөрмөстэй, хүүхнүүд нь царайлаг, шуранхай нь цээл,  айраг  нь аагтай,  бүхнээр бүрэлдэж найрсан газар. Шүлэг болгондоо Угтаалын их уул гэж бичнэ. Угтаалгүй, говийн толгодгүй, чулуу морьгүй, хөдөө талгүй , найр наадамгүй  шүлэг ховор. Аргагүй л ийм талын шүлэгч билэг танхай байхаас өөр аргагүй.

Хоюулхнаа найрлаж гарав. ”Балбарынх энүүхэн тавдугаар сургуулийн дэргэд  шүү дээ. Би дуудъя” гэлээ. ”Битгий дэмийр. Чиний тэр Балбартай, Балбаргүй болно.  Хоёр арслан нэг торонд багтдаггүйг чи мэддэггүй юмуу? Тэр ямар ууж чадах биш, тэр ямар тавьтиртай байж чадах биш, сайхан  уулзалтыг яйран болгоно. Хэл яриа ч нийлэхгүй.  Хоюулхнаа байхад болохгүй  байна уу? Чи надаас уйдаагүй биз” гэлээ.

Шүлгээ уншина, ингэж л бичиж байна шүү дээ найз нь,  хэнийх нь шүлгэнд ийм үг байгаа юм бэ? гэх.  Тэгснээ ер нь хөдөө тэнүүчлээд алга болъё гэж  тунирхах. Дэндэвийн Пүрэвдорж гуай намайг их тоодог, Дооровыг ахыгаа гэдэг, Бавуугийн хүүг найзаа гэдэг  гэнэ.  Заставын офицер байснаа ярина. Хилийн муусайн хусарсан цэргүүд үгүй мөн хэцүү шүү, золтой л авгайгаа булаалгачихалгүй хилээс ирээд хотод төвхнөлөө. Харж байхад л хормойдчих гээд болдоггүй юм гэж ирээд гэмгүй цайлганаар инээнэ.

Шүлгийн хийц хэлбэр нь үнэхээр  өөр байлаа. Тийм том шүлэгч болсон гэдгийг даанч ойлгоогүй байж. Үүнд гомдоно. Хамгийн хэрэггүй улс бол та нар, шүүмжлэгч нар  гэнэ. Зохиолч бид байхгүй бол шүүмжлэгчид хоолгүй болох улс л гэнэ. Түүнд   дууриамал худал  байдал, илүү дутуу дэл сул мөр, бадаг нэг ч байгаагүйсэн. Хүн ингэж төрөл арилжих гэж... Шоронгийн хадаас ч болж магадгүй золиг байсан шүү дээ, гэтэл гурван хадааст  шинелийн дотроос хэн гэдгээ харуулж,  шинэ содон, хачин өвөрмөц юм хийж байх  гэж багын нөхөртөө баярлаж  суулаа .

Миний бусдад агсам тавьж, тас шавхуурдсан шүлгийг чи сонс. Хайрын муусайн шүлгүүдийг яйр хийсэн шүлэг. Мөн ч олон нь атаархаж, мөн ч олон нь цуурч магтана даа. Мөн ч олон нь намайг хуулж дуурайна даа. Хэвлүүлэхээсээ ч хайрлаад байгаа юм гээд салсхийтэл босов. Дүйнгэтэх мэт манарсан нүдэнд нь гал оч харваж, гар нь салгалж, хэсэг чимээгүй байснаа  ”Би ирж яваа юм” шүлгээ эв муутайхан хоолойгоор дуудлаа. 

Дуниартсан намрын хонгор өдрийг нар сартай нь
Дурсгал болгон бие биедээ солилцож бид саллаа
Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар
Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо.
Холдож явсан энэ мөчөөсөө эхлэн
Хонгор минь би чамдаа очиж яваа юм, би ирж яваа юм, чам руу...

Энэ бурхан минь...Ийм санаа, ийм философи, ийм урлал, ийм сэтгэлгээ гэж байхуу даа. Ийм болхи толхи  эрээс тийм нарийн чигжүү сийлмэл  ухаан сэтгэмж гарна гэж үү? Анир чагнах шиг шүлгээ таслан  гөлрөв. Нулимс чив чимээгүй урсахад, би яахаа мэдэхгүй балмагдав. Шинэ шинэ  үг хэллэг, шинэ шинэ ухаан, магадгүй буддийн гүн ухаанд л амь сүнс болж оршдог байх  гэмээр  цаг хугацааны тайлал, сэтгэлийн хөөрөл, нууцын нууц тайлал нь  намайг ёстой л шавхуурдаж зодсоор байлаа.

Яруу найрагт агсам тавуилаад зогсож байна гэдэг хачин.  Тэгсэнээ хэн нэгнийг эрж хайх хойш урагш холхисноо тэвчихийн аргагүй  багтран,
Хойтон болтол бидэн хоёрын хооронд сунайх замаас
Хорж байгаа юм энэ чинь би ирж яваа юм чам руу
Өдий ч байна даа гэж чиний минь тоолсон хэдэн зуун хоногоос
Өнөөдрийг би хасаж яваа юм, би ирж яваа юм чам руу
Өгсөж давах тусам өөдөөс ургаж босоод байдаг
Өчнөөн уулсын нэгийг давж яваа юм, би ирж яваа юм чам руу
гэснээ ”Алив Жаваа, дүүргээд аль. Би энэ шүлгэндээ   шатаж үхэх нь. Ямар байна гэдгийг чамаас ч асуух  үгүй. Хэнээс ч асуухгүй.  Ингээд л болоо.Одоо юу ч уншихгүй ” гэлээ.

Би дотроо бодов. Юмсыг ингэж зөрчилдүүлэх гэж. Тэгээд бас ингэж наалдуулах гэж. Эсрэгцэлийн , үгүйсгэлийн торгон ирэн дээр мөргөлдүүлээд цоо  шинэ бодомж ургуулж, ховорхон сэтгэжээ. Ойртохлоор холддог, холдохлоор ойртдог ямар донжтой монди вэ? Тархи гавлын дундуур, сэтгэлийн дотуур юу ороод ирчихээв гэхээр гайхлыг төрүүлж билээ. Ийм шүлгэнд илүү үгний хэрэггүй. Жирийн нэг цэргийн хуарангийн хусран банди биш, яруу найргаар үеийнхнийгээ тасархай хаячихаад арилж өгөх юм байна. Томчуудын нэрийг бариад надад гайхуулаад байсан нь худал биш юм  гэж дотроо эргэцүүлж  байсансан.

Гэнэтхэн ”Хоюулаа цонхоор юм  харъя. Өвлийн ид тачигнасан жавраар  цас будраад, мөн ч  гоёхон байна даа гээд чамд нэг хачин юм харуулна гэлээ. Чи тэр байшингийн буланг харж байнаа уу? Энэ лавсан бударсан цасан дунд нэг цагаанаас цагаан, өндрөөс өндөр хүүхэн зогсож байгаа биз. Болоо ч үгүй, хошууч...Хэн түүнийг энэ хөхөө өвлийн хүйтэнд ингэж зогсоолгож чадаж байнаа, яруу найрагч шүү дээ.  Чи ч гэсэн ийм байх ёстой. Есинин ч ийм байсан  гэж гайхуулав. Их юмаар хөөрч сагаж байгаа  царай нь тэр. Орхиё.

Сэтгэл нь хайлж нялхраад ирэв. Түрүүчийн дахиад шүлэг уншихгүй гэсэн нөхөр маань жигтэйхэн  нялхамсаад ирэв.
Үржихийн хүрдэн туурай нь
Үүлүү даалуу мөртэй
Үүнээс илүү бахадмаараа
Үеийн жаахан Бадмаа яа
Үнэтэй алчуур авмаар аа
Үзүүлж чадалгүй явмаар аа
Үзэсгэлэн гоо чамдаа
Үгээ хэлчихээд зугтаамаараа
гэж ирээд чи миний энэ Бадмааг таних уу? гэхэд ”Танихаар барах уу? Намайг сургуулийн  захирал байхад миний хичээлийн эрхлэгч  байсан юм. Чиний нүдэнд ингэж харагдах гэж... шүлгээс чинь бол  өөр л  хүүхэн харагдаад байна. Ингэж бадруулж өгөх гэж  гэхэд цаанаа дургүйхэн янзтай, чиний нүд надад ямар хамаатай юм бэ гэж адарч билээ.

Энэ мэт утга уянгын эгдүүтэй, сэтгэл зүрхийг гижигдсэн баясаж хөгжихөөс өөр аргагүй шүлэг олныг бичжээ. ”Хоролтогоо” гэдэг гэнэн тэнэг залуу насны хор шаргүйхэн  үеийн часхийсэн шүлэг бий.

Айлын ах хот явъя гэсэн юм биш байгаа
Алс хол руу зааж яриад байх юм
Арай л Хоролтогоо ”за” гэсэн юм биш байгаа
Ахин ахин зөвшөөрөөд толгой дохиод байх юм
Ган зуузайн гагнаас ангайтал амаа булаасан үрээ
Газарт намайг хийн дээр минь тонгорлоо
Ай тэгтэл Хоролтогоо харчихдаг нь ч юу вэ?
Амаа бариад тэр над руу гүйж явна
Одоо бодоход Хоролтогоо харж л байсан байна
Ойчдоггүй л байж хотын ах ч харж л байсан байна
гэх. Хөөрхөн зураглал, хөөрхөн агшин, хөөрхөн сагсуурал... хөөрхөн хөөрөл ...

”Олдоогүй эгч” гэдэг шүлэг нь  энэ байна. Бас зугаатай.
Сар гийсэн үдэш
Танайхыг эрээд олоогүй
Сагсай самбай цохионд төөрч
Хээр хоноод олоогүй
Сархад дийлсэн найран дээр босож
Ёс алдаад олоогүй
Сайхан эгч та
Ес харагдаад олдоогүй
гэж аяглана. Шүлэг мөн байгаа биз. Нэг л гоё бодол төрнө. Хүний сэтгэлийг өдөж, хатгаж, маажилж малталж,  ер бусаар хөглөж, тагнайшуулан амтлуулж, ая эгшиглэн, хүсэл бодрол, сэрэл мэдрэмж зурсхийн  хайрлаж гэмээн эзэн нь эзгүй, бүтээл нь мөнхөрнө.  

”Үнэн” сонины сурвалжлагчаар Өмнөговьт ажиллаж байхад яруу найрагч ”буурал” хэмээх Дашзэгвийн Банзрагчтай хамт сүнгэнээд ирэв. Цугаараа өмнөд хилийн заставуудаар  явах юм болж, аян замд ч  бэлтгэлээ. Тэр аймгийн худалдааны салбарт ажиллаж, Чойнямтай ч дотно үерхэж явсан шүлгээ гал цогтой уншдаг шүлэгч Ж.Батбаяр хамт явахаар болов. Ингэж ”орос 69-ийн” бэржээнхэн бүрхэвчийг цууртал наргиантай юм ярьцгааж, заставт очоод шүлэг найргаа уншиж, говийн байгалийн  сайхныг биширч явснаа мартахын аргагүй.

Ингэж явахдаа  хилийн торгон хил дээр шахуу Чингисийн хар балгас гээчийг үзэж баахан хөөрч би эндээс маш гоё юм оллоо гэж дахин дахин хэлж байсан. Би олж үзээгүй ээ.  Тэр туурийн тухайд шүлэг гараагүй шиг санагдана. Түүнийг төрсөн Б.Чимэдгүнсэн шаггүй  шүлэг бичнэ. Тэднийхээр ч цугтаа орцгоолоо. Аяны дөрөө нийлсэн нь ганц тэр юм даа. Дүү нар нь зөвшөөрсөн ч эс зөвшөөрсөн ч ах нь бүх юманд ах шиг явдаг хойно доо. Барнангийн хүүхдүүдээс нэг нь л яруу найрагч байвал болоо юм биш үү. Та нарт цаана нь ажил бий биз дээ  гэж билээ.

1995 онд ”Болор цом” аваад үнэхээр ч хөөрч сагаж баярласан даа. Сэтгэлийнх нь хүслэн, шаналан ингэж нэг удаа барагдсан байх. ”Болор цомын”  уралдаанд бараг арваад шөвгөрсөн дөө. Ур ухаанаар  гарамгай бичдэг ч гэлээ, уншихдаа гаргууд бишээ, зайлуул.  Үүнийг л  авчих юмсан гэж хэн хүнгүй  чардайдаг шүү дээ. Шүлэг болгон нь улмаа иртэй, сэтгэлгээ нь улам гүнзгийрч байв.  ”Энэ муугаа харах юм. Энэ жил горьдож л сууна. Горьдлоготой гэхэд л гол горойлгодог хүн дээ” гэж Дооров гуай хүг хүг инээж трубатай тамхиа тавлагхан сорж суусансан. Бавуугийн Лхагвасүрэн нэг удаа ийм үг алджээ. ”Миний шилэн хүзүү рүү амьсгал нь хүртэл ойртон мэдрэгдэж байсан ганцхан яруу найрагч байсан нь Барнангийн Доржпалам юм шүү дээ” гэж...лут үг, авъяас билгийг хүлээн зөвшөөрсөн лут сайхан хүлцэл байгаа биз. 

Тэрбээр бөө шиг онгод орж,  өөрийнхөө цээжийг  дэлбэлэх шахаж байгаад бичсэн хэдэн шигшээ сайхан шүлгийг Монголын уран зохиолд үлдээжээ. ”Уул элэгдэвч, ус ширгэвч, үг цөөдөвч, үзэл өөрчлөгдөвч” Барнангийн хүүгийн үлдээсэн ааг омог, бардамнал, бахархал дүүрэн шингэсэн хурц дайчин, гэвч хатууг зөөлөн догшин аялгуут  шүлгүүд үлдэхдээ л  нэг  үлдэнээ. Б.Доржпалам юмс үзэгдлийг өөр талаас нь хардаг байжээ. Тэрбээр монгол шүлгийн хэвшмэл сэтгэлгээг эвдэж, ур хийцийг инжаанжуулж дэгжин гоёмсог болгож, гүн ухааны задлаг нийлэг хосолмол аргын учрыг олж,  нэгжээс  ерөнхийд хурааж, ерөнхийгөөс нэгж рүү задалж, яруу найргийн дотоод цохилгын  сэрэхүй мэдэрхүйд өөрчлөлт гаргаж чадсанаараа үе цагийг эзлэн оршиноо.  Хүний тусгаагүй зүйлийг, хэлж амжаагүй юмыг, хараагүй үзэгдлийг хэлж орхино. Ялангуяа ”Хөөрлийн шүлэг” ” Тарааж цуглуулсан эх орон танаа” шүлэг бол оюун санааны эрдэнийн талст гялалзсан  хоёр сайхан уул юм даа. Уулаа босгож орхиод өөрөө алга болжээ.

Тэр үнээн би хөөрүү хүн
Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө
Харсаар байтал худлаа хэлж
Халуурч шүлэглэсэн  хүн
Тэргэл цагаан сарыг чамайгаа гэж
Бүлээрч шүлэглэсэн хүн
Тэр ч бүү хэл
Будант тэнгэрийн танихгүй одыг минийх гэж
Булааж шүлэглэсэн хүн....
гээд цааш нь

Ардын дууныхаа
Хө хө нугалааг
Хөх алчуур шиг хийсгэж
Айраг дэмбээ намрынхаа
Алтан дэлбээ найран дээр
Агсан морьтой ханхалзаж
Аяа би дахиад л

Шүлэглэх нь гэж ёстой ус цалгиж, хад нурах шиг, мөс хагарч, одод тонгортол бичсэн байгаа биз. Үүнийгээ
Тэр ч бүү хэл огт танихгүй бүсгүйг минийх гэж
Гүтгэж шүлэглэсэн хүн
Тэр бүхнээс хүлцэл эс өчмүү
гэж төгсгөжээ.

Ийм номхон хүлцэнгүй мөртлөө шүлгээ дотоод хөдөлгөөнтэй, доргиотой, цалгиатай  гүйцээж, санаа болоод ур дархыг нум  сумын хөвч шиг эвшээлгэж тэнийлгэж байж  хийнэ.

Эх оронч бардамналаар цээжээ дэлдэж бичсэн ” Тарааж цуглуулсан эх орон  танаа” шүлгээрээ ”Болор цомын” эзэн болжээ.
Таныг би тараасан
Ташууртай борооны өөдөөс
Тав толгойлж ургасан
Таана хүмүүлийг чинь
Тараасан
Тан дээр нүүсэн үүл тараасан
Тал дээр бэлчсэн зээр тараасан
Таныг би их тараасан
Сахилгагүй хүү чинь сэлэм эргүүлж
Салхи тараадаг байсан
Зээрэн хүрнийхээ хөлөөр
Зэрэглээ тарааж өссөн
Тэнгэрийн дуутай хамт
 Мөндөр тарааж гүйхдээ
Тэртээ холын бороонд
Өөрөө тарж байсан
гэж шүлэглээд  ”нэгэнт эх орноо тараасан хүн чинь яаж эргээд цуглуулдаг юм бол?” гэхлээр ингэж цуглуулжээ.

Тараахын хэрээр
Таныг би цуглуулж хайрласан
Хичнээн уулын дээр овоо босгож
Хилийн чулуу цуглуулав.
Эх орон минь өндөр болж баярлав
Өчнөөн нуурандаа  хаврын шувуу цуглуулж
Өвгөн шувуу хоёрыг уулзуулав
Эх орон минь амгалан болж баярласан
гэж бичжээ. Яруу найрагч романтик байна гэдэг тэнгэрлиг оршихуйн үзэгдэл.

Одооны дууны шүлэг, яруу найрагт ”хичээл заачихмаар”  хэдэн сайхан дуу хийсээн Өнгө, цохилго, аялга айзам, мэдрэмж, санаа, түрлэг, үгийн найрсал өөр л дөө, дүү нар минь. Дууны үг, шүлэг мөнч  ч хамаа намгаа алдаж байна даа. Дууны үг бохиртохын хажуугаар сэтгэл бохиртож байна даа.  Дууны яруу найргийг ингэж хийдэг юм гэж үлгэр жишээ үзүүлсэн шүлэгч олон сайхан найрагчдын  нэг болж Барнангийн Доржпалам гэж хэний ч өмнө хэлнээ.

...Цагаан өнгийн торгондоо
Цасыг будруулж нэхлээ дээ
Чамайг намайг танилцуулсан
Чандаган гурван сартай
Өвлийг бодож нэхлээ дээ
Цэнхэр өнгийн торгондоо
Цэцэг ургуулж нэхлээ дээ хө хө
Чамайг намайг эрхлүүлсэн
Чацуу гурван сартай
Хаврыг бодож нэхлээ дээ хө хө
/ ”Ханан сүлжээ нэхээс”/  гэх юмуу

” Нараа дагасан сүргийн бэлчээрт
Намайгаа гээд давхиад ирэхэд чинь
Налаад суудаг толин чулуунд чинь
Найз минь чи харагдаад байдаг юм.
Цохилох халуун зүрхэнд гийсэн
Цолмон хар нүдэнд чинь би хайртай
Шингэхэн дуутай хүүхэд зангаараа
Шинэхэн цэрэг чамдаа би хайртай”
/ Цэрэг чамдаа хайртай/
гэсэн  олон сайхан дууны шүлгийг бүтээсэн нь одоо хэн зохиосон нь мэдэгдэхгүй мартагдагдах тийшээ  болжээ.
Б.Доржпалам нэг удаа над руу   ”Амьдрал хэцүүдэх нь. Тогтмол цалинтай тогтмол ажилтай болъё. Чи тусал. Танай сонинд оръё” гэж утасдлаа.  Би  ”За, яваад ир” гэсэн юмаа. Таг чиг. Хуурч тохуу хийсэн мэт алга болов.  Ийм л хэнэггүй хачин нөхөр дөө.  Гэр толгойлсон эр хүн юм болохоор ерээд оны эхээр хүмүүстэй нэгэн адилаар зах зээлд орж, бас наймаа арилжаа эргүүлэх аяджээ. Тэр маань энэ цагийн яах аргагүй ”Толь Гэндэн ” л дээ. Хэнтэй нийлсэн гээч. Тэр ”буурал” Банзрагчтай. Хоюулаа ашиг наймаанд дөргүй. Гэвч  багагүй зөрж,  хэлэлцэж байгаад Зохиолчдын хороонд дэлгүүр нээсэн гэж байгаа юм. 

Тэр тухай зохиолчид ийм онигоо гаргаж шүлэглэсэн нь одоо ч хааяа хааяа наргиа үгэнд явдаг.
Банзрагч тэргүүнтэний ГУМ
Барнангийн хүүгийн ЦУМ
Салам заргалдаж нээв
Сар бололгүй хаагдав
гэсэн егөө  гарсан байдаг. Дэлгүүрийн лангуу давс, гоймонгоос өөр юмгүй  хариг бэрх цаг үед  мань хоёр хашир байтугай монгол улс маань  ч  сөхөрчих шахаж байсан юм шүү дээ. Ийм л гэнэн бөгөөд гэгээ татуулсан, цаашаагаа   улам ховордох агуу их бие хүмүүс   байцгааж дээ.

Дүүрэн дүүрэн тахилтай алтан ширээт хоймор минь
Духан дээрээ өршөөсөн ариун мутарт бурхад минь
гэж нэгэн бүтээлдээ бичсэн. Дүүрэн ч байгаагүй дээ Палам минь, өршөөгөөгүй ч юмуу даа бурхад минь. Гэвч тэр үнэхээр дүүрэн хүн байсан. Гэнэн цайлган цагаахан сэтгэл, хэнэггүй төрх, ухаарал, гэгээ татсан шүлгүүдээрээ гүйцэхийн аргагүй дүүрэн байсаан Палам...

Зохиолч, сэтгүүлч Долгорын ЦЭНДЖАВ

Яруу найраг

Гоо чамайг бодон суухад Голын чулуу шөнөжин гэрэлтэнэ...

Даваагийн Дамдиндорж

Завхан аймгийн Ургамал суманд төрсөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Өдгөө "Үнэн" сонинд сурвалжлагчаар ажилладаг. 2000 онд уран бүтээлийн анхны номоо "Явуу сарны гэрэлд" нэртэйгээр хэвлүүлсэн бол саяхан "Зул мэт гэрэлтэх суль өвс" хэмээх хоёр дахь түүврээ гаргажээ. Түүний шинэ номд орсон уянгын шүлгүүдээс толилуулж байна.
***

Голын чулуу шөнөжин гэрэлтэнэ

Гоолиг моддын навчис
Хэд хэдээр хийсэх цаг
Гоо чамайг бодон суухад
Голын чулуу шөнөжин гэрэлтэнэ

Усны олон шувуу
Уйлж цуван буцах цагаар
Уяхан чи минь санаа алдах шиг
Усны чулуу шөнөжин гэрэлтэнэ

Тансага таана өвсний
Толгой шарлах үеэр
Танхил чамайгаа дурсахуй
Талын чулуу шөнөжин гэрэлтэнэ
***

Сүүдэр

Сүүдэр минь надад
Тээр дараа болохгүй
Сүнс зайлтал
Айлгаж ичээхгүй

Сүүдэр бид хоёр ярилцахгүй нь
Сэтгэлтэй хосууд тунирхсан ч юм шиг
Хаа ч явсан дагана
Хар хэвээр дагана

Алдаа оноог минь цэгнэж
Араас минь дагаж явдаг юм
Аав ээжийг минь орлож
Аашилж загнахгүй ч
Хэлж зааж үглэхгүй ч
Хэрсүүжүүлдэг юм намайг

Ижил дасал болсон сүүдэр минь хоёулаа
Энэ дэлхийгээс хамт буцна аа
***

Чамд би хайртайсан

Зэрэгцэж суугаад аяархан цочооход минь
Зээрийн янзага шиг тормолздогсон
Үүрд үргээчихвий гэхээс
Үнэндээ би айдагсан

Зөөлөн гарыг чинь яаран атгахад
Зүрх минь битгий тавь гэж хашгирдагсан
Харц чинь хэдийнэ уучилчихаад
Хайртай юу гэж асуудагсан

Чамд би хайртайсан
***

Хонх дамрын дууг үгүйлсэн
Хоосон сүмийн хана гасална
Улигч салхин энд үүрлэж
Урьдын явдлыг мартуулжээ

Дээвэрт нь хоргодогч болжмор
Дэндүү сайн бясалгагч болжээ
Үглээ ангаахайны дуу
Үүрэглэсэн сүмд лимбэ шиг сонсогдоно
***

Харсаар суутал ногоо ургаж
Харсаар байтал яргуй дэлбээлж
Хайрласаар явтал чи хадамд гарч
Харин би гунигийн шүлэгтэй үлдэв

Цагийн зүү хойно урдаа орон уралдаж
Царайгий чинь зүүдэлсээр байтал
Чи нөхөртэй болж
Цагаахан үүлсийг ширтсээр би гунигтай хоцров
***
Хавар

Борооны дараа солонго татах шиг
Би чамд хайртай гэж хэлэх шиг
Хавар болдог

Цэнхэр яргуй ургасаар
Чи надад эрхлэх шиг
Хавар болдог

Наран дотроос тогоруу асгарч
Нагацын минь охид тоглож гүйх шиг
Хавар болдог

Хөөрхөн охин
Хөмсөг зангидан бодлогоширч
Хавар болдог

Охидоор гоёсон дэлхий хайрандаа цэнхэртэж
Орчлонд ингэж хавар ирдэг ээ
***

Намар

Хөмсөг нүд болсон охид
Хүрээ газар одоод
Хүнгүй голын ус нь
Хүйтрээд
Намар болох нь ээ

Хун цэн гунганах нь ихсээд
Хулс зэгс гунхах нь ихдээд
Хуучин хөх тэнгэрт
Хуралдах үүлс цөөрөөд
Хурим найрын сураг
Хошуу нутгаар нисэлдээд
Намар болох нь ээ

Гол руу цувах адуу
Усанд зогсох нь ховордоод
Гоо охин ирж
Үсээ угаахаа болиод
Намар болох нь ээ

Зарлан авсан хөвгүүд
Айраг исэх шиг давхилдаад
Зайгүй бодох сэтгэл
Амьсгал дээрдэн догдлоод
Намар болох нь ээ
***

Гүйгүүл адууны хөл доор
Өвсөн толгой гэрэлтээд
Гүн шөнөөр уйлах цэцгийн дуун
Сайхан үнэр болоод амт нь
Судар номонд ч дурсагдахаа мартагдсан
Суль өвсний дуулалд нэгдэнэ

Үүрээр орсон бороонд
Үргэсэн морь шиг хульжсан нойр
Үнсээд сэрсэн зүүдээ
Үргэлжлүүлэх гэж нүдээ анихад
Үлээвэр хөх салхи
Үе үехэн жимбүүрдэнэ

Зүүрмэглэх төдийд нэгэн эрвээхэй
Хацар дээр буухад цочин сэрээд
Зул мэт гэрэлтэх суль өвсийг
Зүүн гартаа өргөж чамайг угтахаар босном
***

Сартуул нутгийн хөөрхөн сэвгэр
Сарны доор гуниглаад байна
Хүнгүй голын намуун урсгал
Хүний хэлээр аргадаад байна

Цагаан бугын урамдаа
Янагийн дуу шиг сонсогдоод байна
Цастын залуу найрагч
Явуугийн сүнс шиг санагдаад байна

Өгүүллэг

Г.БАДАМСАМБУУ


  

ЯВНА


Нотеr sотеtimes nods
(Англи мэргэн vг)

       Солиотой юм бодож оллоо. "Ямар нэг нууцлаг санаа энэ өгvvлбэрт агуулагдаж уу, vгvй юу". Дахин дахин хичээгээд барсангvй. Нуумгай далд нь алга гэхээр байгаа шиг, байна гэхээр болж өгөхгvй тийм нэг арга барагдалт намайг залхааж байлаа.
       - Эзгvй талд өгөр сvм сvvхийж, дотор нь хуучин торх бий... Тэр зvг очих ёстойгоо би аль намраас хойш санаж байв. Yvдний цаана өнөөх муу гитар бас л зvрх зvсэж, утасны нь чичрэлт нvдэнд харагдан хир, шарханд баригдсан хар гараар нvдэх сонсдоно. Энэ хар гарны эзэн царайлаг хөвvvн бий. Уранхай хуучин хувцсаа солиход л зээрэн хөлт охид сөхөрч, тэгшхэн мөр, нvднийх нь харцанд vнс нурам болно вий гэж бодогдоно.
        Зөөлөн сарны дор чамайгаа...
        ........................................... уйтай...
      гэж дуулаад тvргэнээр дуржигнан
       Төмтөмөрхөн хаалганд чи минь хоригдож сууна уу
       Тvвшин сэтгэл зvрх шаналгаж байна уу
       Тэргvvн жаалхан бvсгvй
       Тэргэл долоон өвгөн шиг тэртээ гvнээс гэрэлтэнэ ... гэж утга холиосон vглэл давхцаа дахилтаар тэр дуурхуу юм дуусна ...
       Найзууд нь ирэв бололтой. Хөхрөлдөөд дараа нь тэд яваад өгөв.
       Гитар холдож тэртээ цэцэрлэгийн гvнээс сонсдоно. Хөвгvvд тамхиа ээлжлэн сорж, хэн нэгэн охины тухай ярингаа догирхон хөхрөлдөж байгаа нь лав. Тэгээд л "Төмтөмөрхөн хаалганд..." дуулцгаана. Муу элэгдсэн гитар нь чичрээд, бvрээс нь салмарсан гуравдугаар утас сийгэж байгаа даа. Дуулцгаахыг, надаас Энн Ветемааг гуйсан охин шиг харцтай нэгэн бяцхан гоо амьтан гадаа зогсоод ч юм уу, нээлттэй цонхоор тормолзон сонсож байж магадгvй. Охин vнэхээр хичээвэл гуравдугаар утас, хар гар хоёрыг илvvтэй ялгаж мэдрэх биз.
      Би дахиад л нөгөө өгvvлбэрийг санаж эхэллээ. Биенийх нь галбирыг дvрсэлснээс vзвэл уг өгvvлбэрийн баатрын хуруу нь сvмбэн цагаан биш, vений арьс олон нарийн судалтай тийм ч сайхан гэхээргvй, хумсаа байнга засдаггvй, гарын ар нь vе vес тодрох том судастай баймаар аж. Яагаад гарны тухай бодсоноо ойлгосонгvй. Яг өмнө минь дэнгийн гэрэлд туяарах хундаганы шилбийг имрэн эргvvлж байгаа хvvхний гарыг хараад тэгж бодов уу, яав. Гуйвж дайвсан, гэхдээ эрvvл сэтгэхvйтэй хvний хуруу л ийм байдаг байх. Сvмбэн хурууг нь хараад дурлам энэ бvсгvйд одоо нэг л хөндий хандмаар санагдаж байна. Зөрөхдөө, яасан гоолиг шилбэ, тэгшхэн гуятай вэ гэж тоомсоргvй бодсон минь одоо ингэхэд хуруутай нь адил байж шvv.
      
       Энэ өгvvлбэр! За энэ муу өгvvлбэр ч яахав. Дайсагнасан ч юм алга, гэхдээ өгvvлбэрхэнээс залхах, өгөр байшингийн хуучин торхыг бодох хоёул хvнд төвөгтэй байв. Эрч хvч минь өнөө гитарын гуравдугаар утас шиг сөөнгөтөн доошилж, тасарч чадахгvй зунгааралдаж орхих шиг болов. Энэ зунгааралдам намайг торгоон хvлж, аль намрын торх руу явуулахгvй байсан болж таарах шиг. Ер нь л эрт урьдын юмс холилдож самууран будантана. Хундаганд тусах туяа, шарзны улбар өнгөр рvv хvvхэн талимаатан ширтэнэ. Учир дvрсгуй энэ улаан туяанд зэвvv төрөх шиг. Уг нь бидний яриа яв цав нийцэж байлаа. Тэгснээ хvvхэн дvнсийн бодол болж, би халааснаасаа тэр золигийн туужийг гаргаад мөнхvv өгvvлбэрийг жигтэйхэн шунагаар нухаж эхэлсэн болой.
      "...Гоо сайхныг бишрэгч өвдеж, тэгээд гоо сайхныг бишрэгч маань төдий л гоо сайхан биш өвчнөөсөө болж шанална. Гоо сайхныг бишрэгчийг эцсийн амьсгалаа хураах гэж байхад гоо сайхны хий vзэгдэл vзэгдэж, гэвч гоо сайхныг бишрэгч маань тун чиг эвгvйгээр гоо сайхан бишээр нас барна... " Ядуу, гэхдээ бvр нэг над шиг ядуу хоосон өгvvлбэр юм гээч. Тийм хирнээ тээр дээрээс ихээ додигор номлож, дэндээд тархи толгой руу чичилж байх шив.
      Аль эрт хуучин туужаа дуусгаж, бас энэ золигийг өгvvлбэр бvрээр нь махран шинжлээд амжсан бол эзгvй тал руу шуугин одмоор байлаа. Шарзны дургvй хvргэсэн улаан туяа, надад хөхvvлж буй азтай янжуур хоёр хормын төдийд дуусаж гар минь хvvхний өвдгөнд "зочилно" гэдгээ би гадарлаж байв.
      - Чи яваад маргааш ир! Тэр над руу харлаа. Yг хэлж, дуугарч, ярьж байх шиг ингэж ширтдэг хvн гэж байх уу даа. Тэр ярьж гарлаа. Уйтгартай. Уярангуй өгvvлнэ. Дальдрах ч vгvй. тэгээд ширтээд хөшиж орхихгvй. Тийм атлаа харцаа салгахгvй "ярина". Заримдаа нvд нь шvvрс алдрах, эсхvл дуу алдах мэт болно. Яагаад энэ нvд эрх мэдэл, янаглалд тэмуулэмтгий харагддаг юм бол. Уг нь тийм бишсэн.
       Ган сэрээнээс гэрэл ойж алтан сондорт тусна, Дицний туяа л нvдэнд минь илvv хурц өртөж байж магад. Ухасхийн тvvний хvзvv руу дайрлаа. Сондорыг барьж, гэрэл ойлгож vзэв. Дицний туяа л баймаар санж. Тэр гайхсангvй. Хааяахан гялсхийх миний цочмог бодлууд, эмх цэгцгvй дотоод нисэлтийг мэдэж дасчээ. Yйлчлэгч таваг, сэрээ хуваахад гэрэлтэгч сэрээ хамт одлоо. Дахиад л хэн хvний ам руу энэ усан төмсийг шидэж, нэгнийх нь нvд рvv гэрлээ харвах байх чөтгөр чамайг. Хөөрхий сэрээ хvртэл гэрэлтэх vе байдаг.
      - Ямар тодорхойгvй юм бэ? Бид хаашаа явах болж байна? Маргааш хэдэн цагт, хаана? гэлээ.
      - Өгөр байшин-сvм рvv ... чамайг аваад явъя ... Нvдээрээ яриснаа, тэр залгуулан чимээ тасрав.
      "Тууж дуусаагvй, шинжлэх өгvvлбэр бий" гэж тархи дvнгэнэнэ. Толгойгоо сэгсрэхэд дvнгэнээ зогсож, нvдээ анивал уураг тархи хөдөлгөөнд өртөх шиг болно. Шархиран хөдөлж, хоосон зайг нөхөж алдан мөлхөж байгаа дуулдана.
       За болъё. Дахиад гитар ойртож, хар гартай vзэсгэлэнт хvv дуулж эхэллээ. Тэгшхэн мөр нь ганхаад л. гитарынхаа ишээр нөгөө сөлөр найзыгаа ялимгvйхэн ёвросхийгээд дуулж байгаа. Алхаанд нь Улаангомын шороо босоод, харанхуйд тоос vнэртэхээс бус бужигнан дэгдэж байгаа нь шөнөөр харагдахгvй. Хаа нэгтээгээс гэрэл гялсхийлээ. Гудамжны vзvvрээс тэрэг ойртож явна.
      Хөвгvvдийн хөлөөр босох тоос алтран мушгирч өөд тэмvvлнэ. Хөшигний завсраар би тэднийг зvрхшин байж харлаа. Зоогийн газрын энэ аюумшигтай нам гvм нь сэтгэл санааг vмхлэн залгиж байв. Бvр уйдаж орхив. Гэртээ оруут л нэг зовиуртай шаналгаа vvсэж тоосонд дарагдсан номууд, хуучин гар бичмэл, Достоевскийн эрvvл бус нvд хурцдан угтана. Энэ нvдэнд бяцхан Неллиг тачаадан илэх шид байсан гэдэг. За. за энэ хөрөг ямар хамаа вэ? Хамгийн доод талд буй зузаан ном бол "Дэлхийн ард тvмнvvд". Манай цаатан мэт мөхөж баларч буй vндэстэн хэд байгааг дурдсан нь ямар ч vнэмшил төрvvлэхээргvй судалгаа. Учир нь эхний зуун суутны дотроо ялих шалихгvй хvмvvсийг оруулсан хирнээ Чингис хааныг мартах чинээний "судлаач" энэ баларч буй vндэстний тухай бичсэн бол би яаж дахин хорсох болж байна.
        Хvvгийн дасал болсон гитар сонсдоно, Гэрийнх, эсхvл зоогийн газрын алиных нь хаалганы цаана дуулахыг ялгах гээд огт болж өгсөнгvй. Холдож явсны дараа санаа алдаж. цонхоо онгойлгохоор босоод гэнэт цонх алга болсныг vзэв. Саяхан хааж орхисон цонх хаашаа нисчихдэг байнаа. Ойлгосонгvй,  Би зоогийн газрын танхимд зогсож байна гэж vv?! Гэртээ уйтгарлан бодож байсныгаа энд vргэлжлvvлэхдээ зоогийн танхимд ирснээ мартагнаж, дараа нь хоосон хана руу цонхоо тэмтэрч vзжээ. Энэ янзаар бол би удаан амьдарна гэж vv. Заримдаа ярилцаж буй андыгаа мартаж, өчигдөрхөн унтсан бvсгvйн гар ийм хатуу ширvvн байлуу гэж эндvvрдэг гээч.
       - Энэ хvv сайхан хоолойтой юм... Би сэрхийн бvсгvйн нvд рvv харлаа.
Тэр инээмсэглэж :
       - Тэгээд бас гунигтай дуу нь надад их дотно санагддаг гэж vргэлжлvvлэв. Би тvvнийг гайхан ширтэнэ. Бас л адилхан дотно санагддаг байх нь ээ. Тэр vvнийг хэлэв vv, эсхvл харцаараа өгvvлэв vv, ялгаж салгахын тулд;
       - Тийм шvv. Тэргvvн жаахан бvсгvй тэргэл долоон өвгөн шиг. . гэж дуулдаг хэмээн би дэмжлээ. Гэнэт зоогийн танхимын адар тачигнан цуурах шиг болов. Би цочин ухасхийхдээ хундагатай дарсыг тvлхэж орхив. Бvсгvй тийнхvv хачин хурцаар тачигнуулан инээхдээ миний цочоод тайтгарч чадахгvй байгааг минь дөнгөж сая анзааран:
       - Танд дуу чимээ их төвөгтэй санагддаг уу гэв. Тэр яг өөр шигээ гавшгай инээдтэй. 
       - Yгvй дээ, vгvй гэх vv дээ.
       - Тэгвэл таны цочсоны vр дvнд би ийм явах болж байна уу?         
      Даашинзныхаа улаан толботой хормойг надад харуулав ... Тэр дахиад харцаараа ярьж эхлэв.
       - Та маш тааруухан зохиол бичих юмаа ... гэж хоёр жилийн өмне нэгэн гялалзсан зангиатай эр энэ ширээн дээр суухдаа хэлж билээ. Хvнд лагс тvvнийг сандал нь даахгvй бяцарч чимээ шуугиан мандах вий гэхээс дотор эвгvйцэж байв. Тэрбээр социализмын мяндагтны цэвдэг намбыг vлгэрлэснээ:
      - Зарчмын хувьд зохиолч нь ... гэлээ. Миний инээд хөдлөв.
     Гудамжинд бороо нэвсийнэ. Гvзээрхэг эр, за тэгээд уйдаж суугаа vйлчлэгч, биднийг ажих залхуутай нvд, vдэш... Энэ бvхэнд би ерөөсөө элэгсэг хандаж чадахааргvй боллоо. Сайн, муу зохиолыг ялгахааргvй жирийн "гялгар зангиа" - д би толгой дохих гэж vv. Гайгvй хэвтэнэ ээ. Одоо чинь тэгээд "ерийн нэг гvзээ" хvртэл тууж судалж, яруу найрагчийг ''зарчмын хувьд" дvгнэх болоо юу даа. "Шизо ... шизо" гэлцэх шив. Миний эргэн тойронд яруу найрагчийг тэгж ойлгох, яруу найргийг тиймхэнд vнэмших нийгмийн ухамсрын боолууд vр төлөө өгч, сааль сvvгээрээ цатгалдуулах болов. Тэдгээр "боолууд" урлаг, гvн ухааныг баримт, орчин цаг хоёроос дортуулж итгэдэг нь иргэншилдээ мөхөж буй өнөөдөртэйгээ давгvй зохицдог. Тэд бодитой сэтгэж байгаа ажээ.
       “Гvзээ" - гээс надад олон ном айлдав, Эцэстээ "та ч сайн зохиолч шvv" гэдэг байна. Миний нэгээхэн ч зохиолыг уншаагvй байж ийн дvгнэх нь гайхмаар юм биш. Зохиолын минь сайн мууд хvмvvс эргэлздэг байвал харин би зөвшөөрнө. Гэтэл энэ "зангиа" эргэлзэж чадахааргvй нэгэн бегөөд өнөөх сандлаа шажигнуулан дотрыг минь муухай оргиулангаа өмнөх дарсыг минь алавхийн шvvрч хөнтрөөд, уйтай борооны тухай бодолд минь дайсагнан, тэсгэл тэвчээрийг хэмлэж, байж суухын аргагvй болгов. Хэмлэх гэснээс гитар тоглогч ялдам хөвvvнд миний зvрх зvсэгдэж, тэр хөвvvн ч байдал төрхөөрөө намайг амьдаар нь устгадаг билээ.
         Миний нэг туужийн баатар (миний ...  минь гэж олонтоо дурьдаж байгааг уншигч ахай өршөөнө vv) зvрхний шигдээсээр нас бардаг билээ.
         Хоёр жилийн өмнө эмнэлэгт хэвтэж байхдаа би залуухан бvсгvйтэй танилцав. Мэс заслын оёос илаарших төлөвтэй болж бие хөнгөрөн, тэр бусгvй өдөрт хэдэн удаа манай тасгаар орж гарна Тvvнийг хvнд мэс засал хvлээж байлаа. Өвчтөнvvд бидний харьцааг гайхна. Эмнэлгээс гарахын урьд шөнө байж билээ. Шөнө дунд хэн нэгэн нь хөнжлийн сэжvvрээс татаж сэрээв. Бvсгvй инээмсэглэн:
        - Уучлаарай. Чамайг манайхан урьж байна гэлээ. Дээд давхар өөд тэр гараас хөтлөн өгсөв. Амар тайван байлгаагvйд өширхсөн шарх минь намайг гэнэ гэнэхэн хатгаж тохуурхана. Явсаар тасалгаанд орсон нь тэргэнцэртэй өвчтөн зэргийг зөөдөг цахилгаан шатчины амралтын өрөө байлаа. Мэс засал хийлгэсэн, хийлгээгvй, бас бvгдээрээ амьд vлдэхийн тулд хувь тавилангаа царайчилж байгаа өвчтөн эмэгтэйчvvдтэй уулзаж ярих юм бодож байв,
        - Энэ сvvлчийн шөнө байж магадгvй
        - Юуны ...
        - Өглөөгvvр би хагалгаанд орно. Эмчилгээний vхлээс буцаж ирж чадах болов уу!? Тэр өрөө нэг л хvйтэн салхилж байлаа
        - …
        Бvсгvй гарыг минь хоёр алгандаа хумьж элгэмсvvхэн атгасаар, сvvлдээ мөр нь алгуурхан чичирч эхэллээ. Тvvнийг энхрийлэх санаатай суух гэхэд боолттой шарх минь дахин хvчтэй өширхөн хөндvvрлээд би дуу алдахгvйн тулд шvдээ тас зуув. Тэр золигийн оёосыг уураг тархи минь харааж байсан байх. Тvvний бэлхvvсээр тэврэн, дvрэлзэн улайсаж буй биедээ шахав. Мөр нь чичирч байна гэж бодсон, харин тvvний бvх бие, бараг эд эс бvхнээрээ тэсвэрлэшгvй ихээр дагжин салганаж байв. Хvсэл минь намсхийн:
        - Би одоохон... одоохон эмч дуудая... гэтэл
        - Yгvй, vгvй... гэж ухасхийн сандраад "би чиний тэврэлтээс айсандаа л ..." гэж яаран өгvvлэв.
        Харанхуйд тvvний бие цайрч, нуруун дээгvvр минь урт хөлөө тохоод, адтайяа шvvрс алдана. Цагаан өмсгөлт санагдана. Өглөөгvvр тамирдсан амьтан тэндээс гарч явахдаа дур булаам инээмсэглэлээр vдсэнийг бодож байв. Гэнэт сэрхийлээ. Инээмсэглэл биш бvсгvйн зvрхэн тал нь тас хөрч, гарын алга руу сэрvv татаж байсныг арай чамай ухаарлаа. Шат уруудан дайвж, ягааран эргэж эхлэв. Би харанхуйтан эмгэнэж байгаа хэрнээ хамаагvй хөдөлж шархаа хөндчих вий гэхээс айж: vvнийгээ мэдэрч байлаа. Тиймээс өөрийгөө аятайхан энхрийлсээр өрөөндөө тэмцэж ирэв. Өвчтөнvvдээс хэн нэгэн нь бvхнийг тодорхой мэдэж байгаа гэж бодов.       
        Хоёр хоногийн дараа даруухан оршуулгын төгсгөлд би явж байлаа.      
        Эзгvй талын гvнд эвдэрхий сvм. Тэнд шалнаас доош ухаж суулгасан торх бий. Хvv минь заавал очоорой. Эрдэмд чинь тус болох вий … Өвген ламын захиас шанаа руу лугшина. Нууцгай юм олох гэж махарч буйг эртний туужид өгvvлсэн нь тэрхvv талын сvм байж болох юм гэдэг сэжиг намраас төрсөн тул удтал оролдсоор байгаа билээ. Заримдаа яах гэж энэ золигийн өгvvпбэртэй зууралдаад байгаагаа мартаад, зvгээр л учир дvрсгvй шинжлээд байдаг дадалтай болчихдог асан,
        Гvзээрхэг эрд шvvмжлvvлснээс хойш би өөрийгөө хардах болсон билээ. Өчнөөн шvvмжлэгчдийг өшиж, ор тас тоогоогvй мөртлөө бvр хожмоо тvvнд бууж өгчих гээд байх болсон билээ. Заримдаа зохиолорхуу юмаа орхин хээр талд очиж, алт эрдэнэс байвал авчирч баяжаад тодорхой ягаан уруултай, бас жимийх шугам нь тэгш, эсхvл хөөрхөн нvдтэй бvсгvйг дур зоргоороо эдлэхсэн гэх, эсхvл өдөр шөнөгvй ажилласаар бөхөж буй тархи мэдрэл, бие махбодио амрааж, унтах идэхийг чинээнд нь тулгаад vзэхсэн, амарч тайтгарсны дараа би гэдэг хvн ер нь ямаршуухан болдогоо нэг харахсан гэх зэрэг зугаатай бодно. Санаа тайван амрахсан гэх зvvд ч, хvсэл ч гэмээр нэг vйлчлэл надад байнга зvvгдээстэй явна.
        Бvсгvй миний гарыг хамгийн дуртай газраас минь холдуулж хөхөн дээрээ тавиад:
        - Чи дахиад л унтлагын өрөөг минь хvсээд эхлэв ээ дээ гэлээ.
        - Yгvй, чи надад саад болохгvй байсан нь дээр. Дэн ч унтарлаа. Одоо яв.
        - Тэгээд? над руу нvдээрээ ингэж асуулаа.
        - Маргааш. Талын сvм рvv явна. Yvрээр.. ямар ч байсан чи галт тэргэнд суугаарай. би чамайг тэндээс олно.
        - Тэгье дээ ... Бvсгvй хаалга руу эргэхэд атаархал хөдөлнө. Эр ч бай, эм ч бай ч бай хамаагvй, иймэрхvv vзэсгэлэнтэй төрөхсөн .. Дахиад л өөрийгөө гоочлоод эхлэв. Болъё, чи минь.
        Харихаар бослоо. Хэдэн сар тээр болсон эртний туужийг тэртээ булан руу нисгэж орхив. Хогийн савыг онох дуулдана. "За баяртай. Надад саад болохоо төгсгө, өтөл тууж минь. Өвөл, та хоёрыг мартая..."
        Энд ирэхдээ бодож олсон солиотой санаагаа мартахаар шийдлээ. Араас гарч ирсэн хоёр vйлчлэгч тvлхvvр, цоожоо жингэнvvлэн зоогийн газрын хаалгыг тvгжих сонсдоно.
        Заримдаа яг там шиг санагддаг харанхуй орц руугаа орж ирэв. Тэмтэрч явтал хөлөнд модорхог хөндий чимээ, хамтад нь жинхийх танил дуу гарахад зvрх хаагдчих шахав. Хөлс асгарч эхэллээ Цааш алхах тэнхэлгvй боллоо. Хамаг халаасаа урчих шахан сандчин ухаж; хана тvшин тэнцээд гар чийдэнгээ салгалан хайв. Энэ танил дуунаас би бараг л vхэтлээ бишvvрхэнэ. Энэ бол мөнөөх гитарын дуу. Гэрэл асаалаа. Хана тvшин суулаа ... Ухаан мэдрэл минь надад захирагдахаа больжээ. Хvvг сэрээж, гэртээ орохыг урьж, бас энхрийлсэн vг хэлж байгаагаа би зогсоож чадахаасаа өнгөрчээ. Хvvг дайртсан хар гараас нь дотноор хөтөлж, зогтусан цахдахад нь дугтчин чирэх шахам шаардаж, өөрийн огтоос хvсээгvй юмаа би хичээнгvйлэн хийсээр байлаа Тусгай цахим хөтөлбөрөөр зvрхийг минь удирдаж байгаа санагдана.
      ...  Хөлсөө асгаруулан халуун хоол идэж байгаа хөвvvнийг ажиж суулаа. Энэ хөвvvн миний туужийг уншсан байх гэж надад бодогддогоос болж би айн ширвээтдэг байв. Учир нь уг туужийн гол баатар эмэгтэй зvрхний шигдээс өвчнөөр нас бардаг нь хожмоо тvvний ээжийн vхлийг нэг бvрчлэн ёрлож бичсэн мэт болчихсон билээ.
        Yхлийнх нь урд шөнийг би тvvний эжийтэй өнгөрvvлэхдээ мэс заслын шархны боолтоо цусанд нэвтэртэл хөндөж. учиргvй ялдам нийцтэйг нь санаандаа хадаж vлдсэн билээ. Хоёр хоногийн дараа тэр бvсгvйн оршуулга- даруухан цувааны төгсгөлд явахдаа энэ хvvг анх олж харсан юм. Хvv гашуудан авСНЫ ирмэгээс тас зуурч. огт ухаан мэдрэлгvй болсон харагдав. Дараа нь дахин сэхээ оруут, оршуулгын шаварт цутгуурыг тархиараа саван цохиж тэсэхvйеэ бэрхээр багтран харуусав. Би ч чичрэн уйлж, хvмvvс бvгдээр хvvг яахаа мэдэхгvй, барьц алдацгаана. Оршуулгын vеэр маш богинохон агшинд тэр хvv над руу цоо ширтэв. Би царцаж орхилоо. Бодвол, сvvлчийн удаа эжийтэй нь цэнгэл эдэлснийг мэдээгvй байгаа, эсхvл ийм vхлийг тууждаа бичсэнийг олж уншаа болов уу гэх зэрэг ямар нэг ял гэмтэний сэтгэл зvй тархинд бvрэлдээд аймсан дальдчиж, тэр бvхэн минь тэгж агшин зуурд намайг .царцааж орхисон байж магадгvй. бvv мэд. Тэргэнцэр өвчтөн зөөх .., цахилгаан шатны өрөө! Тэнvvлч хvvгийн гитар дуугарах бvрд зvрх зvсэгдэх болсны учир ийм байв.
       Ээжийгээ нас. барснаас нэг их удалгvй хөвvvн тэнvvлч болов. Гудманд би тvvнийг таних боловч тэр намайг танихгvй.
       Толгой, зулай руу шатав. Чамархайд хурц өвчлөл хуралдаж, чинэлдэн томорно. Учраа мэдэхээ байж, амралтын ууланд яг иймэрхvvгээр тамирдаад ирж билээ. Нурмайж орхиод байтал нvдэнд гэнэтээр гэрэл тусах шиг болоход давхийн өндийвөл гэрэл бус, харин бараг л тэгж санаж болохоор гялбаасан цагаан хvн дэргэд минь тулаад ирэхийг vзэв, Хvvгийн гайхах нvдийг анзаарах зуураа толгойныхоо өвчлөлийг, бас ч зvгээргуй эртний дурсамжтайгаа хольж хутган сэргээгээд тvvндээ яльгvй сатаарсанаа хожим нь би маш удаанаар нэхэн бодож, хайж байж олсон билээ. Сатаарсанаа олох vед минь хуучин сvм, торхны адалт тvvх өндөрлөсөн байв... Аль хэдийнээс энэ цагаан өмсгөлтэй хvнийг би алмайран ажиж, байсхийгээд л цонхоор ширтэн, итгэлгvй ноомой зангаа буруутган гутарч байж билээ. Гэнэт тулж ирсэн тэрбээр инээмсэглэв. Тас харанхуй байсан тул тvvний инээмсэглэхийг олж хараагvй ч тэгж санагдав. Хожим нь би vvнийг хичээнгvйлэн, их л ажил хэрэгчээр лавлахад инээмсэглэхэд нь би бvсгvйд найр тавих ухаанаа олохгvй өөдөөс нь хуурмаглан дохилзож, намайг зорьж ирснийг нь хангалуунаар мэдрээд их л додигорсон, дотроо асар хурднаар хөөрхийлэн таалж, сэтгэлдээ илбэж эхлэв. Yvнээс нэг цагийн дараа би галзуурч, төдөлгvй өөртөө итгэлтэй, омгорхог болж орхив. Тэр гайхамшигт эмэгтэй чихний минь омгийг халуун хэлээрээ оролдож, би хариуд нь галзууран дайрав... Өөртөө гологддог турьмаг байдал төрх минь, хөмсөг төдий нvvр царай минь огтоос нөлөөлсөнгvй, харин тэр намайг хvсэж байжээ. Энэ цагаас хойш би ямар ч гоо vзэсгэлэнт бvсгvйтэй хурьцах буй гэж итгээд, нэрэлхэн хулмазахаа гээж эхэлсэнсэн. Хvvгийн гайхшрал нь бодол тасалчих гэж тээр болно. Гоо vзэсгэлэн, дур хvсэл хязгааргvй бөгөөд энэ нь жижигрэн дордохдоо ч бас хязгааргvй аж.
         Бvсгvйд галзуутан шунаглуут тархины өвч хууч амсхийн, дахин сэргэлгvй арилж одов ... Харин, өнөе шөнөдөө бол эмнэх аргагvй Магнайгаа даран шаналахад шир ширхийн судасны хөдөлгөөн алга руу цохилно. Бараг л сонсдож байна шvv. Хvv гайхан гөлөрсөөр... Тэнvvлчний бараг дуу бvрийг би цээжилчихсэн билээ. Тvvнээс нэг зvйлийг гуйх ёстой байв. Одоо архи гарчээ. Маргааш талын сvм рvv явна. Босож, хуучин царил, ангийн хутгаа авчрав. Хvv гайхан харна. Тvvний уруул надад жигтэйхэн танил байв. Яг энэ уруулыг эмнэлгийн орон дээр озож байсан билээ. Гэтэл одоо мөнөөх уруул эрэгтэй хvнд харагдаж байгаа нь сонин.
     Нямбайлан бэлтгэсэн дулаан хувцас, шинэ цамцнуудыг гаргаж тавилаа. Одоо нэг зvйлийг санав.
     - Миний дvv өө!
     - Аан
     - Чамаас нэг зvйл гуйя
     - Тэг л дээ...
     Би гуйх гэснээ тvр больж:
     - Бушуухан усанд ор. Онгоцонд ус дvvргээд тавьчихсан. Энэ алчуур, саван ... гэж хэллээ. Хvv гайхан харна. Тэгснээ нvд нь хурцдаад ирэв, Дотор палхийлээ.
     - Та яах гэж надаас ийм юм хvсээв? Би хэнд ч хэрэггvй, нvдний булай болоод байгаа ш дээ. Гэтэл та ийм нэр төртэй хvн байж над шиг худалч.хулгайч, гуйлгачин ноорхойгоор яах гээв ... Танд ямар нэг дараа дутаа юу. Яасан  жаргалтай хvн бэ. Над шиг хог новшийг тvvж хооллож, өөртөө төвөг  удаж байдаг. Жаргалаасаа уйдаа юу. та надаар яах гээв  Ийм сэтгэлтэй хvн байх, та надаар даажигнаж байна уу?... Хvv бараг хашгичиж байлаа. Тэр маш нэрэлхvv, бас тэгээд увайгvй байдлаасаа санаа зовдог, хvнд төвөг удахаас айдаг ажээ. Би тайтгарав. Ээжийнхээ тухай ярих нь гэж санаад vнхэлцэг хагарчих шахав.  Хvvд гэнэтийн халамж нь огт ойлгомжгvй, өөрийг нь тохуурхан хуурч, доромжилж байх шиг санагдсан уу.  Энэ бvхний цаана ямар нэг итгэмгvй, нууцлаг юм бий гэж бодсон уу.
      Хvv гашуудан уйлж vсээ vгтээв. Тэгэхдээ, одоо ямар нэг баяр талархалтайгаар уйлж байж ч болох юм. Ширээний өнцөгнөөс зуурсан нь яагаад ч юм мөнөөх авсны ирмэгээс зуурч байхтай тун адил vзэгдэнэ.
Би тvvнийг тайтгаруулж ядан "Усанд орж биеэ цэвэрлэ. Хувцсыг чинь угааж өгнө" гэв. Хvv өөрийнхөө хир даг болсон байдлаас зовж, манай өрөөний цэвэрхэнээс гэрэвшиж байгааг би ойлгов.
      Тvvнийг ятгаж дөнгөлөө. Одоо тэр усанд орж байна. Угаалгын өрөөнд усыг болгоомжтой бага багаар гоожуулах сонсдоно. Хаалганы завсараар харвал тэр хир тоосонд баригдсан биеэ угааж, тэгэхдээ мэлмэрvvлэн уйлж байв.
         Хуучин муу хувцсыг нь бөөгнvvлэн авч би гадагш гарлаа. Дараа нь хувцасны дvрэлзэн шатаж буйг харж зогсохдоо өөртөө эргэлзэж, яагаад ийм юм хийгээд байгаагаа сайн сэхээрч чадахгvй хvлгэлзэнэ.
        Нийлэг хувцас хуниран шийхтнэж, ямар нэг адгуусны тэмцэл, аймшигт хашгичааныг орлож, гэхдээ цөхрөн тасарч халуун галд дийлдэнэ vv гэлтэй болно.                                                                                                                                 
        Буцаж ирэхэд хевvvн угаалгын өрөөндөө чармай нvцгэн ичингvйрэн хvлээж байв. Туранхай нvцгэн хөлний нойтон мөр шалан дээр vзэгдэнэ.
        - Чи хувцсаа хайгаа юу?
        - Та хааш нь хаячих ваа. Тэр чинь надад хэрэгтэй шvv дээ.                
        - Алив гараа vзvvл … хvv гайхан алгаа дэлгэв.
        - Yгvй ээ, гарынхаа арыг!
       Тvvний хар гар угаагдаж, сайр нь арилжээ. Бугласан шарх нь цэвэршжээ. Эмийн савнаас би самбай, ариутгагч гаргаж ирлээ. Хуу цэвэрхэн, ер бусын болжээ. Гялтганах шийдэм далайхыг мэдрvvт би гавшгайлан бултав. Цонхоор гэрэл гялсхийхэд дальдчин сандарчээ. Дахиад л эндvvрсэндээ зовиноод, зvрх эрх чөлөөт болж эхлэв.
        Би тvvнд нямбайлан эвхсэн дулаан хувцас, шинэ цамцнуудыг өмсvvлэв. Сэтгэл онгойгоод ирлээ. Одоо л хvvгээс гуйх зvйлээ хэлэх хэрэгтэй болов.
        - Дvv минь, чамаас нэг зvйл гуйя. Чи биелvvлж чадах уу... Хөвvvн инээмсэглэснээ (их л танил инээмсэглэж байв):
        - Надаас юу гуйх билээ дээ. Гэхдээ би танд бvх чадлаараа тусалж чадна.
        Би хундагатайг авч хөнтөрлөө. Дахин нэгийг хоослов.
        - ... Зөелөн сарны дор чамайгаа ...
        - Миний дуулдаг дуу
        - Тийм ээ, чи энэ дууг хэзээ ч дуулахгvй байж чадах уу?
        - Дуулахгvй байх нь танд чухал гэж vv?
        - Тийм ээ
        - Яагаад?
        - Тэгье дээ ах минь, амлая би дуулахгvй. Гуйх зvйл тань ердөө л энэ vv?
        - Тийм ээ
        - Би дахиад дуулахгvй ээ
        Энэ дууны аяыг би хvvгийн ээжийгээс сонссон тул дуулах бvрд сэтгэл урагддаг. Тэгээд л зовлонгоо байн байн сэдрээж байхгvйн тулд..
        Гэнэт хvv vvд рvv ухасхийлээ. Замдаа муу гитараа шvvрээд авав. Би ч шалавхан хөдөлж тvvнийг зогсоов. Цонхоор vvрийн гэгээ татна.
        - Дvv минь, чи энд амар ... Хvv гайхан харж байлаа.
        - Чи энд байх ёстой. Би өнөөдөр тал нутаг руу явна. Хэд хоногийн дараа ирнэ. Мөн энэ тvлхvvр. Чи энэ гэрт эзэн шиг байгаарай ... Тэр огт хөдөлсөнгvй.
       "...Төмтөмөрхөн хаалганд чи минь хоригдож сууна уу Тvв тvвшин сэтгэл зvрх шаналгаж байна уу тэргvvн жаалхан бvсгvй тэргэлд долоон өвгөн шиг тэртээ гvнээс гэрэлтэнэ..."
* *  *
         Энэ цагаас хойш урт хугацаа өнгөрчээ. Хэдхэн мөчийн дараа би хуучин царил, ангийн хутга, аяны хvрмээ авч гарснаа санаж байна. Хvv унтаж байлаа. Тэртээд галт тэрэгний дохио хангинана. Yvрээр, цэцэрлэгээс заримдаа гитарын өнчин дуу сонсоддог байж билээ. Хотод орь ганцаараа, эсхvл эзгvй тивд яваа шиг эл хуль! Гудамж, гэрлийн тулгуур, хаврын vнэр...
         Эрхэм барилга, эрхэмсэг талбай, ноён улиас, хатагтай сандал минь ээ! Та бvхэн зохиолчийн шинэ эргэлтийг vзэх болно доо гэж би дотроо шазруунаар бодон, өнгөн дээрээ тэдэн рvv найрсагаар мэхэлзэж байсансан. Тэгээд "3өөлөн сарны дор чамайгаа" - г санан алхаж явлаа.
1995 он

(Нийт: 188)